Ерөнхий сайд хэмээх АВС
2014/08/11

Бодохоор л гомдоод байх юм. Одоо болтол би дэлгүүрт орохдоо өндөг авах гэхээр манай Ерөнхийгийн царай харагдаад шаналж гүйцдэг. “Өндөг тансаг хэрэглээ. Та нар авах мөнгөгүй бол орлуулаад будаа гурилаа идээч” гэсэн үг нь чихэнд сонсогдохыг яана. Тэр байдаг л нэг өндөг атал авч орж ирээд идэхдээ ийш тийш хялав цэхэс хийж хэн нэг нь намайг тансаг зүйл хэрэглэж байна гэж буруутгах вий гэж бодож ч байх шиг. Ер нь бодоод байсан чинь их дарлаж байна шүү, энэ зарим нэг хүмүүс.

-Энэ Алтанхуяг чинь яачихсан юм бэ миний хүү? Та нарыг ингээд байвал нүүрсний чинь үнийг нэмчихнэ шүү гэж загнаж байх юм. Охин, хүргэн нь яасан яасан гэнэ вэ, баахан мөнгө идэж уусан юмуу? Ээж орой ороход ингэж асуув. Ээж гэснээс, хэдэн сарын өмнө тэтгэвэр нэмэгдлээ ч билүү нэг мэдээ дуулдсан юм. Шинэ жилийн үеэр л байх, одоо бодоход. Насаараа улсад зүтгэсэн хөгшчүүлд энэ мэдээ баярын симфони шүү дээ. Бараг шинэ дээлээ өмсөөд сэнгэнэтэл исгэрээд банк руу одлоо, ээж минь. Яахав, өлбөрч үхэх гэж байгаадаа хөгшчүүл тэгдэг юм биш. Төр засгийнхаа хайр ивээлд талархаж, төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн зүтгэлээ үнэлүүлсэндээ баярлаад тэр. Магнай тэнийтэл бие биедээ энэ талаар хуучилж, засаг төрөө магтаад л тэрхэн хооронд магадгүй амьд яваагаа оршин буйгаа мэдэрдэг амьдралынх нь нэг баяр баясгалан.

Тэгсэн яасан?

Орой нь муу ээж минь хурнийчихсан сууж байна.

-Нохой долоо, 3000 төгрөг нэмсэн гэнэ үү ... Би ч олон юм хэлсэнгүй. Үгүй одоо яахав дээ, хэн ч зүгээр аваад өгөхгүй мөнгө юм даа гэж дотроо бодов.

Мах аль болох бага идэхийг хичээдэг танил оюутан дүү минь өндөг үнэд орсонд, тансаг хэрэглээ болсонд гомдоллож уулзахаараа л энэ үгийг ёс юм шиг давтана. Ерөнхий сайд муу Ерөнхий АЦ гэж ийш тийш хялав хийн байж хараана. Хэзээд халаасаа тэмтрүүлж байдаг оюутан нас хойно, хөөрхийг буруутгаад яах билээ дээ.

Энэ мэтчилэн миний эргэн тойронд хохирогчид олон байна.

Манай ажлын нэг нөхөр байдаг юм. Үл хөдлөх хөрөнгө хэзээ ч алга болохгүй алдагдахгүй гэж ярьдаг хүн л дээ. Гэтэл нэг өдөр яасан, Барс зах ороод ойр зуурын юм цуглуулаад гараад ирэх хооронд хөөрхий машин нь ...

Өөрөө очиж гуйсан гэсэн, битгий ач л даа, мөнгийг нь төлчихье гэж гэж гуйгаад байхад гүрийсээр байгаад ачаад явчихжээ. Одоо нээрээ үл хөдлөх хөрөнгөтэй байхад ч хэцүү цаг болж. Машин ачдаг хүмүүст үнэн голоосоо дургүй байж голоо тасартал үзэн ядаад яах юм, тэдэнд цаанаас нь өдөрт төдөн төгрөг ол гэж үүрэг даалгавар өгчихөөд байна шүү дээ. Машинаа авахын тулд өдөржин замын цагдаа дээр тавилга болж багагүй халаасаа тэмтрэн байж тэр буцааж авсан. Мөнгө бол мөнгө боловч мөнгөөр ч үнэлэхгүй цаг хугацаа хайран. Бүтэн өдрийн ажлаа алдаж байгаа юм чинь.

-Ээж минь ерөнхий сайд болгон асуудалтай, муу нэртэй байдаг шүү дээ гэхэд ээж хэлж байна.

-Олон ерөнхий сайд үзсэн, гэхдээ Алтанхуяг шиг ийм айхтар хэл аманд ороогддог сагсалзсан хүн үзээгүй гэж байна. Энэ хүний эргэн тойронд ядахад яасан ч олон “чиргүүл” байдаг юм бэ дээ. Баз хүргэн л гэнэ, дүүтэй явалдсан залуу л гэнэ, өмнөх эхнэрийн охин л гэнэ, одоогийнх нь эхнэр л гэнэ. Ингэхэд сайд ийм олон хамаатантай юмуу, ганцаараа? Эсвэл сайдын хамаатнууд гэхээр оодроод гараад ирдэг юмуу?

Сүүлдээ хүмүүс тэгж байна шүү. Хэнийх нь эхнэр, охин мөнгө угаагаад хэнийх нь энд хувцас угаагаад сууж байдаг юм гэж жаахан чамлангуй аяс цухалзах болж.

Н.Алтанхуяг бага зэрэг ам задгай, “задгай цагаан” хоч хүртэл зүүсэн усан алиа маркийн хүн гэж хардаг байлаа. Ярьж байгаа нь элэг авч бөөр сугалам элгийн. Нэг тийм гэнэн цайлган эртний багш мэт сэтгэгдэл төрүүлдэг байв. Яван чангарна аа гэж. Хоёр салаа гэзэгтэй охин орж ирээд үсээ боогоод базаад эхэллээ гэдэг шиг юм болж байна.

Гэрлэлт бол эр хүний хувьд амьдралын авс гэдэг бол Ерөнхий сайд улс төрчийн хувьд АВС нь бололтой. Энэ албан тушаалд суулаа эрх мэдэл, бялуу том том зүсмээрээ орж ирнэ. Нэгэнт энэнээс цааш газар үгүй тул завшааныг ашиглах хэрэгтэй.

Ерөнхий сайд гэхээр “Их өрийг тэглэлээ” гэж шинэ жилээр гялалзтал алхан орж ирж байсан Н.Энхбаярын дүр төрх нүдэнд тодрох юм. Дараа нь С.Баяр байна, ямар гал цогтой гарч ирээд яажшуухан газардлаа. Хүндээ биш энэ суудалд гор нь байдаг бололтой.

Н.Алтанхуяг юуны өмнө эцэг хүн билээ. Хүний өөрийн нийлсэн хэдэн хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээсэн эцэг хүн. Түүний гэргий Сэлэнгээ ёстой лааз өшиглөх шахсан үед нь учирч байсан гэдэг. Түрээсийн байранд охиныхоо хамт амьдардаг уртаашаа хэдэн сайхан хувцас, аятайхан дүр төрхтэй ганц бие бүсгүй ирээдүйн ерөнхий сайдтай учирсан нь хувь тавилан гэлтэй. Одоо түүний өмнө толгойтой бүхэн мэхийж байна. Их тэнгэрт гэрийн үйлчлэгчээ зарсан шигээ эрхэм сайдын бялуунаас хувь хүртэх болсон түүний аз одыг гайхагсад олон. Гэвч ингээд ч хангалтгүй юу, яаж зүгээр байх вэ мөнгө угаасан төрлийнхөн дунд нэр нь цохиж явах юм.

Энэ мэтчилэн бичээд байвал Ерөнхий АВС-ын эргэн тойронд хэдэн боть ном шиг урт түүх хөвөрч байна. Саяхан манай ерөнхий нээрээ хэлэмгий доломгой жиргээчдийн ам руу будаатай хуурга чихсэн сурагтай. Юугаар баян түүгээрээ дайлна гэгчээр “Хаан жимс”-даа аваачиж идүүлж уулгасан байна. Маш нууцын зэрэглэлд зохион байгуулсан идэж уух ажиллагааны талаар амтай болгон ярьж байгаагаас үзэхэд манайд ер нь нууц гэж байдаггүйн илрэл. Тэд ирээд юу жиргэх бол гэдэг сонихон болоод шинэхэн байна.

Кино шиг амьдрал үргэлжилсээр ... Сайдын хажуугаар самбаганах гэгчээр хотын удирдлагууд манийгаа 50 цаасаар торгох юмаа, бас. Эндээс ч татвар тэндээс ч татвар энэ олон татвар дарамтны хаагуур явах вэ таминь ээ, эрхэм Ерөнхий сайд аа? Бодохоор л гомдоод байх юм. Бид ингэтлээ дарлуулах ямар гэм хийсэн үйлийн үртэй хүмүүс вэ айн?

У.Цахирмаа

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • gaga
    uranchimeg tsahirmaa mini iim yum bichdeg boloo yu
    2014 оны 08 сарын 15 | Хариулах
  • Цахирмаа
    Бид үхэхээрээ бүгдээрээ л авс-нд орно цахирмаа минь, хар хороо хөдөлгөн хөдөлгөн юунд амьдаар нь авс-лана вэ? бас ац гэхийн. өөрөө ац-тай л байлгүй дээ тээ
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • zochin
    odoi avarga biet 2 shaal somin haragdaj bna sh dee. em ni avarga bhad neg l ba ba
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • zochin
    odoi avarga biet 2 , avarga bietei emegtei muuhai
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин
    ийм ч төр байх гэж
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин
    ямар дэмий юм хэт нуршиж цаг барна вэ
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
Сонин хачин