Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дуудаж уулзаад үгээ хэллээ. Тэгэхдээ зориуд нийтийн өмнө хэлэв. Тэрбээр “Бид хоорондоо хагаралдах нь хэнд хэрэгтэй юм бэ. Үндэсний эв нэгдлийн үүднээс хагаралдахгүй байх учиртай чухал сэдвүүд гэж байдаг. Гадаад бодлого, тусгаар тогтнол зэрэг сэдвээр нэг талын улс төр хийж болохгүй. Яагаад улстөржиж болохгүй вэ гэхээр дээрх сэдвүүдээр ярихаар улс төр хагарал бий болгодог учраас энэ сэдвүүд дээр Монгол Улс нэгдмэл байр суурьтай байх учиртай. Гадаад бодлогын хувьд уламжлалт, нэгдмэл байр суурьтай, үндэсний эв нэгдлийн асуудал дээр мөн нэгдмэл байр суурьтай байх учиртай юм...
Хамт ажиллаж байгаа хүмүүсээ “Харийн гар, хөл” гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Өөрийг чинь тэгээд хэлээд эхэлбэл яах юм. Тэгэхээр та ингэх эрхгүй л гэж хэлж байгаа юм. Би тэр нэвтрүүлгийг үзсэн. Үзээд гайхсан. Ер нь хэний бодлогыг хэнд ярьж өгөөд байгаа юм бэ. Хэний төлөвлөгөөг хэнд сануулаад байгаа юм. Хэний сурталчилгааг хэний өмнөөс хийгээд байгаа юм бэ гэдэг дээр би их гайхсан. Лав л улс үндсээ хооронд нь хагаралдуулах бодлого Монголын төрийн бодлого биш. Хөршөө муулах нь манай улсын бодлого биш. “Хийе, бүтээе. Монгол Улс хөгжинө” гэж бодож байгаа тэр хүмүүсийг мохоох нь бидний бодлого биш. Ийм байдал, ийм арга Монголын сайн сайханд туслахгүй.” гэхчлэн хэлж ярьсан юм. Экс сайдыг дуудан үгээ хэлсэн Ерөнхийлөгчийн байр сууриас үзэхэд нарийн царигийг дэмжиж байгаа нь харагдаж байв.
Сэтгэгдэл (2)