Тэд гологдсон уу, голсон уу?

Нэгэн цаг үед дуучин гэх тодотголтой, тэргүүний ажилтан гэх шошготой,  ард түмэндээ хүндлэгдэж, хайрлагдаж явсан  олон дуучид сураг алдарч,  бүр сүүлдээ мартагдах шахаад байна. Нэг үеэ бодвол ч Монголын хөгжмийн ертөнц залуу халаагаар хүч сэлгэж,  сонирхолтой уур амьсгал бүрдэж байгаа  ч сайн дуучин, сайхан дууг бид мартаж орхихыг хүсдэггүй. Гайхалтай дуу хөгжим  агшин зуур чихнээ хүрч,  насан туршид зүрх сэтгэлийн  гүнд үлдэж,  сэтгэл оюуныг баясгадаг нь үнэн билээ.  Он цаг улирах тусам эртний дуучин нь бүү хэл дуу нь хүртэл мартагддаг ч  “дурсамж” болон сэргэж чаддаг нь царааг нь илтгэдэг ч гэж бас болох.
 Олон тооны чанаргүй уран бүтээл хийснээс чанартай хэдэн бүтээл төрүүлэх нь цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр үнэ цэнээ хүлээн зөвшөөрүүлж байдаг. Тэгвэл нөгөө талд нийтийн дууны урлагаас эхлээд рок попын ертөнцөд чансаатай дуучин уу, чанар муутай дуучин уу гэдэг нь ялгагдахаа байж хэн дуртай нь, солгой хоолойтой биш л бол дуучин гэх тодотгол наагаад  дуулж хуурдаад явж байгаа хэсэг бий. Хэсэгтээ л дуучин гэх нэрийн доор дуулж, хуурдаж хэд гурван дуу хийчихээд усанд хаясан чулуу аятай сураг алдарсан дуучин гэх тодотголтой хүмүүс ч их байна. Тэгвэл тэдний хаана, юу хийж байгаа бол гэдэг таньд сонирхолтой бөгөөд содон байх гэсэн үүднээс анзаарч харж үзлээ. Ингээд олныг үл нуршин тэд цаг хугацааны эрхээр урлагаа орхисон уу, аль эсвэл дуучин гэдгээ мартсан уу, ерөөс урлаг тэднийг гаргаад шидчихсэн үү гэдгийг хамтдаа нэг харъя.

Сидигээ ч гаргаж амжаагүй дуучин бүсгүй

Сүүлийн үед юу хийж байгаа нь тодорхойгүй сураг алдарсан дуучдын нэг бол яах аргагүй Эгшиглэн. Өөрийн гэсэн CD ч гаргаж амжилгүй урлагаас хөндийрсөн дуучин шувуухай маань хувийн амьдралаа илүүд анхаарах болсон сурагтай.  

 

 

 

Бизнесмэн хос дуучид

“Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний шилдэг оролцогчид болж урлагийн карьераа эхэлсэн

Үүрээ, Мөнхбат нар нэг хэсэг хамтран уран бүтээл хийж байсан ч “Чиний хайранд” цомгоосоо хойш тайзнаа харагдсангүй. Рок поп төдийгүй урлагийн салбарт хамтран ажиллаж хослон дуулсаар байгаад бие биедээ ээнэгшин дасаж хослон амьдарч байгаа хосуудыг алийг  тэр гэхэв. Тэдний нэг Үүрээ, Мөнхбат нар байсан. Гэвч тэдний дотно харьцаа хослон дуулахад хүртэл саад тотгор болсон гэж болно. Хайр сэтгэлийн холбоотой болсон хос дуучид маань эцэс сүүлдээ хамтран дуулахаа ч байж урлагаас хөндийрч эхэлсэн гэж болно. Харин олон жилийн дараа тэд тус тусын амьдралтай болсныхоо дараахан бизнесийн хамтрагчид болсон сураг дуулдана лээ.
Хос дуучид болсон ч хосууд болж чадаагүй
Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нараас хойш хос дуучид олноороо түрэн гарч ирцгээсэн. Үүгээр ч зогсохгүй уран бүтээл дээр ч, амьдрал дээр ч тэд хосууд байж чадсан. Гэвч тэд хослон дуулах хувьтай байсан ч хосоор амьдрах хувь дутсан гэлтэй богино настай хамтын амьдралдаа цэг тавьсан дуучид олон билээ. Дуучин У.Далантай, С.Эрдэнэцэцэг, С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа гээд хөвөрч өгнө. Эднээс нэг нь ч С.Вандан, Д.Дуламсүрэн нар шиг холсон дуулж, хосоор амьдарч чадаагүй. Харин тэд хаана юу хийж байгаа бол. “Эр хонгор дуутай эрхийн чинээ биетэй” гэх хочтой дуучин Ч.Бат-Эрдэнэ Э.Оюумаагаас салаад хуучин эхнэр хүүхдүүд дээрээ очсон боловч дахин өрх тусгаарлаж шинэхэн хайртай учирсан сурагтай. Өдгөө уран бүтээлээ бүрмөсөн орхиж шинэ залуу уран бүтээлчдийг гаргаж ирэх зорилт тавин унтах нойргүй ажиллаж байгаа гэнэ лээ. Харин Э.Оюумаа хурим найр хийж албан ёсоор нэг гэрт ороогүй хэдий ч энгийн нэгэн залуутай хамтран амьдарч хувийн бизнестэй болсон гэдэг.
Баян эмэгтэй болох мөрөөдлийнхөө төлөө...

Цагтаа зохиолын дууны "гүнж" гэгдэж байсан МУГЖ Т.Баясгалан, Кёкшюүзан Д.Батбаяртай дэр нэгтгэж үрийн зулай үнэрлэснээсээ хойш урлагаас хөндийрсөн.  Нэгэнтээ “Би Монголын хамгийн баян эмэгтэй болно” хэмээн ам тангараг өгч түүнийхээ төлөө тууштэй зүтгэж хөдөлмөрлөж яваа бүсгүй гэвэл Т.Баясгалан. Баян айлын бандгар эхнэр болоод урлагаа орхисон уу, аль эсвэл гавьяат цол гуншин аваад өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарсан уу бүү мэд. Тайзнаа үзэгдэж харагдахгүй олоон жил болж байна. Гавьяатын тэмдэг зүүсэн хүн тэтгэвэрт гарч уран бүтээлээ орхидог гэдэгт бүрэн итгэсэн хүн гэвэл Т.Баясгалан гэж ойлгож болох юм.

Содон сенсаацны эзэн
Дорвитой хийсэн уран бүтээлгүй байж сүр дуулиантайгаар “зодог тайллаа” хэмээн мэдэгдсэн дуучин Ч.Анугийн дараагийн сенсааци юу байх бол. Өөрийн гэсэн хэдэн дуутай хичнээн фэнтэй хүн болоод дуучин Ч.Ану ингэж олны анхаарлыг үргэлж татдаг бол гэж та гайхаж байж магадгүй. CD, DVD гаргадаггүй, дорвитой тоглолт хийдэггүй хэрнээ  нэг л гял цал, брэндээр гангарсан нэг л их алдартай дуучин. Анх  солонгын долоон өнгөөр гангарсан “Гала” хэмээх охидын хамтлаг, уран бүтээл гэхээсээ илүүтэй өмссөн зүүснээрээ л анхаарал татаж байсан бол сүүлдээ хүүхэд багачуудын элч дуучин гэж өөрийгөө өргөмжлөн, хүүхдийн дуу дуулахдаа аавуудад нь зориулж хувцасладаг гэсэн ярианы эзэн болсон Ч.Ану өдгөө айл гэрийн дэгжин ээж, цахим хуудасны үнэгүй загвар өмсөгч болоод байна.
Гавьяаны тэмдэгээ ч авч амжсангүй
 Одоогоос хэдэн жилийн өмнө “Дуучин Н.Гантулга Их аварга Л.Дагвадоржийн хадам ээжтэй хамт амьдарч байна” гэсэн мэдээлэл гарч,  хэрэгт дуртай олон хүний анхаарлыг татаж байлаа. “Мөнгөтэй, баян өөрөөсөө эгч хүүхнээр ивээн тэтгүүлэх гэж байна” хэмээн хүмүүс түүнийг шүүмжилж, хэвлэлүүд тэдний харьцааг янз бүрээр л өлгөж авч бичсэн. Гэвч цаг хугацаа хамгийн сайн гэрч байдаг. Дуучин залуу, хатагтай Эрдэнэчимэг нарын харьцаа одоо ч хэвээрээ. Тэд гэр бүлийн амьдрал зохиож өнөөдөр аз жаргалтай амьдарч байна. Уран бүтээлээс илүүтэй чинээлэг эмэгтэйн хаяаг түшиж амар түвшин ажин түжин амьдрах нь дуучин Н.Гантулгад ихэд зохиж байгаа гэлтэй. Гавьяатын тэмдэгээ энгэртээ гялалзуулж амжихгүй их урлагаас хөндийрч байгаа дуучдын нэг.

Гандан буурахгүй мэт явсан Нара
Тачаангуй төрхөөрөө залуусын зүрхийг гижигдэж, нүцгэн зургаараа эрчүүдийн анхаарлыг татдаг дуучин гэвэл Нара. Мөн л гавьтай хийсэн уран бүтээлгүй хэрнээ хэзээд олны анхаарлыг өөртөө татсаар ирсэн. Ч.Анугийн адил гэнэт л нөхөртэй болж, гэнэт л ээж болсон. Тайзнаа дуулж хуурдахаас илүүтэй сүүлийн үед цэнхэр дэлгэцээр ихэд үзэгдэж харагдах болж.
С.Сэрчмаагийн карьер
Уран бүтээлээ алдаг оног хийж ирсэн дуучин С.Сэрчмаа ээж болоод уран бүтээлээсээ нэлээд хөндийрсөн.  Өвөрлөгч эртэй сүр дуулиантай хурим найр хийж, охинтой болсон дуучин бүсгүй маань төд удалгүй төрхөмдөө буцаж өдгөө охиныхоо хамтаар амьдарч буй. Рок попын “Поп дива” өргөмжлөлтэй С.Сэрчмаа сүүлийн үед рок попын дуучин биш нийтийн дууны дуучин болсон гэж шивэр авир хийж эхэлсэн. Энэ оргүй биш үнэний ортой. Ээж болоод тоотой хийсэн уран бүтээлийнх нь дийлэнх нь нийтийн дууны бүтээл байсан. Үүнийхээ хажуугаар тайзнаа биш цэнхэр дэлгэцээр ихэд үзэгдэж харагдах болж уран бүтээлийнхээ амь голыг нь ямартай ч нэг таслахгүй авч яваа гэж болох юм. Эцэст нь дурдахад уран бүтээлээ бүр орхиод байгаа дуучдын нэг “Номин талст” хамтлагийн дуучин Хангэрэл, дуучин Номин, Минжинсор, BX  гээд хөвөрч байгаа юм.
Зарим уран бүтээлчид эцсээ хүртэл уран бүтээлээ туурвиж ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсээр насан эцэслэдэг бол зарим нь дутуу алсан могой шиг л уран бүтээл хийж байх янзтай. Амьдралын шаардлагаар  тэд урлагаас хөндийрсөн байж болох...

М.Сонор

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025