Партизанууд ба TRUE STORY
2014/08/06

Аяга халуун кофе, өдөр тутмын сонин, зөөлөн буйдан, тухтай ширээ сандал, сүүлийн үеийн компьютер, ширээн дээр хонх, хонхыг дарахад нарийн бичиг годхийн орж гарч гүйгээд л. Энэ чинь л албан тасалгаа шүү дээ. Ардчилал ялсан 23 жилийн турш энэ мэдрэмжийг амтлаагүй партизанууд саяхнаас мандан бадрах болсон. “Бид ялав” мишээл тэдний нүүрэнд тодорно. Яг ийм бодол сэтгэгдэлтэй, албан тасалгаанд суухад цонхоор амьдрал үнэхээр сайхан харагдана. Харин хуучин цагийн шинэхэн дарга нар маань ажилдаа чухам хэр амжилт гаргасныг одоо харцгаая. Пиноккио, Нянгар, Улаан дээлт ... энэ чинь одоо юун баахан нэр, хоч вэ, айн?

Буруу үрүүлтэй Нянгарыг дээ!

Хаан олон хатантай байсныг дуулснаас биш олон орлогчтой байдгийг би л лав мэдэхгүй юм байна. Харин манай Улаанбаатар хотын захирагч маань зургаагийн зургаан орлогчтой. Мэдээж дотроо төрөл төрлөөрөө хөөрхөн гэгч нь ангилагдаад албан ёсны тодотгол, “модон” үгээр тайлбар хийчихээр ёстой жинхэнэ “чка” дарга нар харагдаад байгаа юм.

Ер нь ийм олон орлогч байхад Үүл баатар биеэрээ гарч үг хэлэх, биеэрээ ажил дээрээ суух, /биеэрээ гэртээ харих/ хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу. “Буруу үрүүлтэй машинаараа хэчнээн ч жил гоёлоо доо” гэж нүдэндээ нулимс цийлэгнүүн жолоо мушгих болсон жолоочдын уйтгар гунигийн “симфони”-ийг санаачлагч нь дээрх зургаан шадруудын нэг Н.Гантөмөр шүү дээ.

ТМС-д индүүчин мэргэжлээр суралцаж, бүх ард түмний хувцасыг индүүдэх яруу алдарт их үйлсийн төлөө 30 насны босго давтлаа ажилласан энэ эрхэм долдугаар ангийн боловсролтой. Түүний амьдрал замнал хүүхдийн хувцасны оёдлын үйлдвэрээс эхэлсэн. Улмаар ардчилалын төлөө жагсаж индүү тэр хоёр салсан түүхтэй. Үнэхээр нулимс дуслам сайхан дүр зураг, сайхан түүх.

Индүүчнээс жагсагч, жагсагчаас СХД-ийн орлогч дарга, харин одоо бол хотын даргын орлогч. Хүмүүс түүнийг өөрийгөө эхлээд шинэчлэхгүй байж өрөөлийн хийснийг нураалаа, барилга байшин нураана гэдэг нэг индүүчний бус инженерийн ажил гэж ар хударгаар нь “гөвөх” юм билээ. За энэ ч яахав.

Н.Гантөмөр Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцан нойр хоолгүй зүтгэж яваа нь ямартаа ч үнэн байх. Диплом ямар боловсролын хэмжүүр биш. Сониноос, түүнийг кино театрт ердөө нэгхэн өдөр гараад нам хаагдсан “Нянгар хаданд гарсан нь” киноны Нянгартай адилхан гэлцэх юм билээ. Тэр Нянгар ч бас индүүчин байлаа, гэхдээ хими цэвэрлэгээнд. Улмаар сохор азаар улс төрд орж хор найруулдагынхаа хүчээр хожим ерөнхий сайд болдог юм. Нээрээ ч энэ хоёрын эхлэлийн түүх, өрнөл төстэй ч юм шиг. Ямартаа ч нэгэнт албанд тохоогдсоных амьтны хараал идэхгүйхэн шиг алга ташуулах ажил л сэдмээр байна шүү Н.Гантөмөр даргаа!

Пиноккиог тэгж ч давраахгүй шүү!

Гаалийн ерөнхий газрын даргын төрсөн өдөр болох дөхсөн үе. Шалган дээр зогсдог гаалийн ажилтнууд ийн ярьж байна.

-Даргад юу өгөх вэ. Ланд Круйзер өгөх үү?
-Өнгөрсөн жил жийп өгсөн биз дээ. Энэ жил хаус авч өгье.
-Шагналын найран дээр нь Зайсанд хаус авч өгсөн шүү дээ. Бэлэгний сонголт байхгүй бол шалган дээр нэг хоног ажиллуулъя.
Бүгд дуу нэгтэйгээр:
-Тэрийг тэгж ч давраахгүй шүү гэсэн гэдэг.

Энэ бол онигоо. Гэхдээ наргианы 80 хувь нь үнэн гэдэг байх шүү. Гаалийн онигоо гэснээс ажилтан нь байж байгаад Нийслэлийн гаалийн газрын дарга болсон Б.Хишигбат “Пиноккио” хоч зүүх болсон. Учир нь 20 сая төгрөг түүнд өгөхөд авахгүй гэснээс үүдэлтэй. Ихэнх нь түүнийг худлаа ярьсан л гэж үзээд байгаа юм.

Зарим нь “20 сая багадчихаж түй ...” гэж халаглах нь ч байна. АН-ын партизануудын нэг, нөхдийнх нь дууддагаар бол Хики маань албан тушаалдаа очсоноос хойш Монголд анх удаа 60 грамм хар тамхи илрүүлсэн. Мөн Улаанбаатарын төв талбайг Чингис хааны нэрэмжит болгохоор санаачлагчдын нэг. Харин Монголд 20 саяыг авахгүй гэж шазуур зуух хүн байхгүй гэдэг үүднээс түүний хамар хэр урт болохыг хүлээгсэд олон байна л даа. Нөгөө худлаа ярихаар хамар нь сунадаг модон хүүхэлдэй шиг л.

Хикиг албан тушаалд очихоосоо өмнө нэг үе бор дарсанд толгойгоо мэдүүлж байсан талаар ойр дотныхон нь ярилцах юм билээ. Мөр зэрэгцэж явсан нөхөд нь мандан бадрахад хэн ч гэсэн юм бодох л байх. Харин албан тушаалд хүрсэнийх хахууль авахгүй, харснаа зүгээр өнгөрөөхгүй шахам нэвт шувт нэгжиж ажилдаа зүтгэлтэй хандаж буй нь гаалийнханд “тоон дотор үсэг” болж харагдахаас яахав. Хики үнэхээр шударга уу, эсвэл Пиноккио юу. Дүгнэлт хийх эрт байна.


“Улаан дээлт” угийн онцгой

“Зөнгөр” голдуу нөхөд ардчилал хийчихсэн ч юм шиг, ийм байх нь стандарт нь ч юм шиг сэтгэгдэл төрүүлэх тэдний дунд нэг боломжийн нөхөр байсан нь Дарь.Сүхбаатар.

Гэхдээ бас яаж зүгээр байх вэ. Түүний талаар ХБНГУ-д сургууль төгссөн, ХБНГУ-д Полийн дээдээс хөөгдсөн гэж хоёр янзын тодотгол явдаг. ОССН-ийн дэд дарга хийж байсан Дарь.Сүхбаатар бизнесгүй, төрд ч ажиллаагүй атлаа чинээлэг амьдралтай гэдэг. Жижиг намуудыг бүгдийг нь “гүйцээж” гишүүн болж явсан “улаан дээлт” Эби ерөнхийлөгчийг дагаж ардчилалд хөл тавьж байсан болоод ч тэр үү гомдлын үгээ ил шулуухан хэлж чаддаг.

ОБЕГ-ын дэд даргаар томилогдоод буй Дарь.Сүхбаатар он удаан жилийн гомдлоо тайлж сая нэг хөл хөсөр, гар амар налайж сууна. Хаа очиж “хэмлэх” дуртай нөхдөөс түүний талаар нүдээ олсон томилгоо гэж ам сайтай байгааг үзэхэд тэр онцгой нь ч онцгой юмаа. Нэг талаас тийм байтал нөгөөтэйгүүр шоглоод ч байгаа юм шиг. Зүгээр байгаарай.

Албан тушаалын бялуу хуваахад аюулгүй, эрсдэлгүй мөнгө гэгч нь бороо мэт асгарах байгууллага өчнөөн атал очиж очиж онцгой байдал, аюул ослын өөдөөс эрслэн тэмцэх албанд тохоох ч гэж. Угийн цөс ихтэй Дарь.Сүхбаатар нэг л өдөр өөрөө аврагч хийнэ гэж “манаргах” вий. Нэг үгээр хэлбэл тэр одоо ч гарааны улаан шугаман дээр байна гэсэн үг. Эвгүй дээ, эвгүй.

Тэдний цонхоор амьдрал яг одоо ийм өнгөтэй харагдана. МАН-аар дүүрэн хэд хэдэн дипломтой гял цал нөхдүүд ярайж байхад АН яахаараа ийм намтраар хүмүүсээ сонгосныг хэн эс мэдэх вэ. Магадгүй тэдний имиж, стандарт бус сонголтонд гаршсан, эрсдлээс айдгүйнх байж болно. Эсвэл хичээл хийж, “дипломны гол” болж явснаас энэ биеэрээ практик дээр суралцах дэврүүн хүсэлтэйн илрэл ч байж мэднэ. Аль нь ч байсан эцсийн дүнд ард түмний амьдралд шийдвэр нь “наалдаж” байвал болох нь тэр.

                                                                                                 Б.Ундрал /Гранд сэтгүүл №43/

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    МАН-аар дүүрэн хэд хэдэн дипломтой гял цал нөхдүүд ярайж Гэнэ үү? Тэд чинь ч харин ч нэг улаан луйварчин хогнууддаа
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
Сонин хачин