Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс орны эдийн засгийн тогтвортой байдлын төлөөнөө нойр хоолоо умартан ажиллаж байгаа талаараа УИХ-д тайлагнав. Харин Ерөнхий сайдын мэдээллийг сонссон МАН-ынхан түүнийг шоолцгоож байна. Тухайлбал, Д.Хаянхярваа гишүүн Ерөнхий сайдыг худлаа инээдэг, алиа салбадай шиг байна гэлээ. Түүнчлэн худлаа яриад алиалагч шиг суугаад байгааг нь харахаар өмнөөс нь ичээд орох байх газраа олж ядаад байгаа гэдгээ чуулганы танхимд хэлсэн юм.
Харин Ерөнхий сайдын тухайд хэлэх ярих зүйлээ хэнээр ч заалгахгүй гэж гүрийж байна. Тэрбээр “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд УИХ-д өргөн барьсан болоод УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан хуулийн төслүүдийн талаар гишүүдэд мэдээлэл өгөөд өөрийнх нь 56 дугаар захирамжаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл”-ийг байгуулж, 7 хоногт 2 удаа хуралдан, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлэн ажиллаж байгаа хэмээн ярилаа.
Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих ажлын хүрээнд төсвийн тодотголоор хэмнэх боломжтой зарим урсгал зардлыг 10-30 хувиар буюу 38.4 тэрбум төгрөгөөр бууруулаад байгаа гэв. Мөн төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах замаар зардлыг бууруулах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийн давхардал хийдлийг арилгах, зарим төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газрыг нэгтгэн зохион байгуулах, аж ахуйн тооцоонд үе шаттай шилжүүлж төсвөөс гаргах чиглэлээр нэгдсэн цогц арга хэмжээг авах чиглэлээр “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн гэхчлэн хэд хэдэн асуудлыг ярьсан юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна