Н.Энхбаяр ба “Аалзны тор”
2014/08/01

Улстөрөөс угшилтайгаар нийгмийг аалзны тор мэт бүрхчихээд байгаа авлигын сүлжээ, далд эдийн засагтай холбоотой нийтлэлүүдийг тун ойрын эх сурвалжуудын мэдээллүүдэд тулгуурласан байдлаар нийтэд хэдэнтээ хүргэж байсан Дэд доктор Б.Ганбат хэмээх автор 2012 оны сонгуулиас сар гаруйн өмнө дахин гарч ирсэн билээ. Гэхдээ долоон жилийн дараа гэдгийг тодотгоё. Найман оны сонгуулийн үеэр яг энэ авторын зүгээс шуугиан тарьсан нийтлэлээр монголчуудтай уулзаагүй. Харин “Аалзны тор”-оор нь  автор хийсэн зарим нөхөд тэр хүртэлх хугацаанд байсан. Тэрчлэн Дэд доктор Б.Ганбат хэмээгчийн “Аалзны тор-6” нийтлэлийг сонгуулийн өмнөх улстөрийн нам хүчнүүдийн мэргэшсэн технологчдын уран бүтээл гэж тамгалж харахаас илүүтэй бугшсан идээ бээрийг цэвэрлэх ажиллагаанд нэмэр болж буй үйлдэл гэж харах уу гэдэг асуулт яах аргагүй гарч ирж байгаа юм.

Ямартай ч, “Аалзны тор-6” нийтлэл МАН болоод МАХН-ын алинд нь ч нэг нэгнээсээ дээрдэх зүйл үгүй гэдгийг илэрхийлэхээс дээгүүр  улстөрийн нам хүчнээр халхавч хийсэн, ханаж цадахаа умартталаа луйвар хийсэн төрийн зүтгэлтнүүдээсээ монголчууд ангижрах боломж ойр байна гэсэн ойлголтыг өгөхөд чиглэсэн харагдаж байгаа. Гэхдээ энэ удаагийн “Аалзны тор”-ын жинхэнэ автор нь АН, угаасаа ч тэд байсаар ирсэн гэх мессеж ч дагуулж буйг өгүүлэх нь зөв биз. Хэдийгээр тус нийтлэлд ардчиллын гоц дуу хоолой болсон алдарт нийтлэлч Баабар эрхмийг авах юмгүй болтол нь хийж, Дэд доктор Б.Ганбатын 7 жилийн өмнө “Өдрийн сонин”-д шуудангаар илгээсэн “Аалзны тор 5”-ыг Баабар хамгийн түрүүнд олзолж аваад өөрөө автор нь болж, улмаар “Аалзны тор”-ын гол нэхэгч Н.Энхбаярыг шантаажлан, удаан жилийн турш Ч.Улаан эрхмийн замд гай болох 11 сая доллар хулгай хийсэн гэх материалыг нь гартаа оруулсан тухай бичсэн ч, тэр бол зүгээр л  АН-аас холдуулах гэсэн арга. Явж явж энэ нийтлэлийн захиалагч нь сонгуульд ялалтын тугаа мандуулах гэсэн АН гэж харагсад цөөнгүй бий.

Гэхдээ тийм ч байлаа гэсэн сүүлийн арав гаруй жилийн хугацаанд монголын улстөрд хадагдаж, түүгээр халхавчлан нийгэм дэх авлигыг улам гааруулсан хэрэгт хариуцлага хүлээх ёстой эсэх нь хуулийн дагуу тогтоогдох бүрэн магадлалтай гэгдэж байгаа бүлэглэлийн чанартай нэр бүхий хүмүүсийн асуудалд цэг тавигдана гэдэг бол үнэхээр том асуудал. Авлигын сүлжээг улам бүр өргөсөх замыг шулуутгасан Н.Энхбаярыг өөрийнхөө буй болгосон түмэн төмөр шоргоолжнуудад бариулж байна гэж өгүүлснийг ч оноогүй үгс гэж шууд  тодорхойлох нь яарсан хэрэг болох биз. Гэхдээ бас шинэ “Аалзны тор” нийтлэлд лавшруулж харвал илүүтэй баталгаажих мэдээллүүд бийгийн зэрэгцээ эргэлзээ дагуулах зүйлс ч байгаа юм. Тухайлбал, Н.Энхбаяр, Р.Фрийдланд нарын хамтын ажиллагаатай холбоотойгоор үргэлжилж байгаа үйл явцуудыг дүгнэсэн хэсгүүд нь. Үнэхээр тэнд өгүүлсэнчлэн  Н.Энхбаяр “Айвенхоу Майнз”-тай нэг талд, харин  С.Баяр нар “Рио Тинто”-той нөгөө талд хүч хавсран суугаа гэж үү?

                               Н.Энхбаяр,  Р.Фрийдланд хоёрын эсрэг...

 “Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль гэж чамгүй дуулиан дагуулсан хууль бий. МҮХАҮТ-ын зүгээс энэхүү хуулийн төслийг өргөн баригдсаны дараа байр сууриа илэрхийлэхдээ “...энэ нь үндэсний аюулгүй байдлыг хангах бус харин ч үндэсний бизнесүүд  гадаадын дадлага туршлага, дэвшилтэт техник, технологиос суралцах, тэдгээрийн нөөц бололцоог ашиглах олон талын боломжийг шууд хаан, тэдний орон нутагтаа төдийгүй олон улсад өрсөлдөх чадамжийг боомилох замаар Монгол улсын  үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаанд урьд өмнө байгаагүй ноцтой заналхийллийг бий болгох аюул дагуулж буйг  анхааруулах нь зүйтэй хэмээн үзэж  байна” гэж байв.

Тодотгоход, гадаадын дадлага туршлага, дэвшилтэт техник, технологи гэдэг нь Өмнөд хөршийнхийг бус өрнийн хөрөнгө оруулагчдын дагуулж ирдэг зүйлийг хэлээд байгаа билээ. Нэг ёсондоо монголын улстөрчид сонгуулийг угтан гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах нэрийдлээр гуравдагч орны хөрөнгө оруулалтаас татгалзах асуудлыг хуульчлах алхмыг хүч хавсран хийсэн гэсэн үг юм. Тэгэхээр энэ тухай өгүүлэхийн учир нь, “Аалзны тор-6” нийтлэлд “...Фрийдландад мөнгө маш чухал, Энхбаярт эрх мэдэл маш чухал. Энэ хамтын ажиллагаа нь Монголын гадаад бодлого, үзэл баримтлал, геополитикийн бодлогод харшлах боллоо. 2009 онд Москвад болсон Хятад, Оросын Засгийн газрын хамтарсан хуралдаанаар Монголын талаар авч хэлэлцжээ. Монголд асар их байгалийн баялаг илэрснээр өрнөдийн орнуудын сонирхлыг хэтэрхий татаж байгаа нь хоёр орны геополитик бодлогод харш байна гэсэн дээр хоёр тал санал нийлсэн юм.

Иймээс өрнөдийн орнуудын томоохон хөрөнгө оруулалт, ялангуяа уул уурхайд оруулж буй хөрөнгө оруулалтад саад хаалт тавих талаар үзэл бодлоо нэгтгэсэн. Энэ нь Монголын сүүлийн 20 жил баримталж байгаа гурав дахь хөршийн бодлогод шууд хаалт тавих санаа. Монголд өрнийн хөрөнгө оруулалтын эсрэг хийрхэлийг сүүлийн хэдэн жил маш хүчтэй явуулж эхлэхэд Фрийдланд, Энхбаяр нарын шууд оролцоо маш тод харагддаг. Эдийн засгийн алуурчин хэмээх ном зэрэг зэрэг орчуулагдан үнэгүй тараагдаж гарав. Хаанаас гарч байгаа санхүүжилт вэ? Эдийн засгийн алуурчин нь юун түрүүн Рио Тинто... Саяхан гадны компанийн хийсэн судалгаагаар Монголд байгаа ашигт малтмалын нийт лицензийн 75 хувь нь үнэн хэрэгтээ хятадуудын гарт байна гэж тодорхойлжээ. Монгол эзэнтэй юм шиг боловч наймаа арилжаа ярихаар цаанаа аль нэг хятад компанийг заан эрх мэдэл тэнд байгааг хэлж  байна. Ингэхээр үнэн хэрэгтээ гуравдагч хөршийн бодлого цаасан дээр байгаагаас өөрцгүй. Үүнд тэнцвэр хадгалах өрнийн компанийн эсрэг цаанаасаа төлбөртэй асар хүчтэй компанит ажил нэгэнт дэгдсэн” хэмээн бичжээ.

Тэгэхээр цэвэр бизнесийн талбарынхны бухимдлыг барсан хуулийн төслийг улстөрчид барин гүйсэн нь сая өгүүлсэнчлэн өрнийн хөрөнгө оруулагчдын эсрэг ажиллагааны нэгээхэн хэсэг байсан байхыг үгүйсгэхийн аргагүй. Гэхдээ Монголын Засгийн газар тэрдундаа С.Баяр нартай үгсэн тохирч байгаад Оюутолгой төслийн менежмэнтийн эрхийг өөртөө авах боломж бүхий Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулалцсан гэх Рио Тинто-г шахахын тулд МАН давамгайлсан гишүүдээс бүрдэх УИХ нь хууль батлаж байна гэхээр үнэхээр сонирхолтой байсан.  

Оюутолгой ордыг эргэлтэд оруулахад Р.Фрийдландыг хань болохгүй гэж үзсэн Ерөнхий сайд С.Баяр “Айвенхоу майнз”-ыг шахах нууц тохиролцоотойгоор Рио Тинто-г оруулж ирсэн гэдэг нь хэрэв үнэн юм бол, өнөөдөр ч түүний эрх мэдэл хадгалагдаж байгаа гэх МАН нь тэрхүү тохиролцоог нь умартаж байгаа явдал болж таарах гээд байна. Уг нь бол төслийн удирдлагыг гартаа оруулахын төлөө Айвенхоу Майнз,  Рио Тинто хоёр тэмцэлдсэн гэдэг нь тодорхой. Тэд хувь эзэмшлийн асуудлаас болж Арбитрын шүүхэд ч хүрч байсан. Харин манай тал Рио-гийн талд үйлчилдэг гэдэг нь Оюутолгой төслийн 2/3 Рио Тинто-гийн мэдэлд очсон гэх мэдээллийг бид гадны хэвлэлүүдээс л олж авч байхад юу ч дуугарахгүй байсан гэдгээс эрхбиш ойлгогдож байв.  Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа талууд  Айвенхоу Майнз Лимитед компани болон Рио Тинто компанийн хооронд байгуулсан хувьцаа эзэмших гэрээний дагуу Рио Тинтогийн зүгээс Айвенхоу Майнз Лимитед-ийн хувьцааг эзэмших замаар Хөрөнгө оруулагчид болон Оюу толгой төсөлд хэсэгчлэн санхүүжилт хийхийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Харин энэ нь төслийн эрхийг шилжүүлж болно гэсэн агуулгыг шууд илтгэхгүйн дээр тухайн хоёр компани нь нэг нэгнийхээ хувьцааг эзэмших замаар төсөл дэх эрх мэдлийн хуваарилалтаа шилжүүлсэн нь “Аалзны тор”-д өгүүлээд байгаачлан манай Засгийн газар Оюутолгойн эрх мэдлийг Айвенхоу Майнзаас булааж аваад Рио-д өгсөн хэрэгт унахгүй гэсэн ойлголтыг өгч байгаа. Энэмэтчилэн харвал  Р.Фрийдландад 50 сая доллараар зарсан гэх Оюутолгойтой холбоотой асуудалд цөөн бус өнцөг бий аж. Түүнчлэн Оюутолгой ордын нөөцөөр “гоёж” биржүүдээс сая, саяар нь доллар босгосон Р.Фрийдланд нь Н.Энхбаяртай нийлэн өрнийн хөрөнгө оруулагчдыг шахаж яваа юм бол, Хятадуудын талд зогсож байгаа хүн гэж харахад хүргэж байна. Тэрчлэн Н.Энхбаярын оролцоотойгоор өөрийн мэдэлдээ авсан Нарийнсухайтын ордын үргэлжлэл болсон нүүрсний орд газруудаа Хятадын төрийн өмчит компанид өгөх алхмыг соёлтойгоор хийсэн хүн гэдгээс нь харахад ч тэгж ойлгогдож байна.

Ерөнхийлөгч асан маань Өмнөд хөршийн бодлогыг балиашиглагч Р.Фрийдландтай ийн элдэв янзаар нэр холбогддог. Н.Энхбаяр нэгэнтээ  “...Бурхан биш учир алдалгүй яахав. Монголчуудын маань амьдрал хүнд хэцүү байгаа цагт “Би алдсан, бас алдсаар байна” гэж гэмших ёстой хүн гэж өөрийгөө боддог. Тийм ч учир дотроо ард түмнээсээ дандаа уучлал гуйж байдаг билээ. Харин өнөөгийн эрх баригчдын надад хүчээр тулгаад байгаа асуудлыг би хийгээгүй юм шүү...” хэмээн өөрийгөө өмөөрч бичсэн алдарт захидал бас бий билээ. Гэхдээ тэрбээр нэгэнтээ ял сонсоод, дараа нь уучлагдсан. Гэхдээ Ерөнхийлөгчид. Харин ард түмэн түүнийг уучилсан эсэх нь тодорхойгүй...

Э.Болор

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    ENE BUH LUIVARCHDIIG ARD TUMEN HEZEECH UUCHLAHGUI UUCHLAH CH SETGEL BIDEND ALGA ARD TUMNEE HUURCH HUMSALJ UURSDUU BAYJISAN LUIVARCHIN GAHAINUUDIIG UUCHLAH ZURH BIDEND UGUI BOLSON EDNII UURSDII BURUU ARD TUMEN HEZEED TCEVER ARIUN ED BOL BUZAR BULIHAA LUIVARCHID BUGD ADILHAN ENHBAYR CHI ODDOO UUCHLAL GUIGAAD NEMERGUI DENDUU HOJIMDOJ
    2014 оны 08 сарын 03 | Хариулах
  • boogii
    Enhbayariig ard tvmen hezee ch uuchlahgvi!!!!Elbegdorg uls turiin tohiroltsoogoor uuchlal vzvvlsen baih!!!Tiim awaas Elbegdorjiig ch bas uuchlahgvi l bolow uu!2017ond huluu gozoilgood achigdah wii dee!!!!!!!!
    2014 оны 08 сарын 03 | Хариулах
Сонин хачин