Үүл, Элбэг нарыг гүжирдсэн гэх Д.Нинж хаачив
2014/08/01

Ардчиллын алтан хараацай гэгдэх анхны 13-ын нэг Э.Бат-Үүл эрхмийг “С.Зоригийн аллагатай холбоотой” хэмээн бас л нэг алтан хараацай нь болох Д.Нинж гэдэг нөхөр хэвлэл мэдээллээр ярьсан билээ. Уг нь ганц Э.Бат-Үүл даргыг  ч биш, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч бас холбоотой гэсэн юм. Харин Чингэлтэй дүүргийн шүүх Д.Нинжийг хүн гүтгэж, доромжилсон хэмээн буруутгаж Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-оор яллан, дөрвөн сар баривчлах ял онооход хохирогч нь  Э.Бат-Үүл байсан юм. Хохирогчийн хувиар шүүх хуралд нь ирсэн нь тэр юм.  Ер нь бол энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нь олны танил нэр хүндтэй эрхмүүд байдаг жишиг давтагдсан гэхэд болно. Гэхдээ ардчиллын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөө гэдэг үгсийг хамгийн их хэрэглэж ярьдаг түшээ энэ удаагийн хохирогчоор тодорсон нь анхаарал татсан асуудал. Учир нь Үндсэн хууль болоод бусад хуулиудын зүйл заалтуудыг харахад Гүтгэлэг, доромжлол нь Эрүүгийн хуулиар ял оногдуулах ёстой гэмт хэрэг гэж тооцогдоход учир дутагдалтай байгаа юм. Тухайлбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн бүрт  Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бийг баталгаажуулчихсан. Харин  Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлд “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн заалт бий бол Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд  “Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гээд заагаад өгчихсөн байгаа юм. Тэгвэл Э.Бат-Үүл даргыг хохироосон хэрэгтэн Д.Нинж “Ц.Элбэгдорж, Э.Бат-үүл нарыг С.Зоригийн аллагатай холбоотой, гэх мэдээллийг эх сурвалжууд надад хэлж байна. Ард иргэдээс ирсэн мэдээллийг хуулийн байгууллагаар шалгаад өг” гэсэн агуулгатай зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан нь Үндсэн хуульд заасан тулгуур эрхээ эдэлсэн асуудал гэж харагдаж байгаа юм. Үүнийг ардчиллын төлөө  зүтгэн, авчралцсан Э.Бат-Үүл  ойлгоогүй өнгөрсөн гэж ойлгогддог. Тэрчлэн Эрүүгийн хуулиасаа гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтуудыг хассан орнууд олон байдгийг энэ цагийн хууль батлагчдад дуулгахад илүүдэхгүй болов уу.  Босни‐Герцоговини 2002 онд, Гүрж 2004 онд, Гана 2001 онд, Того 2004 онд, Шри‐Ланка 2002 онд, Украйн 2001 онд Гүтгэлэг доромжлолыг гэмт хэрэг гэж үзэх ёсгүйг баталгаажуулан Эрүүгийн хуулиасаа холбогдох зүйл заалтуудыг хасчээ. Мөн Австрали  улс энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн сүүлд 50 гаруй жилийн өмнө хорих ял хэрэглэсэн бол Норвеги 1933 онд, Итали 1950 онд хорих ял оногдуулж байсан гээд түүхэнд үлдчихжээ. Харин манай төрийн түшээд үүнийг ер сонсоогүй янзтай. Түүнчлэн Үүл, Элбэг нарын эсрэг дуугарсан Д.Нинж сүүлийн үед сураг тасарчээ.

 

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин