
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг улсад 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулж, төсвийн хөрөнгийг завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж байгааг албаны нөхдүүд хэлж байна. Ер нь бол Л.Гансүхтэй холбоотой анхаарал татсан асуудлууд хэд хэдээрээ гарч ирж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй юм. Ямартаа л төрийн мэдлийн Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө сайн ажилласан гэж үнэлцгээн тус бүр 90 сая төгрөгийн урамшууллыг өөрсдөдөө олгочихсон байсан асуудалд ихэд зэвүүцэж, төрийн албан хаагчийн ёс зүйгээ уландаа гишгэсэн ийм хүмүүсийг төрийн албанд дахин ажиллах эрхгүйгээр халж явуулах нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрт нь гуравхан сар зөвлөсөн зөвлөхүүддээ 5-30 сая төгрөгийн урамшуулал олгоход тэргүүн эгнээнд гараа тосоод зогсож байсан нөхөр нь Л.Гансүх байсан байдаг. Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн статустай Л.Гансүх Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа хууль журам зөрчсөн гэх асуудлуудад нэр холбогдож явсан нь цөөнгүй.
Өнгөрсөн хоёрдугаар сард гэхэд л арилжааны банкны 2 сая ам.долларын зээлийг зувчуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа нь дуулдаж байв. Тэгэхээр АТГ-аас хэлээд байгаа 3.6 тэрбумын асуудал нь энэ хэрэг гэсэн үг юм. Тодруулбал, тэрбээр "Хүннү стийл" компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Цэрэнжагзан, тус компанийн гүйцэтгэх захирал Н.Энхбаатар, "Хүннү стийл" компанийн ТУЗ-ийн гишүүн М.Сүхбаатар, "Их Эрдэнэс консалтинг" ХХК-ийн захирал С.Соёл-Эрдэнэ, тус компанийн ерөнхий геологич Т.Бүрэнбадрах, Эрдэс баялгийн зөвлөлийн дарга асан Ө.Оюунбаатар, Ашигт малтмалын газрын дарга асан, Эрдэс баялгийн зөвлөлийн дэд дарга асан М.Ариунбаяр нарын хамтаар энэ хэрэгт шалгагдаж байгаа юм байна. Хэргийн талаар өгүүлбэл, "Хүннү стийл" компанийн удирдлагууд 2012 оны зургадугаар сард М\/-017017 тоот ашигт малтмалын ашиглалтыи лицеиз барьцаалан "Голомт" банкнаас хоёр сая ам.долларын зээл авсан байдаг. Гэвч зээлээ төлөлгүй хариуцлага алдсан учраас тус компанид хөндлөнгийн шалгалт оруулахад, хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан ашигт малтмалын лицензээ барьцаалан зээл авсан нь илэрсэн байгаа юм. Харин “Хүннү стийл" компанид хуурамч бичиг баримт бүрдүүлэн лиценз гартаа оруулах тал дээр нь Л.Гансүх нарын нөхдүүд тус үзүүлж, холбогдох газруудад нөлөөлсөн гэх асуудлаар шалгагдаж байгаа аж.
Л.Гансүхийн тухайд энэ нь лицензийн хэрэгт холбогдсон эхний тохиолдол биш. Иргэдийн хяналт, мэдээллийн сүлжээ байгууллагаас Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба, Л.Гансүх хоёрыг лицензийн хэрэгт холбогдуулан шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өгч байсан. Л.Гансүхийг сайд байхдаа 200 лиценз бусдад эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж олгосон, бусадтай бүлэглэн хувьдаа завшсан гэх үндэслэлээр өгсөн байдаг. Гэхдээ тэрбээр хуулийн өмнө толгой гудайгаад байдаггүй нэгэн гэдгээ өнгөрсөн хугацаанд сэтгүүлчидтэй заргалдан байж харуулсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Өдгөө урагшилж гавихгүй байгаа Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын талыг төлөөлж байгуулсан гурван сайдын нэг тэрбээр өөрийгөө ихэд гавьяатай нэгэн гэх зүйлийг ярих дуртай. Ямартаа л Оюутолгойн гэрээний талаар “...Өнөөдрийн нөхцөл байдал бидний харснаар хамгийн сайн хувилбар нь энэ л байсан. Дахин нэг давуу тал нь юу вэ гэхээр гадаадынхны үл итгэлцэл, дотоодынхны хардалт сэрдэлт дотор бөглөрчихсөн байсан бөглөөсийг цөм цохиж явуулсан.Энэ бол бидний хийсэн гавьяа.Үүнийг зөв зам байсан гэдэгт бат итгэлтэй байгаа.” хэмээн ярьж байхав. Тэгэхээр өөрийгөө огт гэм буруугүй хэмээн үздэг сайд асан түүнд холбогдох хэргийг хууль хүчнийхэн хэрхэн шийдвэрлэх нь анхаарал татаж байна.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна