Гишүүн асангуудын “дээл нөмрөх” цуваа-1
2014/08/18

Зун цаг цаашилж, намар наашилсан  өдрүүдэд улстөр, нийгмийн амьдрал дуулиан шуугиант хэв маяг тийшээгээ шилждэг билээ. Тэгвэл энэ жилийн хувьд анхаарал татсан асуудлууд цөөнгүй гарч байна. Тодруулан хэлбэл гишүүн асангуудад дээл нөмрүүлэх кампанит ажиллагаа өндөр түвшинд явагдаж байна гэхэд болохоор. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан,  “алим” хочит Ц.Батбаярт анхан шатны шүүх 2.1 жилийн ял оноосон гэх мэдээлэл гараад удаагүй байхад гишүүн асан Л.Гансүхийг хорив. Тэгсэн өнгөрсөн долоо хоногт  УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Ер нь бол эдгээр үйл явцыг бохир заваанаар дүүрэн улстөрийн тогоон дахь нөхдүүдэд сэрэмж дагуулсан асуудал гэж харах уу, эсвэл гэдэг асуулт гарч ирж буй. Үнэн хэрэгтээ манай улстөрчид гэж эрх мэдлийн төлөө ичих нүүрээ элгэндээ наачихсан задарсан бас даварсан нөхдүүд хэдэн арваараа бий билээ. Нэгэнтээ албан тушаал, эрх мэдлийн үзүүрээс атгаж үзээд, амташчихсан, илүү лавшруулан базаж авахыг  хүсэгчид нь хамгийн худал зүйлийг хамгийн гоёор өнгөлөн ярьж, хамгийн бүтэхгүй зүйлийг хамгийн хялбараар сэтгэж, бусдыг залилж чаддагийг сонгуулиас сонгуулийн хооронд амьдрах болсон бидний монголчууд эрхбиш мэддэг болсон.

Ерөөс улс төр бол өөрсдийн ашиг сонирхол, шаардлагыг хэрэгжүүлэх гэсэн хүмүүсийн зорилго чиглэлтэй үйл ажиллагаа байдаг нь нотлогдсон үнэн билээ. Тиймээс ч хамгийн их худлаа ярьдаг, иргэдийг хулхиддаг хүмүүс бол улстөрчид байдаг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Ямартаа л Английн баруун хойд зүгийн Сэнтон Бридж тосгонд жил бүр болдог худал яригчдын тэмцээнд улс төрчид болон хуульчдыг оролцохыг хориглож байхав. Учир нь тэд худал ярих урлагийг дэндүү сайн эзэмшсэн байдаг учраас  худал яригчдын хааны титмийг дандаа улстөрчид авчих нь гэхээс зохион байгуулагчид нь эрхгүй болгоомжилсон шинжтэй байдаг. Энэ нь инээдтэй мэт боловч эмгэнэлтэй зүйл л дээ. Тиймээс ч монголын улстөр дэх худалчууд ийнхүү эхнээсээ хууль шүүхийн байгууллагын гараар орж идсэн уусан луйвардсан хэргүүдийнхээ горыг үзэж байгаа нь шударга ёсонд илүү нийцэж таарна. Хариуцлага хүлээх учиртай бол хүлээж л таарна. Тухайлбал, алим хочит Ц.Батбаяр яагаад буруутах учиртайг өгүүлье.

“Алим”-ыг шийтгэхийн учир...

УИХ-ын гишүүн асан,  “алим” хочит Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав болон Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүх хэлэлцэж, шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүгдэгч Ц.Батбаярыг гэмт буруутайд тооцож, чанга дэглэмтэй хорих ангид 2.1 жилийн хорих ял оноосон бол  Т.Билэгтийг гэм буруутайд тооцсон ч 2009 оны Өршөөлийн хуульд хамруулснаар хорих ялгүй үлдээж аварсан юм. Ц.Батбаярыг буруутгах болсон шалтгаан  нь  нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн.

Ер нь бол экс гишүүнтэй холбоотой ёс зүйн зөрчилтэй асуудал цөөнгүй л дээ. Сануулахад, хотын мэрийн суудлаас буусныхаа дараа баахан хэрүүл хийж, шүүхээр зарга хийж явсан Ц.Батбаярт Баянзүрх дүүрэгт нэр дэвших боломжийг нам нь найман онд олгосон билээ. Харин тэмцлийнхээ үр дүнд тойрогтой болоод авсан Ц.Батбаяр түшээгийн суудалд суухын тулд ёстой л түмний хулхин дээр хэчнээн арван цэцгийг өөрийнхөө гараар ургуулсан юм. Энхрий хайрт намаасаа тараасан нэг сая таван зуун мянган төгрөгийн батламжийн хамт,өөрийн амлалт болох “Амьдралын босго” гурван  өрөө байрны анкетийг тойргийнхоо өрх бүрийн тэргүүнүүдээр бөглүүлж, хашааны газраа гурван өрөө байраар солиорой хэмээн шүлсээ үсчүүлэн ярьж явсан хүн бол тэр. Мөн тэрээр “Монгол өрхийн амьжиргааны доод босго гурван өрөө байр түүнтэй адилтгах орон сууцны нөхцөлтэйгээр байх бүхий л бололцоог бүрдүүлэхийг зорино”  гэсэн урт өгүүлбэр бүхий батламжийн цаасыг тарааж явахдаа юу бодож явсан нь сонин шүү. Хэдийгээр тэрбээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Ургах наран” хорооллыг өөрийнх нь амлалтын нэгээхэн хэсэг гээд сууж байж болох ч, тус хорооллын чанарын асуудлаас гадна оршин суугчид нь өөрсдийгөө Ц.Батбаярт хууртагдсан хэмээн нийтэд мэдээлж байсан. Ер нь бол Ц.Батбаяр “Амьдралын босго”  гэх гурван өрөө байрны амлалтаа улстөр, бизнесийн хослол болгосон гэсэн үг л дээ. 

Түүний бас нэгэн амлалт бол эрчим хүчний V дахь эх үүсвэрийг барих явдал байв. Үнэндээ бол хөөрхий нэг гишүүний хийж дийлээд гарчих юм биш л дээ. Мань эр ичихгүй худалчдаа л ийм амлалт өгсөн болохоос биш, Ц.Батбаяр байтугай Монгол Улсын Засгийн газар нь гүрийгээд ч ард нь гарч дийлэхгүй байж байж сүүлийн нэг жилийн хугацаанд л нааштай зүйл сонстох болсон билээ. Уг нь Ц.Батбаяр гуай шинэ эх үүсвэрийг л барихгүй бол улсын хөгжил 5-10 жилээр хоцрох болно гээд байсан. Гол нь тэр энэ амлалтынхаа төлөө хэдэн ширхэг хүчтэй үг амнаасаа унагасан бил үү. Иргэн та сонссон уу?

Түүний амлалтуудын нэгээхэн хэсэг нь Баянзүрхийн Есөн хороонд цэцэрлэг, дөрвөн хороонд сургууль барьж өгөх байсан. Уг нь зарим сүйхээтэй гишүүдийг хараад байхад төсөвт яаж ийж байгаад тойргийхоо сургууль цэцэрлэгийн асуудлыг хавчуулчихсан байдаг.Харин Ц.Батбаярын тухайд бол үлгэр. Тэр анхнаасаа худлаа хэлсэн болохоор ч тэр үү, хийж хэрэгжүүлье гэдэг талаас нь яваагүй, сэтгэл гаргаагүй гэж гомдоллох хүмүүс экс тойрогт нь олон байдаг юм билээ. Тэрбээр тойргийнхоо хэд хэдэн цэцэрлэгийн аж байдалтай танилцах үеэрээ жигтэйхэн уулга алдаж “Би гишүүн болвол есөн хороонд хүүхдийн цэцэрлэг барина” гэсэнсэн. Гэвч бараагүй дээ, зайлуул. Мөн Баянзүрхийн товчооноос Налайх хүртэл хурдны зам тавина гэсэн амлалтаа өөрөө бол санадаггүй юм шиг байгаа юм.

Ер нь бол Ц.Батбаярт  хийж гавьсан зүйл тун бага юм билээ. Ямартаа л Багахангай дүүргийн даргаар ажиллаж байхдаа дүүргээ хоёр ч удаа хөлдөөсөн “арчаагүй” удирдлага гэгдэж байхав. Харин хотын даргаар 24 сар суухдаа эфирийн өмнө хүүхэд шиг зан гаргаж, түмний хайрыг нэг татахаа шахаж билээ. Гэвч тэр нүүрээ халхалсан худалч нэгэн гэдэг нь тодорхой болсон. Арванхоёр онд Баянзүрхчүүдийг орхиод, Хан-Уул руу гүйсэн ч гарч чадаагүй. Түүнийг АТГ-аас хэдэн жилийн турш шалгасны эцэст ийнхүү хариуцлага тооцоод байгаа юм.

М.Мөнхжин

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин