“Зөрүүд экс”
2014/08/25

“Экс” гэдэг нь түүнийг сайдын сандлаасаа буусан учраас тодотгоод байгаа хэрэг юм. Бүр тодруулбал, сайд асан гэхдээ гишүүнээр суугаа Х.Баттулгыг хэлээд байна. Тэр их зөрүүд гэдгээ харууллаа. Си Зиньпиний айлчлалтай холбогдуулан хийсэн хүндэтгэлийн чуулганыг гав ганцаараа таслан зөрүүдлэв. Уг нь тэрбээр Улаанбаатартаа байсан л юм билээ. Гээд яахав. Ирмээргүй л байсан шиг байна. За энэ ч яахав гэхэд түүнтэй хариуцлага тооцон ярих асуудлууд олноор бий гэдгийг умартаж үл болно. Тэр сайдын сандлыг сэлгэн суухдаа балагтай зүйлс цөөнгүй хийсэн. Тухайлбал, Монгол Улсын хөгжил дэвшлийг түргэсгэгч нэгэн гол тулгуур болно гэж яригдаад удаж байгаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын гайхамшигт бүтээн байгуулалттай холбоотой анхаарал татсан асуудлууд түүнтэй л холбоотой. Сайншандын цогцолбор шиг томоохон төслүүд эхлэхийн өмнө заавал байгаль орчны суурь судалгаа буюу Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай хуульд зааснаар “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” –г хийлгэх ёстой. Тэр нь хуульд зааснаар бол “...аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг” хэлээд байгаа аж. Сайншанд төслийн хүрээнд тодорхойлон хэлбэл төслийн хүрээнд сонгох боломжтой газрыг тогтоогоод эргэн тойронд нь 5-10 км радиустай buffer zone үүсгээд төлөв байдал нь яг одоо ямар байгааг нь тогтоож судална гэсэн үг. Тэгээд тэрхүү төлөв байдлын үнэлгээн дээрээ үндэслээд бүх үйлдвэрүүдийн ТЭЗҮ-тэй уялдуулаад байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдэх ёстой гэдгийг, нарийвчилсан үнэлгээгээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь бага байхын бол тухайн төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл өгдөг болохыг мэргэжилтнүүд хэлдэг.

Сонирхолтой нь, цогцолбор байгуулах газрын байршлыг дахин оновчтой тогтоохын тулд байгуулагдан ажиллаж байсан мэргэжилтнүүдээс бүрдсэн Судалгааны багийг үндэслэлгүйгээр тарааж, шинэ хүмүүсээр баг бүрдүүлээд байсан бол өдгөө үнэлгээний ажил хийгдээд эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Шинээр байгуулагдсан судалгааны баг нь  байгаль орчин, нийгэм, эдийн засгийнхаа төлөв байдлыг тогтоогоогүй. Дээр нь үйлдвэрүүдийнх нь ТЭЗҮ нь гараагүй байхад шууд нарийвчилсан үнэлгээ хийлгэх гээд зар гаргачихсан байсныг энд дурдах хэрэгтэй. Түүнчлэн өмнө нь судалгааны багт багтах гээд шалгуурт тэнцээгүй унасан нөхдүүдээс бүрдсэн шинэ багийн гол зорилго нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг өнөөх Засаг даргын хуваарилж өгсөн, шаардлагад нийцэхгүй газартаа л барина гэж зүтгэхэд чиглэж байна гэх байр суурийг илэрхийлэх эх сурвалжууд байсан. Тэгвэл одоо мөнөөх газартаа л барихаар үнэлгээ хийсэн гэх мэдээлэл бий.

Мөн энэ тендерт өрсөлдөөнгүй ялах нь тодорхой гэгдэж байсан “Natural sustainable” компани Австралийн Sustainability-тай нийлж орж ирж байгаа аж.  МТЗ-ын байгаль орчны үнэлгээг хийх эрхийг мөн л өрсөлдөгчгүй өрсөлдөөнд орж авсан  “Natural sustainable” компани энэ удаа ч түүхийг давтаж байгаа нь санамсаргүй зүйл биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Төв аймагт бүртгэлтэй орон нутгийн компани гэх тодотголтой “Natural sustainable” компанитай энэ төсөл дээр хамтран орж ирж байгаа Австралийн Sustainability-гийн тухайд Оюутолгойд  Дэлхийн банкнаас 1 тэрбум долларын зээр авахад зориулж, байгаль орчны, нийгэм эдийн засгийн судалгааг нь хийж өгөхдөө багагүй хугацааг зарцуулсан ч, судалгаанд нь Дэлхийн банк  хангалтгүй гэсэн дүн тавьсан юм. Улмаар Дэлхийн банк Оюутолгойн зээл авах эрхийг 2 жилээр хойшлуулсан юм.Ер нь Sustainability-гийн тухайд монголд хэрэгжиж байгаа томоохон гэх тодотголтой бүх л төслүүд рүү гар хуруугаа дүрж явдаг. Ямартаа л Тавантолгойн цахилгаан станцын төсөл рүү орох гэж байхад нь мэргэжилтнүүд багагүй хэлж ярьж байж болиулсан байгаа юм. Харин одоо Сайншандын төсөл дээр “Natural sustainable” компанийг урдаа барьчихаад дайраад орж ирж байгаа юм байна.

Түүнчлэн ийм компаниудаар нарийвчилсан үнэлгээ хийлгэхээс өмнө Сайншандын тухайд байгаль орчны төлөв байдал нь ямар байгааг тогтоох ёстой байтал, тэрийг нь хийхгүй байгаа нь эцсийн дүндээ улсын эдийн засагт ихээхэн хор  хохирол дагуулж болзошгүй гэдгийг би сануулмаар байна. Мэргэжилтнүүд хэлэхдээ байгаль орчны төлөв байдлыг нь тогтоохгүй байгаа нь дахиад л  утаатай Улаанбаатарыг бий болгох гээд байгаагаас ялгаагүй гэдгийг хэлж байгаа юм. Уг нь анх байгуулагдсан Судалгааны баг судалгааг  хийхийн тулд ажлын даалгавар боловсруулж,  6 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан байгаа. Гэтэл сүүлд байгуулагдсан Судалгааны баг өмнөх багийн боловсруулсан ажлын даалгаврыг орвонгоор нь эргүүлэн, ажлаа сууриас нь бус, орой хэсгээс нь эхэлж барихаар зүтгэсээр үр дүнгээ үзэж байгаа бололтой. Байгаль орчин нийгэм эдийн засгийн төлөв байдлын судалгааг 10 сарын хугацаанд хийхээр 6 тэрбум төгрөгийг  төсөвлөсөн аж. Гэтэл судалгаа хийх хугацааг 3 сар болгон багасгаж, судалгааны нэрийг хүртэл өөрчилсөн хэрнээ, зарцуулагдах мөнгөний хэмжээг 6 тэрбум хэвээр нь төсөвлөөд үлдээсэн. Олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид ESIA-г 2 жилийн хугацаан дахь мэдээлэл, үзүүлэлт цуглуулсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Гэтэл Х.Баттулга сайд байхдаа  сэтгэлийн дуудлагаар  Сайншанд төсөл даруйхан  газарт буух ёстой учир байгаль орчныг судлахаас болоод цаг алдах ёсгүй гэж үзсэн учраас,  хамгийн боломжит хугацаа буюу монгол орны нөхцөлд 4 улирлын дата цуглуулахад хамгийн багадаа 10 сар зарцуулна гэж мэргэжилтнүүд үзсэн байдаг аж.  Энэ бол харин ч бага хугацаа зарцуулж байгаа хэрэг аж. Гэтэл одоо тэр нь бүр дөрөв дахин хумигдаад байхад төсөв мөнгө нь 6 тэрбум чигээрээ үлдэж, өрсөлдөгчгүй тендерт өрсөлдсөн  Монголын “Natural sustainable” компани  Австралийн Sustainability-тай хүч хавсран дайраад ороод ирсэн. Үүний цаанаас ашиг сонирхлын зөрчлийн үнэр ханхийж ирснийг хэлэх хэрэгтэй. Бүр тодруулбал, “Зөрүүд экс” үүнтэй хамаатай л харагдаад байдаг юм даа.

М.Мөнхжин

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    зүггүй зөрүүд
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • tuugii
    uls ornooo bodmoor yumaa chuhal uulzalt bolj bhd ochij bolii shd
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
Сонин хачин