Бор дарсанд дурлаж явсан бүхий л эрчүүдийн сүлд дуу “Ундааны дээж нь архи нь болбол доо хө” хэмээн уянгаладаг дууны үг нь Р.Чойномынх бол, аялгууг нь А.Бямбабаяр хэмээх энэ билэг танхай хөгжмийн зохиолч урласан байдаг. Хөгжмийн төрмөл авьяастай, авьяас шигээ аархуу, дургүй нь хүртэл хэлж л орхидог мужик зан, ядрач зүдэрсэн нэгнийг энэрч хайрлах эр хүний уужуу сэтгэл гээд одоо цагт ховордсон бүхэн энэ эрхэмд бий. Морин хуур наадмаас 3 удаагийн түрүү, 7 дэд байр авч, хөгжмийн урлагт рекорд тогтоохдоо 20-р зууны шилдэг дуунуудыг урласан ноён А.Бямбабаяр хэсэг бор дарсанд толгойгоо мэдүүлж, авьяасын шан гэмээр аашилж, алдаж эндэж явсан үе бий. Гэвч эр хүн нэг арьсанд гурав эцэж, гурав таргалдагийн үлгэрээр эр хүний ид жигдрэх насан дээрээ архи уух нь бүү хэл уруул ч хүргэхээ больж, амьдралаа шинээр эхлүүлж, уран бүтээлдээ эргэн ханцуй шамалсан нь эрийн шийртэйнх. 2007 оноос хойш Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, нэгэн цагт төрийн халамжинд байснаа болиод зах зээлийн нийгмээс хойш айлын шоовдор хүүхэд мэт болсон байгууллагыг ёстой бор зүрхээрээ, урлагт хайртай сэтгэлээрээ чирч яваа гавьяатай. Түүнээс өөр энэ байгууллагыг удирдаж, авч явах энэрэнгүй сэтгэлтэн ч үгүй биз. Жил жилийн Морин хуур, Алтан намар наадмаар төр болоод бизнесийнхээс бусдын өмнөөс бадар бариад гуйлга гуйх нь холгүй явж харагддаг. Тэр урлагт, хөгжимд тийм л хайртай нэгэн.
Ийн дөч гарсан насандаа амьдрал, уран бүтээлээрээ дахин нэг төрсөн ноён А.Бямбабаярыг бор дарсанд орж, амьдрал гундуухан явах цагт анхны эхнэр, хүүхдүүдийнх нь ээж салж одсон гэдэг. Урлаг уран сайхан ойлгодоггүй, амьдралыг материалист нүдээр хардаг анхны гэргийтэйгээ чухам ийм л шалтгааны улмаас эрхэм хөгжмийн зохиолч зөрчилддөг байсан хэмээн ойр дотныхон нь учирладаг. Анхны эхнэрийнх хүүхдүүд нь өдгөө залуу гэргийтэй нь эн чацуу шахуу хүүхдүүд байдаг бөгөөд том охин нь шүлэг найраг оролддог сэтгүүлч бүсгүй байдаг. Харин түүнийг насны элгэн дээр догдлуулж, галыг нь манаж, цайг нь чанах болсон залуу гэргий нь ноён хөгжмийн зохиолчид хэнз охины зулай үнэрлүүлж, сэтгэлд нь нар мандуулсан гавьяатай. Хосууд ханилаад нэлээдгүй жил болж байгаа бөгөөд үе мултарсан залуу гэргий, хэнц охиндоо хөгжмийн зохиолч хамаг байдгаа зориулж, хошуу дэвсдэг гэнэ лээ. Жил жилийн наадмаар залуу гэргийтэйгээ үндэсний дээлээр ижилсүүлэн, эгээтэй л 18-т шиг хөтлөлцөн наадамладаг уламжлалтай ноён Б.Бямбабаяр “Нас явж байгаа ч гэсэн өдөр бүр байгаль эх дэлхийдээ дурлаж, хөгширч байгаа ч гэсэн миний уран бүтээл, онгод минь цэл залуугаараа байна” хэмээн ярих дуртай.
Сэтгэгдэл (11)