Монголын хууль эрхзүйн салбарт их реформыг хийнэ хэмээн итгэл дүүрэн тодорч гарч ирсэн Х.Тэмүүжин сайд үнэхээр чигч шударга нэгэн гэдэгт олон нийт эргэлзэж эхэлсэн нь өнөөдрийн тухайд гарцаагүй үнэн болж таараад байна. Хууль зүйн сайдын сандалд суугаад хэдхэн хонож байхад нь дүү Х.Хулан нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны газрын дарга болсон нь ашиг сонирхлын зөрчилийн талаар үгэлж дуулдаг Х.Тэмүүжинтэй тухайн үедээ холбогдож яригдаж байсан ч, аргагүй чадвартай хүмүүс бол болохоос яахав гэх хандлага нийгэмд давамгайлж байв. Ер нь бол тэгээд өнгөрсөн. Гэтэл одоо бол зүгээр нэг өнгөрөөхөд хатуудмаар олон асуудалд сайд нэр холбогдоод байна. Бүхэл бүтэн тусгаар улсын хууль зүйн сайдын албан тушаалыг хашиж буй хүний хувьд нэр холбогдохын аргагүй нэг асуудал нь Г.Сарангэрэл гэх хар тамхины хэрэгт холбогдсон охинтой насанд нь хүрээгүй байхад нь дотно харьцаа үүсгэсэн гэх асуудал юм. Гол нь түүнийг Хууль зүйн сайд байхад нь танилцаж дотноссон гэх зүйлийг нөгөөх Г.Сарангэрэл нь цэнхэр дэлгэцээр ярьсан юм. Хэдийгээр Г.Сарангэрэл өөр мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө өмнөх ярилцлагад дурдсан зүйлсийнхээ талаар эргэлзээтэй үгсийг хэлсэн ч, хэрэг дээрээ сайд охин хоёрын хооронд огт юм байхгүй гэдэгт итгэхийн аргагүй байгаа юм.
Х.Тэмүүжин сайд 25 дугаар суваг телевизийн нэвтрүүлэгт оролцож Г.Сарангэрэлтэй нэр холбогдсон талаараа тайлбар хийхдээ “-Би бол тэр хүнийг буруутгахгүй байна, бараг өмөөрөх ч ёстой юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл тэр хүний хувь заяа хүний гарт байна шүү дээ. Уг нь бол хуулийн гарт байх ёстой байхгүй юу. Ямар нэг гэмт хэрэгт сэрдэгдэж шалгагдаж байгаа хүн хуулийн гарт байх ёстойгоос биш хүний гарт байх ёсгүй. Гэтэл харамсалтай нь яг одоо бидний амьдарч байгаа цаг үе, шинэтгэлийн үйл явц дунд өөрчлөгдөж амжаагүй, өөрчлөх ёстой зүйл бол гэмт хэрэг илрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор өөрсдөө гэмт хэрэг хийдэг, хууль ийм байна гэж хэлж байгаа боловч хувийнхаа ааш аягийг гаргааг хэсэг байна. Үнэхээр тэр хүн хар тамхины хэрэгт шалгагдаж байгаа бол түүнийгээ яаж шийдүүлэх вэ гэдэг нь тэр хүний хувь заяа байна шүү дээ. Тэрийг нь шалгаж байгаа хэсэг нөхдүүд байна. Түүгээр дөрөөлж зохиол бичээд над руу цацаж байгаа нэг хэсэг байна.” гээд “-Тэр эмэгтэй үнэхээр хар тамхины хэрэгт холбоотой юм уу?” хэмээн сэтгүүлч асуухад “-Би яаж мэдэх юм, шалгаж байгаа цагдаа нараас нь асуухгүй юу. Ямар ч байсан эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгаж байгаа юм байна,
тэрнийх нь үнэн мөн шүүхээр л эцэслэн тогтоогдоно. Магадгүй, зохион байгуулалттай ч юм явсан байж магадгүй. Энэ хүн ийм юм байна, Тэмүүжинг таньдаг гэж байна, түүгээр нь далимдуулаад Тэмүүжинтэй тооцоо хийе гэдэг бодлого явж байгаа юм шиг байна. Тэгэхээр та наад гоё асуултаа энэ зохиолыг бичсэн хүмүүсээс очоод асуувал илүү сонирхолтой бөгөөд үнэмшилтэй ярьж магадгүй. Магадгүй шүү. Би бол нэг л зүйлийг хэлнэ. Хэрвээ энэ арга барилаараа бүгдийг худалдаж авна, худалдаж авч чадахгүй бол айлгаж байгаад, бөөн хар юм аваачиж нааж байгаад өөрийнхөө өмнө авчирч зогсоогоод ашиг сонирхлоо гүйцэлдүүлнэ гэж бодож байгаа бол үгүй. Уучлаарай. Тэгж бодож байгаа хүн байвал би дахиад хэлье. Уучлаарай. Тэр бол та нарын л зохиол. Би тэр зохиолын чинь гол дүрд тоглохгүй.” хэмээн хэлнэ лээ.
Яахав, сайд үнэнийг хэлж байж болно. Гэхдээ тэр үнэн бишийг ч ярьж байж болно. Үнэндээ их эргэлзээтэй байр байдалд Х.Тэмүүжин сайд байж байна. Г.Сарангэрэл “Би Тэмүүжинг сайн ах гэж боддог байсан” хэмээн ярьсан. Харин Х.Тэмүүжин түүний энэ үгсийн хариу болгож “-Би маш тодорхой хэлсэн. Би тэр эмэгтэйг танина. Өнгөрсөн хавар нэг хүний төрсөн өдөр дээр тааралдаж байсан.” хэмээн хэлнэ лээ. Г.Сарангэрэлийн тухайд танилцаад 2 жил болж байгаа гээд буй бол сайд маань “үгүй нэг жил” гээд гүрийгээд байгаа. Хэрэг дээрээ бол Сайд Х.Тэмүүжингийн энэ байр байдал нь ичиж зовмоор л байгаа юм.
Хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл охин тэр хоёр танилцаад 12 сар болсон ч бай, эсвэл 14-15 сарын хугацаа өнгөрсөн ч бай, гол нь тэр сайдын сандалд суусан хойноо насанд хүрээгүй тэр охинтой танилцаад, дотно харилцаа үүсгэсэн гэх асуудал яригдаж байгаа билээ. Хэрэв манайхаас өөр улсад хуулийн салбарын сайд нь ийм асуудалд орооцолдсон бол шууд албан тушаалаа хүлээлгэж өгч байгаа. Гэтэл нөгөө их ярьдаг Х.Тэмүүжин сайдын суудалтайгаа чаргууцалдаад Х.Баттулга гэж бас нэг асуудалтай нөхрийн зохиосон зохиолын гол дүрд тоглохгүй гээд л, бүх зүйлийг өөрөөсөө холдуулаад сууж байна.
Ер нь бол сайд Г.Сарангэрэл хоёрын хооронд тодорхой хугацааны туршид үргэлжилсэн
харилцаа байхыг үгүйсгэхэд эрт байна. Сайд өөрөө хэлэхдээ “Үнэндээ бол шоронгоос гарч ирснийхээ дараа над дээр ирээд “баярлалаа” гэж нэг удаа хэлсэн. Дараа нь “СУИС-д оруулж өгөөч” гэж нэг ирсэн. Тэгэхэд нь би “Уучлаарай, би тийм зүйл мэдэхгүй. Би бол хуулийн салбарын хүн. Хуулийн сургуульд орохын тулд тийм оноотой байх ёстой” гэдгийг хэлсэн” гээд байгаа. Тэгсэн нөгөө Г.Сарангэрэл нь болохоор Х.Тэмүүжин сайдаас сургуулийн бус сургалтын төлбөр бол авч байсан хэмээн ярьсан.
Эндээс харахад тэдний хооронд сургууль соёлтой холбоотой яриа сэлт ч болох нь болж л байж. Хэр зэрэг дотно хүмүүс ер нь энэ сэдвээр тухтай ярилцацгаах бол гэдэг асуулт ч бас гарч л байна.
Ямартай ч сайд бол өөртөө нэг хувийн ч хир халдаахгүй байгаа. Уг нь тэрбээр улс төр, мөнгө, хуулийн эрх мэдэл, төрийн тодорхой чиг үүргүүдийг бүлэглэлүүд нь хуваагаад авчихсан хэмээн хэлж байсан удаатай. Түүнд хүмүүс итгэдэг байсан. Гэвч тэрбээр тэр цэвэр нэрээ асуудалд хутгах нь ч хутгачихлаа. Цэвэрлэгдэх болов уу гэдгийг жинхэнэ үнэн л шийдэх биз.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (1)