Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хоёр ч албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ.
Хаалттай хаалганы цаана оруулж ирсэн эхний асуудал нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяатай холбоотой байжээ. Түүнийг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас албан тушаалаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Энэ нь үнэн болохыг Зам тээврийн дэд сайд Х.Ержан баталж “Энэ шийдвэр маргааш /өнөөдөр/ албан ёсоор баталгаажина” гэж хэлэв.
Харин дараагийнх нь хошууч Т.Ганбаатарын асуудал байв. Түүнийг Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны даргын албан тушаалаас нь ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн чөлөөллөө.
Албан бус эх сурвалжийн яриагаар хошууч Т.Ганбаатарыг чөлөөлсөн нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхтэй холбоотой. Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хууль зүйн сайдын хамт Төв аймгийн Цагдан хорих төвд хоригдож буй Л.Гансүхийг эргэсэн бөгөөд энэ тухай мэдээлэл АТГ-т хүрсэн юм. АТГ-ынхан мэдээллийн дагуу очиж бичлэг хийснийг ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газрынхан төрийн нууц задруулсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн билээ.
Н.Дарий
Сэтгэгдэл байхгүй байна