30 шахам охин компанийн “эцэг”-ийн эзэн Л.Болд
2014/07/30

Төрийн бодлого болохгүй байна, бүтэхгүй байна, дарамттай байна гэсэн түмэн шалтгааныг тоочин,  үглэж дуулсаар улстөрд хөл тавьдаг бизнесийн салбарынхан гарч ирсэн хойноо жинхэнэ зорилгынхоо төлөө явж дийлдэг билүү. Хэрэв хувийн хэвшлийнхнийг тушаад байгаа хууль тогтоомжуудад хуруу гараа дүрж бусдыгаа аврахын төлөөнөө орж ирдэг юм бол болж бүтэхгүйн тухай яригсад яагаад цөөрдөггүй юм бэ гэсэн асуулт төр түшсэн эрхэм бизнесмэнүүдийг ямагт дагаж буй гэдгийг эхлээд тодотгоё. Ингээд илүүг нуршилгүй Гадаад харилцааны сайд Л.Болдод анхаарал хандуулъя.

 

УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй тэрбээр Германд боловсрол эзэмшиж ирээд  Монголын оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа ардчиллын төлөөх үйл хэрэгт оюутан залуусыг удирдан оролцож, улмаар АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байсан, шинэ үндсэн хуулийг батлалцсан түүх бий ч, түүнийг бизнесийн салбарт “торниж”,  улстөрд орсон гэх нь илүү үндэслэлтэй. Учир нь 1993 онд дүү Л.Болдхуяг болоод  найз Д.Баясгалан, М.Зоригт нарын хамтаар Бодь группыг үүсгэн байгуулж байсан бөгөөд тус групп нь өдгөө  банк санхүү, даатгал, электроник, мэдээллийн технологи, хэвлэл мэдээлэл,  интернэт, тээвэр зуучлал, аялал жуулчлал, барилгын хөрөнгө оруулалт, үйлдвэр худалдаа, автомашины худалдаа, үйлчилгээ гэхчлэн  олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 30 шахам охин компанийн эцэг болчихоод байна. Харин аварга том гэж тодотгоход болох эл “Бодь интернэшнл” группын хувьцааны  7896027 ширхэг буюу 33,34 хувь  нь Л.Болд сайдын мэдлийнх бөгөөд  Бодь группын охин компаниудын олонхи нь түүнийг  улстөрд хөл тавьснаас нь хойш байгуулагдсан байдаг.

 

Цаашлаад түүний өв хөрөнгийн тухай өгүүлэхээсээ өмнө бизнесээс улс төрд хөл тавьсан эрхмийн түүхээс цухас өгүүлэх нь зөв болов уу. Л.Болд эрхмийн аав Соёлын яамны сайдаар ажиллаж байсан нэрт эрдэмтэн  С.Лувсанвандан агсан  зах зээлийн шинэ нийгэм монголд бүрэлдэн эхэлсэн 1990 онд “Бодь” хоршоог байгуулж байж. Улмаар, аав ээжийнхээ байгуулсан хоршоог хоёр хүү нь найзуудтайгаа нийлэн өргөжүүлж “Бодь интернэшнл” компани болгохдоо  Германаас санхүүгийн дэмжлэг авсан байдаг.  Тэдний бизнес өргөжсөн үүх түүхийг харж байхад Л.Болдын санал санаачлага нэлээд жин дарж байсан нь харагддаг. Тухайлбал, “Бодь интернэшнл” компаниа байгуулчихаад хагас жил орчим худалдаа хийж овоохон хөрөнгөжсөний дараа “Бид дан ганц ийм наймаа хиймээргүй байна. Ирээдүйг одооноос харах ёстой. Ер нь оюун ухаанаа л ашиглаж хөдлөх хэрэгтэй” хэлсэн нь Л.Болд  байж. Энэ тухай “Монголын авьяаслаг бизнесменүүдийн нууц” номонд өгүүлсэн нь бий.

Мөн 1995  онд анхны хувийн банк болох ”Голомт” банк үүдээ нээхэд хүргэсэн шанг анх татсан хүн нь Л.Болд. Тэрбээр санхүүгийн чиглэлээр ажиллавал ирээдүйтэй болохыг  олж харж, бусад нь санал нэгдэснээр Голомт банкийг байгуулахаар эргэлт буцалтгүй шийдэж, улмаар  дүү Л.Болдхуяг нь  Германы “Коммерц” банкны захиралтай уулзсан уулзалт нь амжилттай болж хоёр сая дойч маркийн зээл нь бүтэж байсан түүхтэй аж.  Голомт гэдэг нэрийг аав нь ямагт бадарч дүрэлзэж байх ёсны билэгдлээр өгч байжээ. Ингээд ярьвал Л.Болд нарын бизнесийн түүх олон хуудаст багтах аж.

Тэгэхээр дээр өгүүлсэнчлэн Л.Болд эрхмийг  1996 оны УИХ-ын сонгуульд “Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш улстөрд албан ёсоор хөл тавьсан гэж харах нь зөв биз.

Тэрчлэн 1996 оноос хойш байгуулагдсан  охин компаниудынх нь мэдээллийг товч хүргэе.

1996   Даатгалын салбарт хувийн секторын анхдагч Бодь Даатгал компани байгуулагджээ.

1997  Бодь Групп мэдээлэл харилцаа, технологийн зах зээл рүү орж мэдээллийн технологи, компьютерийн худалдаа үйлчилгээний Бодь Компьютер ХХК үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

“1997  Автомашины худалдаа, vйлчилгээний Бодь Автомотив ХХК  байгуулагдаж, Монгол дахь Toyota, Isuzu, Skoda брэндийн албан ёсны дистрибьютер болжээ.

1997  Барилгын гүйцэтгэл хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах Бодь Пропертийз ХХК байгуулагдсан байна.

 

2000-2003  Олон улсын ачаа тээврийн Эс-Би Логистикс ХХК үйл ажиллагаагаа эхлэжээ. Бодь компьютер ХХК-ийн Компьютер худалдаа үйлчилгээний хэлтэс бие даасан MPC ХХК болсон байна. Электрон кард технологи болон пластик кард хэвлэлийн Бодь компьютер ХХК–ийн хэлтэс бие даасан Smartcard ХХК болжээ.

2002    Барилгын салбарт Монгол Хятадын хамтарсан Мон-Чи-Кон компани үйл ажиллагаагаа эхлүүлжээ.  Барилгын салбарт ихээхэн туршлагатай, нэр хүнд бүхий Монгол-Оросын хамтарсан Инкон ХХК-д хөрөнгө оруулалт хийж хамтран эзэмших болсон байна.

Мөн онд Сар Шинэ ХХК банк бус санхүүгийн байгууллага байгуулагдсан байдаг.  Монгол Лизинг ХХК байгуулагдав.

2003-2005     “Бодь цамхаг” хамгийн орчин үеийн дизайн шийдэл бүхий оффис барилга ашиглалтанд оров.   Бодь цамхаг” ХХК үл хөдлөх хөрөнгийн компани үйл ажиллагаагаа эхлүүлжээ.  Мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч анхны компани болох Мэйжикнэт ХХК-д хөрөнгө оруулж хамтран эзэмших болжээ.

2005    Мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байсан Бодь Группын 3 охин компани менежментийн бодлогын дагуу нэгдэж Бодь Электроникс нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

“2006-2008   Бодь Электроникс ХХК нь Fujitsu Siemens-ийн хамгийн анхны үзүүлэх танхимыг Улаанбаатар хотод нээв.

“Бодь Пропертийз” Голомт хотхон орон сууц болон үйчилгээний цогцолборыг бүрэн ашиглалтанд оруулав.

Бодь Автомотив ХХК нь Монгол дахь SIXT группын албан ёсны төлөөлөгчийн газраа нээв.

2007  Бодь электроникс ХХК нь Miele брэндийн албан ёсны дистербьютер болж үзүүлэх танхимийг Улаанбаатар хотноо нээв.

Бодь электроникс ХХК нь Бодь компьютер маркет нэртэй компьютер болон аюулгүйн системийн төвийг нээв.

Дэлхийн тэргүүлэх дүнзэн байшингийн үйлдвэрлэгч Финляндын Хонкатай хамтран Хонка Лог Хоум ХХК нь үйл ажиллагаагаа нээв.

2008-2010   Сайфлинк ХХК нь TBE ХХК-тай 51% -ийн хөрөнгө оруулалттайгаар  хамтран уул уурхай, барилга угсралтын машин худалдаа, гүүр зам барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

2009    Сүхбаатар хөгжил” компани  байгуулагдав.

“2010″  Бодь автомотив компанийн автомашин худалдаа, засвар үйлчилгээний иж бүрэн төв нээгдэв. Мөн Үл хөдлөх хөрөнгийн удирдлагын чиглэлээр “Proset real estate” компани тус тус байгуулагджээ. Мөн хэвлэл мэдээллийн салбар дахь хөрөнгө оруулалт болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бий. Тэгэхээр Л.Болд эрхэм Монголын улстөрд хөл тавьсаны араас “Бодь интернэшнл” группын 20 гаруй охин компани мэндэлсэн байна.

“Шинэ төгөл” хотхон

Сонирхолтой нь, ийм хэмжээний группын үүсгэн байгуулагч эрхэм 2008 сонгуулиар гарч ирсэнийхээ дараа АТГ-т УИХ-д сонгогдогчийн хувьд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ өөрийн орлогоо  43875.6 төгрөг гээд гэр бүлийн гишүүдийн орлогоо мэдүүлээгүй байдаг. Орон сууц 1 ширхэг гээд үйлдвэр үйлчилгээ 0 ширхэг хэмээсэн нь анхаарал татдаг. Мөн машингүй, малгүй, бас газаргүй гээд л байх юмгүй хүн шиг мэдүүлсэн байдаг юм. Гэхдээ Бодь Интернэшнл ХХК-д  7896027 ширхэг хувьцаа эзэмшигч гэдгээ илэрхийлж байж.

Мөн 2010 онд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын хувиар хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ ч машин, үйлдвэрлэл үйлчилгээгүй гэсэн. Мөн иргэнийхээ хувиар газраа өмчилж аваагүй юм байна гэж ойлгогдохоор мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр эрхмүүдээс хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг нэртэй АТГ-ын үйл ажиллагаа эндээс харагдаж байна гэхэд болох юм.

Ямартай ч,  “Далд шийдэгдсэн бэлэн асуудлыг парламент хэлэлцэж байгаа”-д шүүмжлэлтэй ханддагаа илэрхийлэх дуртай энэ эрхэм Сонгуулийн хуулийг шинэчлэхээр нөхдийн хамт хуулийн төсөл боловсруулсан нь, хэлэлцэгдэж байгаа  билээ. Сонгогчид эрх баригчдаас  ажлын байр, орлогын өөр эх үүсвэр, бизнесийн таатай орчин, нийгмийн шударга тогтолцоог хүсч байгаа талаар мэдэж буйгаа илэрхийлдэг тэрбээр Хүний хөгжил сангийн тухай хуулийг өөрийн санаачилга гэдэг дээр баттай зогсдог юм.  Хүний хөгжил сан гэдэг нь улстөрчдийн бэлэн мөнгөний амлалтыг биелүүлэх гол дамжлага гэдгийг хэн хүнгүй мэднэ. Л.Болд хэлэхдээ “…Баянмонгол корпораци байгуулах үзэл санаа тусгалаа олсонд би санаачлагчийн хувьд төдийгүй монгол улсын нэгэн иргэний хувьд баяртай байна. Зөвхөн би төдийгүй монголчууд бүгдээрээ баярлах учиртай том шийдвэр гэж бодож байна. Учир нь, өмнө нь уул уурхайн зарим том төсөл манай улсад хэрэгжсэн ч үр шимийг нь эрх мэдэлд ойр хэсэг бүлэг хүмүүс хүртэж, дийлэнхи ард иргэдэд хүртээлгүй явж ирснийг бид мэднэ. Харин одоо иргэн бүр хувь, хишиг хүртэж, баялгийнхаа эзэн байх боломжийг Хүний хөгжил сангийн тухай хууль бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл Баянмонгол корпораци байгуулах санаа маань мөрөөдөл байснаа бодит биеллээ оллоо” хэмээн ярьдаг юм. Гэтэл хэрэг дээрээ нөгөө Хүний хөгжил сан нь халамжийн тунг хэтрүүлж,  эдийн засагт нэрмээс болсон билээ.

Э.Болор

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • зочин
    өөрийн бизнесээ өргөжүүлж байгаа шигээ улс орондоо анхаарал тавиасай эд нар.чадахгүйтбол зайлаад өгөөч
    2015 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Saidiin huu bsn ch geh shig tiim l mundag bsn um Bol l.bold huulii zorchin bohir zavaan uls tor hiij Hund gai bolihoo boil moor um. Er Hun shig bie avchiraarai javj chadahgui dandaa haa cohesion gazaraa uls oron ard tul end gai l bold bdg biz dee
    2014 оны 07 сарын 31 | Хариулах
Сонин хачин