Эрчимгүй 100-н хоног за юу!
2014/08/18

Дандаа шинэ юм ярьдаг, ер хуучирдаггүй энэ Засгийн газар бас нэгэн шинэ юм сэдсэн нь  “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийг зарласан явдал юм. Амралтын өдрүүдийг хасч тооцсон энэ өдрүүдэд хийх хамгийн чухал ажил бол Монголд бизнес эрхлэх  таатай орчиныг  бүрдүүлэх явдал. Ингэснээр Монголын эдийн засагт шаардлагатай  хөрөнгө мөнгийг богино хугацаанд   зах зээл рүү татах боломжтой болно гэж Б.Бямбасайхан гэж нөхөр яриад байсан. Тэгээд яасан. Нөгөөх  өдрүүд нь өнгөрсөөр л.  “Эзэн 100” хөтөлбөр гээч нь нойрмог байдалтай л байна. Ядаж байхад найр наадмын цаг таарсныг ч хэлэх үү.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ОХУ-д хийсэн айлчлалыг 100 өдрийн хүрээн дэх үр дүнтэй айлчлал гэж хүртэл ярьсан нь хийсэн юмтай гэж хэлүүлэх аргаа олж ядаж байгааг нь илтгэсэн. Учир нь олон сарын өмнөөс  тогтсон айлчлалуудыг эрчимтэй 100 өдөртөө наах нь жаахан тиймэрхүү л дээ. Хэрэг дээрээ бол аз дайрсан хэрэг гэвэл үнэнд илүүтэй нийцэх биз.

Уг нь Эдийн засгийн зөвлөлийн гишүүд бизнесийн орчныг сайжруулах, эдийн засагт учирч буй бэрхшээлийг   даван туулах  талаар уулзалт энэ тэр хийгээд л байсан. Ер нь бол манай уулзалтууд болохгүй биш болоод л байдаг. Харин ажил хэрэг болгох тал дээр таг сууцгаачихдаг буруу жишиг тогтоод удсан л даа.

Гэвч өөрсдийгөө өмөөрдөг нөхдүүд яаж зүгээр суух билээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар гэж нөхөр “Эзэн 100”-гийн талаар ярихдаа "Эзэн 100" хөтөлбөр өөрөө тийм хурдан хугацаанд хэрэгжээд үр дүн нь харагдах юм биш. Энэ хөтөлбөрийн богино, дунд, урт хугацааны гэж ангилаад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түүнээс энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд 100 хоногтоо хэрэгжээд үр дүнгээ өгнө гэж байхгүй. Ер нь аливаа улсын Засгийн газрын санаачилгаар эдийн засгийг эрчимжүүлэх эсвэл хөдөлгөөн оруулах ажлын суурийг тавих зорилгоор ийм эрчимжүүлэх хөтөлбөр хийгддэг. Энэ бол загварчилсан төсөл гэсэн үг. Тэгэхээр ажил бол энэ хүрээндээ л явж байгаа. Гэхдээ мэдээж энэ тогтоолын төслийн хүрээнд шууд үр дүнгээ өгч байгаа жижиг ажлууд бий.” хэмээн хэлж сууна.

Тэгэхээр” Эзэн 100” буюу эрчимжүүлэх 100 хоног бол загвар гэдгийг бид хаа хаанаа ойлгох ёстой болж байх шиг байна. Юу юугүй их юм битгий хүлээ гэж хэлээд байх шиг. Гэтэл нөгөө сайд нар болохоороо юу гэж том том дуугараад байлаа даа. Ямартаа л таны харж буй энэ зураг ингэж “мэндлэх” вэ дээ. Улстөрчид гэж золигийн хүмүүс юмаа даа...

М.Мөнхжин

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    haana ter hymralasaa gartsan bna ulam l hymrad bgan bishuu
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин
    hudlaa ard tumnii tolgoig ugaasaa zawan yum
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
Сонин хачин