АН-ынхан ийм янзгүй байгаад байвал МАН-ынхан ирэх сонгуулиар даагаа сайн нэхнэ гэж найдвар тавьж суугаа. Гэвч МАН ямар цэвэр гартнуудын өлгий биш. Асуудлаар дүүрэн нөхдүүд тэргүүлэгчдийн эгнээнд нь жагсдаг. Тэдний нэг нь Г.Занданшатар. Гэхдээ тэрбээр хүний нутагт осолд орж, эрүүл мэндийн хохирол үзэж, ядарч яваа нь үнэн. Тэгэхдээ түүний улстөрийн карьерт цэгт тавигдчихаагүй гэдгээ намын нөхдөөрөө дамжуулан хэлж суугаа. Тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаасаа буухын өмнө “-Миний мөрөөдөж байгаа зүйл бол энэ албан тушаалд үлдэх, үлдэхгүй тухай асуудал биш. Хөгжлийн бодлогоо Их хурлаараа хэлэлцүүлэх юмсан гэсэн бодол л байна...” гэж ярьж байсан юм. Ер нь Г.Занданшатар нарын дарга нарын хувьд өнгөрсөн хугацаанд өөрсдөдөө хир халдаах тун дургүй хүмүүс гэдгээ хангалттай илэрхийлсэн. Г.Занданшатар гэж хэн бэ гэдгээ ч өнгөрсөн жилүүдэд хангалттай харуулсан нэгэн. Ямартаа л Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд суухад нь “Хадгаламж” банкнаас 14 тэрбумыг луйвардсан этгээдүүдийн нэг МАН-ын толгойд суулаа гэлцэж байхав. Эргэн сануулахад, 2007 онд “Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг дутсан нь тус банкны нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн гэгч хувьдаа ашиглан завшсан гэгдэн өнгөрсөн ч, цаагуураа бол У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нар холбогддог. Сөүлийн казинод их хэмжээний орлого оруулсан энэ нөхдүүд намынхаа нөмөр нөөлгөөр дээл нөмрөлгүй үлдсэн гэгддэг.
Гэсэн ч Г.Занданшатар өөрийгөө цэвэр гэх гээд байдаг. Ямартаа л популист шийдвэрүүд хөрөнгө оруулагчдад цаг хугацаа, мөнгөний асар их хохирол авчирлаа хэмээн хэлж ярьсан биш өөрөө асуудалд орсон. Түүнийг хөрөнгө оруулалтыг боомилох популист хуулийг өөрөө санаачилж батлуулсныг нь сануулах хүмүүс цөөнгүй байгаа. Харин тэрбээр хариуд нь “-Би анхлан Гадаадын стратегийн хөрөнгө оруулалтын гэрээ контрактуудад Засгийн газар зөвшөөрөл олгодог журмын тухай хууль санаачилсан. Тэр хуулийг би олон улсын стандартын дагуу Австрали, ОХУ-ын ижил төстэй хуулиудыг судалж байж түүндээ үндэслэн боловсруулсан. Угаасаа дэлхийн олон оронд байдаг тийм л хууль. Харин хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед зөвшилцлийн журмаар хоёр намын бүлгийн ажлыг хэсгүүдээс нэмэгдсэн саналуудаар өнөөгийн хууль төрсөн. Миний анх санаачилсан хууль УИХ-ын Тамгын газарт байгаа. Авч үзээрэй. Тэгээд ч ер нь хууль болохгүй байгаа бол засч, залруулж, сайжруулах боломж нь одоогийн олонхид бий. Урд өмнөх үеэ шүүмжилж суухаар урагшаа харж ажиллах цаг болсон байна.” хэмээн хэлж сууснаас үзэхэд “би алдаж болно, бусад нь чадвал залруул” гэж л тэр хэлдэг нөхөр л дөө.

М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна