Л.Болд, Ц.Оюунгэрэл хоёрын “бизнес” төлөвлөгөө
2014/07/02

Улстөрчдийн оролцоотой газрын наймааны гол цэг нь нийслэлийн А зэрэглэлийн бүс байхаас гадна нийслэл дэх тусгай хамгаалалттай газар нутаг бүрэн өртөөд багагүй хугацаа өнгөрсөн. Түүнчлэн Дархан цаазат Богдхан уулын нутаг дэвсгэрээс хэсэгчлэн тасдаж, тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл  гэх ихээхэн хардалтыг араасаа дагуулаад байгаа асуудлын талаар нэг хэсэг шуугиад намжсан байдалтай байна.

Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын нөхдүүдийн санаачилсан эл төсөл хуульчлагдах юм бол энгийн номхон иргэдээс илүүтэй эрх мэдэлтнүүдэд үр ашигтай байх гээд байна гэдэг асуудлыг хэлэх эрхмүүд байгаа юм. Сонгуульд ялалт байгуулахдаа сонгогчдоо газрыг нь өмчлүүлнэ гээд амлачихсан гэдгээ хаа ч хэлж ярьж явдаг энэ хоёр эрхэм салбарын яамны нөхдүүдийн эсэргүүцсэн байр суурийн эсрэг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй Засгийн газрын гишүүд болоод бусад олон улстөрчдийн дэмжлэгийг аван  улайрч байгаагийн цаана хэний эрх ашиг илүү тавигдаад байна вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэвлэлд энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ өөрсдийнх нь санаачилсан тогтоолын төсөлд хууль, журам зөрчин баригдчихсан барилгуудаас ерөөсөө оруулаагүй, зөвхөн сонгогчид болох 600 гаруй айл өрхийн газрыг тусгай хамгаалалтаас чөлөөлөх асуудал агуулагдаж байгаа гэх ч, үнэн хэрэгтээ Л.Болд, Ц.Оюунгэрэл нар “Нэгэнт л хамгаалах, хянах боломжгүй болсон Арцат, Богинын амуудыг тусгай хамгаалалттай газар нутгийн бүсээс хасъя” гэсэн саналыг өргөн барьсан байгаа юм. Харамсалтай нь, БОНХЯ-наас бусад яам энэхүү саналыг нь зөвшөөрсөн гэж байгаа юм. Мөн энэ хоёр эрхмийн санаачилсан тогтоолын төсөл батлагдчихвал Дархан газрын хилийн цэсийг өөрчлөхийн тулд тухайн бүс нутгийг бүхэлд нь чөлөөлөхөөс аргагүй болж таарна гэдгийг ч хэлэх эрхмүүд байгаа.

Хачирхалтай нь, Ц.Оюунгэрэл хатагтай энэ талаар байр сууриа илэрхийлж  хэлж ярих болохоороо Арцат, Богинын амыг хилийн заагаас чөлөөлөхөөр төсөлд тусгасан тухайгаа дуугарахгүй байгаа нь хэвлэлийнхний анхаарлын гадна яаж үлдэх билээ. Лав БОНХЯ-ны төлөөлөгч тэдний санаачлаад байгаа энэ төсөлтэй холбогдуулан  “Төр хууль бус үйлдлийн өмнө буулт хийх ёсгүй. Цаашид хэн нэгэн эрхтэн дархтан дураараа авирлаад газар олгодог, эцэст нь төр бууж өгөөд хуульд өөрчлөлт оруулдаг байдал газар авна. Тиймээс манай яам энэ саналыг эсрэг бат зогсоно” гэж байсан. Мөн  Арцатын болон Богинын амыг тусгай хамгаалалтаас хасвал сөрөг үр дагавар гарна гэдгийг ч салбарын яамны зүгээс хэлээд байгаа. Мөнгөтэй, эрх мэдэлтэй нөхдүүд эдгээр амуудад эзэн сууна, эсвэл 2012 онд Горхи-Тэрэлж,Хөвсгөл нуурын эргээс хэсэг газрыг тусгай хамгаалалтаас хассаны дараа тэдгээр газарт хэн дуртай нь үйл ажиллагаа эрхэлж хог, хаягдалд дарагдан хариуцах эзэнгүй болоод байгаа шиг нөхцөл байдал үүснэ гэдгийг хэлээд байгаа юм.

Сонгогчдын нэрийг урдаа барин хэсэг бусгийн эрх ашгийг хойноо нуучихаад байгаа мэт үзэгдэх энэ анхаарал татсан асуудал дээр голтой хандаж, тулхтай шийдвэр гаргах учиртай.

Ил тод харагдахдаа гоё сайхан хэлж ярьчихаад хэрэг дээрээ нийгмийг, нийтийн эрх ашгийг сульдуулан хөнөөж байдаг хүмүүсийн олонхи нь улстөрчид байдаг. Л.Болд, Ц.Оюунгэрэл нар ч тэдний тоонд багтаж байна.

М.Мөнхжин

 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • ZOCHIN
    OROI NI AMERIK NOHORIIN OVORT ODOR NI MONGOL TORIIN ALBAND MONGOLIIN URLAGIIN SOR BOLSON HUMUUS ZONDOO BAIHAD DAAAN CH YAV DAA HARAHAAS DURGUI HUREH YUM
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
Сонин хачин