Улирлын сайханд хэдэн ясаа амрааж хөдөө гадаа зугаалаад хотод дөнгөж ирж байгаа суудлын тэрэгтэй, хотын төвөөр зайлшгүй зорчдог нөхөд жолоочдоо зүрхний эмээ хоёр давхарлаж уугаад сандлаасаа сайн бариарай.
Энэ цаг мөчөөс эхлэн таны сарын урсгал зардал дээр 50 мянган төгрөг нэмэгдэж байна. Хотын төвөөр заасан чиглэлд зорчихын тулд та сар бүр заавал энэ мөнгийг төлөх ёстой. Үгүй бол хотын захаар л явна, жолоочоо болино, эсвэл машинаа орхиод нийтийн тээвэртээ сайхан 500 төгрөгөөр “тансаглаад” л явчих гэж байгаа юм даг уу.
Зарим хүмүүс 50 мянган төгрөг ер нь юу юм, машин авахдаа энэ зэргийн зүйлийг бодолцож авсан юм байгаа биз дээ. Энэ төлбөрийг бүр нэмэх ёстой гэж ярьж байна. Ингэснээр түгжрэл багасаж, төвөөр зорчих машины тоо эрс буурах мэргэн бодол хэн нэгний тархинд гялсхийн оржээ. Та нар одоо болиоч дээ гэмээр.
Яаж ийгээд тулсан газар 50 мянгаа төлөх л болно, түгжрээ буурахгүй. Харин дундаж давхаргынханд ачаа нэмэгдэнэ. 50 мянган төгрөг ер нь юу юм биш шүү, нөхдөө.
Би ч гэсэн таксичдад дургүй, үнэнээ л хэлье. Байнга явдаг газраараа явахад мөнгө нэмж авна. Зам мэдэхгүй төөрч будилна. Дөнгүүрхэн автобуснаас долоон дор бохир заваан, харилцааны соёл таксины жолоочтой ярьснаас хаданд хашгирсан нь дээр. Гэхдээ л тэдний ард амьдрал байгаа.
Саяхан фэйсбүүкээс нэгэн түүх олж уншсанаа санаж байна. Охин нь хагалгаанд орох гээд зардал болох 3 сая төгрөгийг нь олох гэж бүтэн гурван шөнө нойргүй хоносон аавтай таарсан тухайгаа тэр хүн бичсэн байсан. Та үүрэглээд жолоогоо аятайхан барь л даа гэж эхэндээ аашилдгаараа аашилж. Шоконд орсон аав учир байдлаа хэлж нүдэнд нь нулимс цийлэгнэж байж. Залуу өрөвдсөндөө 100 мянган төгрөг өгөөд холбоо барих утсыг нь аваад салжээ. Хэчнээн шөнө нойргүй хоноод ч лизингийн машинтай, халтуураар энэ мөнгийг олох хэцүү билээ. Энэ бол зөвхөн нэг жишээ.
Өглөөн нарнаас үдшийн бүрий хүртэл явж, эхнэр нөхөр ээлжлэн нэг лизингийн таксигаар хоногийн хоолоо залгуулдаг өрх олон бий. Бидний сарын зардлыг аваад үзье. Байрны мөнгө, кабель, цахилгаан, утасны төлбөр, бензин, өдрийн хоол, өрхийн хүнсний зардал, хүүхэдтэй бол зардлыг бүр ярих ч юм биш. Машинтай болгонд 50 цаас асуудал биш байж чадахгүй. Гурван машин тутмын нэг нь лизингийнх, дээрээс нь байр, доторх тавилгаа ч бүгдийг нь лизиндсэн өрх олон байгаа.
Олон хүний халаасыг энэ 50 цаас тэмтэрнэ. Дарамт, дарамт бас дахиад л дарамт. Ойворгон нөхдүүдийн хэлснээр энэ төлбөрийг өшөө нэмэх юм бол зарим нь бараг элгээрээ мөлхөнө. Хэдэн хүүхдийн аягатай хоолыг хасаж, хэдэн аавын зүрхийг урж, голыг нь гогдож байгаагаа ер нь мэдэж байгаа хүн байна уу? Чааваас даа, чоно борооноор гэдэг шиг яг хүмүүсийн анхаарал сул үед ингэж бүрхэг тэнгэрээс аянга буулгах шаардлага байсан ч юмуу үгүй ч юмуу.
Твиттерт таксичид ордоггүй. Тэдэнд магадгүй ухаалаг утас байхгүй ч байж мэднэ. Байсан ч аль гараараа жолоо барьж, аль гараараа жиргэх билээ дээ. Тэнд байгаа хүмүүсийн үгийг бүх ард түмний үзэл бодол гэж оодрох хэрэггүй. Магадгүй шийдвэр гаргагчийн эсрэг талын өрөөнөөс долоогч нь балиашгалаад суудаг ч юм билүү, хэн эс мэдэх.
Цөөхөн “баатар” Үүлээн битгий давраад байгаарай за, саяхан замын төлбөр аваа биз дээ" гэж дуугарсан байсан. Яадаг юм, тэрүүгээр нь гарчиглалаа. Худлаа гэвэл тэр жиргээ хэдэн рэйт, фаф авсныг ороод хараарай.
Солонгос кинон дээр гардаг ертөнцийн бүх зовлон нэг хүн дээр унадаг шиг амьдралтай хүмүүс олон байгаа шүү дээ. Бид ямар бүгдээрээ тансаг амьдралтай тайжийн хүүхдүүд биш. Өглөө болгон юу сонсохоо мэдэхгүй цус харвахад бэлэн гэрээсээ гарч явж байна.
Дарамт, дарамт бас дахин дарамт. Мөрөөрөө явж байгаад баригдаж байгаа барилгын нурангид даруулж үхэх вий гэж яс хавталзаад гудамжаар ч цэх шулуун алхахаа байлаа. Тэрэнд дарагдахаас өмнө, ухаантнуудын зохиосон элдэв татварт дарлуулж өөд нар харахгүй нь дээ. Тун удахгүй явган алхахдаа ч татвар төлдөг болох вий дээ. Магадгүй шүү, магадгүй.


Б.Ундрал
Сэтгэгдэл (10)