
Стратегийн ордын нэгээхэн хэсгийг хорын аргаар өөрийн болгосон “Aspire mining” компанийн хувьцааны 18.52 хувийг УИХ-ын гишүүн асан Х.Бадамдамдингийн хүү Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал, АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүвшин болон “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ нарын нөхдүүд хувьцааг нь эзэмшдэг гэх мэдээлэл байдаг. Энэ нь тус компанийн ард улстөрийн нөмөр нөөлөг байж ирснийг илтгэж байгаа юм.
Тодотгоход, “Хургатай хайрхан” компани одоогоос 7 жилийн өмнө Могойн голын ордын 9350 га газрыг хэсэгчлэн авч, улмаар Ашигт малтмалын газрын нөхдүүдтэй сэм тохироо хийж байгаад “Овоот” гэх нэр өгөөд, эзэн суучихсан байдаг. Орон нутгийнхны зөвшөөрлийг авалгүй өөрийн болгосон “шинэ” ордоо удалгүй “Aspire mining” компанид худалджээ. Эхнээсээ хууль журам зөрчсөн ордыг гартаа оруулсан “Aspire mining” компани нүүрсийг нь үнэд хүргэхийн тулд төмөр замын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж буй тул улстөрчдөд нөлөөлөн шийдвэр гаргуулсан байж таарах гээд байдаг. Юу гэхээр УИХ-аас батлан гаргасан “Төрөөс төмөр замын талаарх баримтлах бодлого”-ын баримт бичигт огтоос тусгагдаагүй маршрутыг 2012 оны долдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтоол болгон батлачихсан байдаг. Тэр нь Овоот-Мөрөн-Эрдэнэтийн чиглэлд 628 км төмөр зам тавих тухай юм. Стратегийн ордын ихээхэн нөөцтэй хэсгийг тасдан эзэмшчихээд үүц баялгийг нь урсгах төмөр зам байгуулах эрхээ бас нууц маягаар авч чадсан “Aspire mining” компанийн зүгээс байр сууриа илэрхийлэхдээ “Овоот төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэх нь Монголын хойд бүс дэх Овоотын ордоос Эрдэнэтийн Транс-Монголын төмөр замтай холбогдох төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалттай шууд холбоотой. Монгол улсын хувьд ихээхэн ач холбогдол бүхий энэхүү төмөр замын дэд бүтцийн барьж байгуулах ажлыг манай салбар компани гүйцэтгэнэ” гэж буй.Тэгвэл ил уурхай нь 253.1 сая тонн, далд уурхай нь 27.9 сая тонн нүүрсний нөөцтэй гэгдэж буй Овоотын эзэн “Aspire mining”-ийн зүгээс хэлж яриад байгаа шиг үнэхээр Монгол Улс тэрхүү өндөр ач холбогдлыг нь үзэж чадах эсэх нь эргэлзээтэй л юм
Сэтгэгдэл байхгүй байна