89 компанийн эзэн явсан бизнесмэн улстөрч
2014/07/23

УИХ-д суугаа гишүүдээс хөрөнгө орлогын хэмжээгээрээ нэгдүгээрт бичигдэж байгаа Б.Чойжилсүрэн эрхэм хоёр ч удаа парламентад суухдаа сонгогчдод мөнгө тараасан гэх хэл аманд орсон. Тэр асуудлаасаа болон УИХ-ын гишүүнээс эргэн татагдаж магадгүй байсан ч, тогтоод үлдсэн. Үнэн хэрэгтээ Б.Чойжилсүрэнгийн хувьд өнгөрсөн жилүүдэд өөрийн бизнесээ л өөд нь татсанаас бус, төрийн ажилд дорвитой ханцуй шамлаагүй гэдгийг нь хэн ч хэлдэг. Өөрийгөө нэгэн цагт 89 компанитай байж үзсэн хэмээн бизнесмэнийхээ зангарагийг илтгэн ярих дуртай тэрбээр үнэндээ бол улстөрийг түшсэн цагаасаа өөрийн компаниудаа жинхэнэ утгаар нь өөд нь татсан байдаг. Ямартаа л УИХ-ын гишүүн болохоосоо өмнө буюу 2006 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилогдсоноос хойш “Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч болсон бол 2008 онд гишүүн болсныхоо дараа зургаан компани шинээр байгуулсан байдаг. Түүнчлэн өмнийн говийн нүүрсийг урд хөрш рүү урсгах их бизнес нь ч цэцэглэж, 100 тоннын даацтай 1500 гаруй машинаар нүүрс тээвэрлэх болсон гээд аваад үзэхээр үнэхээр том эргэдэг нөхөр байж таарах гээд байгаа юм.

Тэрбээр  “Хурд” групп, “Хурд-Хүнс”, “АпартментКейЭйч”, “Хурд ложистик”, “Хурд-Автомотив”, “Хурд-Интернэшнл” Хурд-Авто”, “Хаусинвест”, “Талын шонхор”, “Саудгобикоэлтранс”, “Саудгобиблейкгоул” зэрэг арваад компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг бөгөөд “Хурд”,  “Рапид харш”, “Апартмент кей эйч хотхон” зэрэг хотхонуудыг барьсан. Гэхдээ эдгээр хотхонуудын барилгын чанар нь шаардлага хангахгүй байна гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд олонтаа гарсан билээ. Түүнчлэн Хурдын барьж байгаа барилга дээр осол гарч хүний амь үрэгдсэн харамсалтай явдлууд ч гарсан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Нүхтийн аманд барьж буй амины орон сууцны барилгын ажил явагдаж байх үеэр нурж, дөрвөн хүн гэмтэж, нэг хүн амиа алдсаныг энд хэлэх нь зөв биз. Харин ийм ослууд дээр Хурдынхан хариуцлага хүлээж байгаа эсэх нь мэдэгдэхгүй өнгөрдөг.

Мөн Б.Чойжилсүрэн гишүүн нийслэл дэх  ашигтай байршилтай газруудыг өөрийн болгож дадсан нэгэн. Ямартаа л Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компани Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талын том талбайг  дур мэдэн эзэмших болсон юм. Хүүхдийн урлан бүтээх төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энхтуяа энэ тухай гомдлоо Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн байдаг. Гомдолдоо  “Хурд интернэшнл” компани нь Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд орших 3724 метр квадрат талбайд гадна тохижилт, цэцэрлэгжилт, автомашины зогсоол хийх ажлыг 2009 онд Нийслэлийн Барилга Хот байгуулалтын төлөвлөлтийн газрын баталсан зураг төслийн дагуу гүйцэтгэж байна. Энэ газар нь Хүүхдийн урлан бүтээх төвийн эзэмшилд багтах бөгөөд 2012 оноос өдийг хүртэл хугацаанд  манай байгууллагын эзэмшил газарт тохижилт, цэцэрлэгжилтийн ажил, автомашины зогсоол байгуулах талаар мэдэгдэл, албан хүсэлт огт ирүүлээгүй” гэсэн байдаг. Мөн хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урд талын талбайг ч зориулалт бусаар тохижуулж автомашины зогсоол хийсэн талаар нь, бас  “Хурд”-ынхан урлан бүтээх төвтэй бараг залгаа шахуу томоос том зочид буудал бариад дуусч байгааг нь ч өгүүлсэн байдаг. Гэсэн ч “Хурд”-ын хуудуутай үйл ажиллагаа үргэлжилсэн хэвээрээ байгаа юм.

Тэгэхээр энэ мэтээр даварч ирсэн Б.Чойжилсүрэн гишүүн уул уурхайн бизнеэсээ улам өргөжүүлж байгаа юм билээ. “Саут гоби блейк гоулд” ХХК-ийнх нь үйл ажиллагаа сүрхий сайн байгаа тэрээр Өмнөговь аймгийн “Цагаан хад”-нд дараагийн уурхайгаа нээчихсэн аж. Гэр бүлийн орлогоо жилд 4-5 тэрбум төгрөг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн тэрээр өдгөө өөрийн бизнестээ ихээхэн дэмжлэг болох хуулиудыг лоббидож суудаг нэгэн гэдэг нь өнгөрсөн жилүүдэд тодорхой болоод байна.

М.Мөнхжин

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Japan townaas
    Huurhiiduu ene balgas l baridagshdee um uzeegui uchraas tiimhen um hiij bgaa ur huuhed ni aaviinhaa tuluusiig tulnuduu gej
    2014 оны 07 сарын 23 | Хариулах
  • zochin
    Gaigui hudurlmurluj chadaj bga negnee bitgii ingej baildaa, jiriin irgen zugeer 1 setguulchiig bodvol haritsuulashgui eh tatvar tulj olon huniig tsalinjuulj yvaa hun baih..
    2014 оны 07 сарын 23 | Хариулах
  • pkx
    Юм хийж яваа хүнийг юунд тэгж байдаг юм бэ, гуйлагчингийн амьдрал муухай ш дээ. Харин энэ хүмүүсийг татвар хэр төлж байгаагаар нь шүүнэ гэвэл дэмжинэ шүү
    2014 оны 07 сарын 23
  • Зочин
    НЭГ Л ТӨРЖ, НЭГ Л ҮХНЭ ШҮҮ ДЭЭ. ХҮНИЙ ШУНАЛАА ГЭЖ....
    2014 оны 07 сарын 23 | Хариулах
    • pkx
      Юм хийж яваа хүнийг юунд тэгж байдаг юм бэ, гуйлагчингийн амьдрал муухай ш дээ. Харин энэ хүмүүсийг татвар хэр төлж байгаагаар нь шүүнэ гэвэл дэмжинэ шүү
      2014 оны 07 сарын 23
Сонин хачин