Нэрээ голсон эрхмүүд
2014/06/25

Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө бүтээдэг гэдэг үгтэй. Монгол хүнд амьдралдаа нэг удаа нэрээ солих эрхийг хуулиар олгосон байдаг. Энэ эрхээ эдэлж эцэг эхээс заяасан нэрээ сольсон эрхмүүд урлагийнхны дунд цөөнгүй байдаг ч улс төрчдөд хэд байдаг юм бол. Сонирхуулахад социализмын үед төрөх тасгийн цонхон дээр эмэгтэй хүүхдийн нэр бичсэн хуйлсан цаастай нэг шилэн сав, эрэгтэй хүүхдийн нэрийг бичсэн нэг шилэн сав байсан гэдэг. Эх баригч эмч нар нөгөө савыг сэгсэрч байгаад өөрийн гардан авсан хүүхэддээ нэр өгдөг байж. Хүүхдийг төрөхөд нь л нэр усыг бичиж тэмдэглэж авах ёстой байдаг тул ийнхүү эх баригчдад нэр өгөх даалгавар ирдэг байсан гэнэ.

Гэрлийн ламп гологдов        
УИХ-ын гишүүн асан С.Ламбаагийн нэрийг Лампанов гэдэг байжээ. Түүнийг төрөх үед хөдөөнөөс хамаатны ах нь хотод ирчихсэн байжээ. Тэрбээр анх удаа гэрлийн ламп хараад харсан сонин содон зүйлийнхээ нэрээр дүүгээ нэрлэж Лампанов нэр хайрлаж. С.Лампанов ч том болж, нэрнээсээ ичдэг болсон учир нэрээ сольж Ламбаа болсон байна. УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа энэ тухайгаа тэр бүр өөрөө ярьдаггүй бөгөөд спикер З.Энхболд зөвлөхийнхөө нууцыг нь задруулж, нүүрийг нь улалзуулсан юм.

Владимир Улаан болсон нь
1954 оны модон морь жилтэй Сангийн сайд Ч.Улаанд эх барьж авсан орос эмч нь Владимир нэр хайрлаж байжээ. Сайран хөлтний нутагтаа Владимир нэрээр дуудуулж таваргаж явсан Ч.Улаан сайд сургуульд орохдоо орос нэрнээсээ төвөгшөөж Улаан болгосон түүхтэй. Тэр үед эх баригчид өргөж авсан хүүхэддээ нэрээ өгөөд эмнэлгээс гаргадаг байсан нь Ч.Улаан сайдыг Владимир нэртэй болгосон аж. Дарьгангын Сахал Жимбээ ноёны удам гэдгээрээ бахархдаг энэ эрхэм сүүлийн 10 гаруй жил Монгол Улсын дансыг тас атгаж суугаа. Хэрвээ Сангийн сайд нэрээ солиогүй бол Монгол Улсын дансыг улайлгасан хэрэгт унахгүй оросжуулсан хэрэгт унах ч байсан юм билүү хэн мэдлээ.

Туяагаа Хуягаар солив
Увс аймгийн Улаангом хотод аймгийн түүхийн эдийн эрхлэгч Норовын тав дахь хүү ээждээ одон авчирсан ерөнхий сайдад барьсан “хүйс” ээж нь Алтантуяа гэдэг нэр хайрлажээ. Таван онцын эзэн Алтантуяа хүү 10-р анги төгстлөө эмэгтэй хүний нэртэй явсан ба хожмоо МУИС- ийн физикийн ангид элсэн орсон жилээ дур мэдэн нэрээ өөрчилж Алтанхуяг болгосон түүний хувь заяаны анхны том сонголтын нэг гэдэг. Эмэгтэй хүний нэрээ голсон ирээдүйн Ерөнхий сайд хувь заяаны сонголт хийх анхны боломж гармагц л Туяагаа Хуяг болгон өөрчилснөө ярьж байсан. Гэрийнхэн болоод намын нөхөд нь Алтанхуяг нэртэй болоод олон жил болсон сайдыг хуучин нэрээр нь буюу Туяа гэж дууддаг юм билээ.

Нэр нь хүндэдсэн сайд

Ардчилсан намын залуу лидерүүдийн нэг Лу.Гантөмөр дөч хүрсэн эр, дөрвөө дарсан ат гэдэг насандаа яваа. Увсын Улаангом сумын унаган хүүхэд тэрбээр улс төрч болсноосоо хойш УИХ- ын сонгуульд ганц ч удаа төрөлх нутгаасаа нэр дэвшиж байгаагуй. Хар багаасаа жолооч аавынхаа ачааны машинаар 200-300-хан метр ч болтугай яваад үзчих юмсан гэж мөрөөддөг байсан ч аав нь “Хөвгүүд машины кабинд нэг л суучих юм бол жолооч болчихно, түүний оронд ном унш” гээд ойртуулдаггүй байсан гэдэг. Багадаа тоонд дуртай, логик сэтгэлгээ сайтай хүү байсан тэрбээр “жапаан" школьтой цөөхөн улстөрчдийн нэг. Японы Сэндай коллежийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр мөн Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн. Лу.Гантөмөр сайд багадаа Ганзориг нэртэй байсан. Харин хожим лам багш нь Ганзориг нэрийг нь хүнд байна хэмээн айлдаж Гантөмөр болгон сольсон аж.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин