Ц.Хулан: Намрын шувуудаар тээсэн захидал

Хүн, шувуунаас гаралтай нь магад бөгөөд ямагт өөдөө дүүлэгч тэдгээр хүчирхэг гоё амьтад ертөнцийн тойргоос уйдан алсрах намар намраар цээжин тушаа ёс юм шиг хөндүүрлэдэг нь хэдэн галбын өмнө тасдуулсан, эсвэл нүгэл хилэнц минь дэндээд гуужиж гээгдүүлсэн даль жигүүрээ үгүйлдгийнх биз ээ!  Яг энэ ормоор шархираад эхлэх нь уйт намрын  дохио, энэ жилийн намар харин яасан урт байнаа...

 

Намар бол найрагчдын улирал юм. Нээрээн, найрагч гэснээс, Барнангийн Доржпалам гэж гоё найрагч явсиймаа. Гоё гэдэг тэмдэг үг минь ердийн нэг гоё сайхан гэсэн үг биш, харин сэтгэлийн баярхал хээнцэрлэлтэй, өгөөмөр, хөөрөлхүү шаралхуу, байдгаа дэлгээд хүнд барьчихдаг эс гэхэд ярьчихаж чаддаг, сайн сайхан гэж тоосон юмандаа бүр амиа ч өгөхөд бэлэн хийсч яваагаа ер мэддэггүй тийм л хүмүүст зориулагдсан байх шиг байдаг. Энэ Доржпалам найрагч тийм хүн байсан юм байх даа, өөрт багтахгүй гоёуд нь айраг шиг  сагаж хөөсрөөд “Хөөрлийн шүлгээ” бичиж, тэр мөрүүд нь  намар намарт  аманд минь бэлэн зэхээний орж ирээд болдоггүй юм. 
“Ардын дууныхаа хө хө нугалааг
Хөх алчуур шиг хийсгэж
Айраг дэмбээ намрынхаа
Алтан дэлбээ найран дээр
Агсанхан морьтой
Агсалзьюу гэсийм би...”.
Энэ муу хорвоо дээр хэчнээхэн уддаг билээ, энүүхэн хооронд хийморьтойхон амьдарч, олуулаа байж, гоёж гангалаад, дуулж хуурдаад л дуусая байз гэсэн шиг бодол тэрүүхэн зуур  төрнө.
 ”Замбуулин хорвоодоо
Олуулаа чиг төрлөө дөө  
Замын олон ах дүү та нартайгаа
Наргиж цэнгэж явлаа даа хө...”
гэж хажуу гэрээс  алдарт дуучин шүүгүүр Даваахүү эгчийн хоолойгоор хэн нэгэн тасхийлгээд авахад,  найрын гэрт ямархан улс цуглан идээ цагаандаа улаа бутарцгааж  байгаа бол гэсэн таамаг зурсхийнэ...  Арай чиг хоймор голлоогүй атлаа баруун дээхнүүрхэн төв ихэмсэг агаад тос даан суух, бараан тэрлэгнийхээ энгэрийг ялимгүй задгайлж, торгон цагаан цамцны тэргүүн товч султгасан идэрхэн насны эр хүн эсгий бүрхний дороос ухаан бодол тунасан алаг нүдээр сэм сэмхэн харц чулуудах нь мэдрэгдээд, зуны гурван сар айргаар угаагдсан тэгш цагаан шүдээр ярс ярс инээх нь өөрийн эрхгүй харц татах тул   босох хөдлөх минь аяандаа хоригдоод нимгэвтэр дан дээлнийхээ хормой хумин жомбойн сууж, дотор минь л харин уран шувуу үүрээ засах мэт эрвэлзэн дэрвэлзэх шиг санагдах бөлгөө.. Нутаг болгонд, найр болгонд чимэг-нэг бүдүүн улаан бор хүүхэн хөлсөө шудрангаа дундуур дундуур орхисон хулуудыг шалав шалав дүүргэж, их бага амьтныг ид уу гэж баруун солгойгүй шахах нь ядаргаатай ч бас аятай.. Багачуул хоёр талын орон дээр, томчуулын араар эвхсэн хөнжил нураан тоглож байснаа нүд нь анилдаад, чихрэнд халтартсан божгор амьтад тэрүүхэндээ  эв эвээ олоод нам унтчих нь хөөрхөн. Нэгнийх нь хөлөөс сугарсан бойтгийг авч үнэрлэхэд сүү сааль, хотных нь шороо бууц ханхлаад, уул ус хүн ард минь буй байрандаа байгаа юм байнаа гэх хачин итгэл үнэмшил асаад замхарна. Зүүн орны хөлийн тушаа охид бүсгүйчүүл зээглэн цомцойж, өвөр зуураа шал дэмий юм шивнэлдэж, шал дэмий юманд хөхрөлдөн, баруун талаар архайлдсан харчуул банди нарт зарим нь эгчирхэхчээ аядахдаа  шал дэмий юмаар зөөлхөн зандраад авч байх нь зүгээр л яриа өдсөнийх...
Айраг найргийн цаг болоод  аливаад ханаж цадаад  уясдаг ч юм уу, амьтан хүний дуулах уйлах олшроод ирдэг энэ л  намар намарт муусайн найрагчид маань хамгийн их бодогдоно.  Ёстой л өнөөх Ш.Сүрэнжавын
 “Ертөнц амилах... цаг аа!
Чиний урьхан инээмсэглэлд мансуурч
Есөн төө цагаан  чулуун дор нойрссон андыгаа
Дуудаж яримаар болох юм...”
гэсэн шиг, сэтгэлд хамгийн ойр тэднийгээ ахан дүүгээсээ илүүхнээр энэ л үест ойр ойрмогхон санаж, холоо явчихсныг нь өрөвдөхдөө дуугий нь дуулахад дотор засрах шиг болно. ”Алтан шар замыг” аяныхаа түүчээ болгон өмнөө нисгэж мөн ч  олон удаа замд гарлаа даа. Хоринхон хэдтэйдээ энэ дууны үгийг бичсэн Дэндэвийн Пүрэвдоржийн тэсч тэсэрч явсан он жилүүд мэддэг нэгэнд нь  бахархал юм, найрагч  л түрүүлээд үүх түүх, удам судар, ирээдүйгээ өмгөөлөн  унтаа жараад онд 
“Чингис нумын хөвчнөөс төрөөгүй
Чингис сумын зэвнээс гараагүй
Чингис Өөлүн ээжээс төрсөн юм
Чингис өрлөг түүхээс гарсан юм”
гэж  тунхагласныг  санахад  омог төрдөг. Тэр том бүтээлүүдийг эс гэхэд, наад захын уншигч мэдэх, дуулах хэдэн сайхан дууг нь яая гээ? Өө бүр наад захын дуу, юун өнөөх Дөрвөн цагийн тал, Хаврын шөнийн бодол энэ тэр нь. Яруу сайхны ганцхан, хэн ч анзаарахгүй гэмээр  жишээ хэлье. Дархан хотын сүлд дуу гэж байдаг аа даа. “Үйлдвэр уурхайн яндан хүжлээд
                                                                                Үлгэрийн сайхан хот байдгиймаа
                                                                                Нарлаг Монголын энэ хотыг
                                                                                Найрамдлын Дархан гэдгиймаа”
гэж ирээд л дуулдаг, одоо ч дуулагдаж л байдаг.. Байз, үйлдвэр уурхайн яндан хүжлээд гэж байгаа биз? Хүжлээд гэхийн оронд өөр үг, жишээ нь уугиад, савсаад гэх мэт үгээр солиод үз дээ? Хамгийн эгэл, бүр балиар заваан ч байж болох юмыг ингэж урлагийн гоо сайханд хувиргах нь найрагчийн үгийн шид юм.
Сэнсийн цагаан үүлс хуралдахыг үүл сүмлээд гэж ярьдаг ард түмэн өөр хаа байна, өөрөөр хэлбэл, тэнгэрт сүм барьдаг яруу сэтгэлтэн монголчуудаас өөр хаа байна, алив хэлээдэх дээ. Зүгээр нэг оньсого л гэхэд, “Зун алдсан зургаан даагаа өвөл олж авлаа, тэр юу вэ?  Хариу нь зургаан мичид. Зун тэнгэрт түгдэггүй, өвөл гардаг юм байж л дээ. Цаад утгандаа тэгвэл монголчууд ямар уудам гүн, уран ганган сэтгэж байнаа? Дэлхий бол бид юм, тэнгэр огторгуй харин бидний гүүн зэл төдийхөн байнаа? Ингэж задгай танхай сэтгэдэг, ярьдаг ард түмэндээ найрагч гэж дуудуулах тийм амархан байдаг юм уу?  Ийм л   ардынхаа унаган хэлийг  хадгалж, хөгжүүлж, улам уран цэцэн болгож явсан тэрбээр амьдралынхаа сүүлчийн он жилүүдэд  их уурлаæ бухимдах болсон. Монгол хэл, уран зохиол  нүд чихэн дээр устаж байна. Дан идэх уух, дамлах худалдах тухай ярьсаар эх хэл, эх хэлэнд л оршсон хайрлахуй, сэтгэхүйн шүншгээ алдчихснаас болоод харь хэлний орчуулгын сэтгэлгээ, хахь сэтгэлгээний харанхуй номлолд дарлуулах, мөлжүүлэх боллоо. Улс төрийн бүх үзэл номлол шүү юмаа монголоор биш ярьж толгой эргүүлэх нь улстөрчдөд ашигтай, эдийн засгийн бүх наймааг монголоор биш гэрээлэх нь эдийн засагчдад ашигтай, урлаг утга зохиолыг монголоор биш хуймаглах нь авьяасгүй ч хорон хэлтнүүдэд ашигтай байдаг нь үндэстэн өөрөө өөрийгөө устгах хөтөлбөрт яв цав нийцээд байгаа  болохоор яруу найрагчид  бид нэг их удалгүй Улаан номын амьтад шиг устах нь л дээ гээд инээж байж билээ. Нээрээн ч устаж байх шиг байна àа.
 Хожуу намрын наран байдаг илчээ өгье гэсэн шиг хурцаар ээвч гэрт нэг л хохигор болчихлоо, гал өрдөөдхөе...
...Пүрэвдорж гуай бүхий л насаараа сайн сайхан амьдарч харагдсан, тийм ээ, харагдсан гэх үгийг зориуд  би тавилаа. Энэ цагийн алдар суут хөрөгчин Орхоны бүтээсэн хөргөн дээрх нэгжиж уудалсан, чи ер нь ямар хүн бэ гэж асууж байцаасан, цоргисон дөлт харцтай Пүрэвдорж цаг үеийнхээ хамгийн ганган дэгжин эр байж сум сумын наадамнаар суран жолоо атгасан өнгийн цэцгүүдийнхээ харцанд хөлбөрч, одооны муусайн баячууд, улстөрчдийн элит болох гэж элийрэхийн  сураггүй тэртээ дээр үед Монбланы ихэмсэг алтан хошуугаар Тусгаар тогтнол найраглалаа ууртайхан бичээд аймхай дарга нарын ширээн дээр чулуудчихаад гарч байсан, Пүрэвдорж...  Манжийн сүүлчийн эзэн хаан Пү И гэдэг шиг, агуу найрагчдын сүүлчийн эзэн хаан мэт түүнийг бид Пү До гэдэгсэн. Эцэггүй өссөн бөгөөд өөрөөс нь салаад уяан дээрээсээ мордоод давхичихсан эрийн араас тогооны өрмөө цоолж сүү өргөөд хоцорсон ээжийнхээ  хонгорхон хүү нь юм, манай ПүДо. Тэглээ гээд өшрөөгүй, нялхаасаа өнчин хагас өслөө гээд авьяасаа хугаслаагүй, авьяас гэдэг чинь зүгээр л мах цусанд шингэсэн хайр юм шүү дээ. Энэ л хайр түүнийг “Аавын үгүйд аав болсон ард олноо хайрлаж яваарай” гэж бичүүлсэн нь мэдээж. Эл захиасыг л ядахнаа  санаандаа авч шанаандаа зуучихад ямар ч хүний муу үрийг, муу төрийг монголчууд хайрлачихдаг даа уг нь... Дараа нь тэрбээр төрсөн үр хүүхэдгүй орчлонгоос буцсан нь хатуу, аль нэг юмаа дүүрэн өгөөд нөгөөг нь заавал дутаадаг харам орчлонгийн жам байсан биз. ”Нарны хорвоод аргагүй амраг”-насны хань Чанцал нь, төрснөөс илүү юу гэхээс дутуугүй хайр халамжаар тойглосон гэрэлт үр хүүхдүүд нь байгаагүйсэн бол энэ их авьяастан насны эцэст  хэрхэн дотроосоо жиндэж явах байсныг бурхан л мэднэ. Найрагчдыг тэнгэрийн амьтад гээд хий өргөмжлөн хайраар дутаадаг, эсвэл өөрсөд шигээ хээ гоогүй борог баазхан улс гэж эндүүрдэг хүмүүсийн дунд амьдран буй энэ цагт, наадам болгоноор, намар болгоноор Пүрэвдорж гуайнхаа  босоо хэдэн шүлэг дууг зоолттой юм шиг энд тэндгүй  хадаад ирэхээр гунигаа би омог болгохын тулд олон юм бодохгүйг хичээдэг ээ.
Зурагтын доогуур урсдаг мэдээгээр “Энэ намар Ганга нуурт 27ОО гаруй хун чуулжээ” гэж байхад, яагаад ч юм, Явуухулан санаанд орох юм. 
“Ганга нуураас  буцсан хун
Намартаа заавал эргэдэг юм
Ганга нуураас явсан хүн
 Насандаа заавал эргэдэг юм...
Хорин нэгэн булагтай
Энэ нуур ширгэхгүй
Хоёр сайхан ундрагатай
Эхийн сүү татрахгүй...”
гэж, Ганга нуурт хамгийн сүүлд ирээд буцахдаа энэ ерөөлийг тавиад, дахин эргэж ирж чадаагүй юм гэнэ билээ. Хойтонгийх  нь гуравдугаар сард тэрбээр тэнгэр нуурын зүг нисчихсэн, харин одоо Явуухулангийн цэцэрлэгээс миний сурч төгсгөсөн дунд сургуулийн хашаа руу үрт улаан  навчис   хийсэн хаялан байгаа. Тэндээс, тэнд мод заавал ургаж таараа. Монгол минь ганцхан шиг, монхойчихоод бидэндээ бас л ганцхан Чойномын хилэнтэй зөнч  найраг, Сүрэнжавын уянга, Бадарчийн зөөлөн гэмшилт шүлгүүдээр Улаанбаатар, улаанбаатарчуул өнгөрөгч зуунд  гадаад дотоод дүр төрхөө олж, сэхээтнүүд нь  юм бодож сурч бойжсон бол Явуухулан, монголчуудаа цөмийг нь хайрлахад   сургасан билээ. Ард түмэн хэлээ дагаж сэтгэдэг, дуу шүлгийнхээ үгээр хайрлан дурлалцдаг нь хууль болохоор, Явуугийн “Би чамд хайртай”,” Мөнгөн хазаарын чимээ”, “Туулын урсгал шөнөдөө сайхан” ...олон шүлгийн дараа нийгэм даяараа найрагчийн харц шиг тийм усгал зөөлөн харцаар нэгэндээ хандах болсныг хэн гуай нь үгүйсгэж чадах юм?
Туулайн гүйдэлт салхинд
Туулын шугуй найгана
Уулын согоо шиг хүүхэнд 
Хайрын сэтгэл дасна
Мөнгөн аяга шиг гараас чинь
Мөнхийн усыг амсах юмсан
Мөнхийн уснаас уусан юм шиг
Танхил чамтай амьдрах юмсан...
Явуухулангаас хойш монгол эрчүүäийн бүдүүлэг, бүдүүн ширхэгтэй байгаа, шунал нэрмээд догшин байгааг ээ...Хаалга нээгээд өгдөг, зам тавиад өгдөг, мутар үнсч нялуурдаг нь олддоггүй юм гэхэд муна далайж айлгадаг эр хүн цөөн байгаасай л гэж...Тоож хармаар, толинд өөрт нь зориулж гангалмаар эр хүн улам л ховордож, зөвхөн жинхэнэ эр хүн гэж нэг ийм хүн байх л ёстой гэсэн орь мөрөөдлөөр, хүслэнгээр шандуурч, байгаад нь урамгүйхэн дасч л яваа эвийхэн  хүүхнүүдээ  хэний энгэрт очиж жаал уйлаад ав гэх юм?
Хангай хааны маань хайрхан шиг 
Ханхархан аа цээжинд чинь ээ хөө
Хангарьдын тэнхээ байвчиг 
Халуун зүрх бас бий шүү дээ  ай хө...
Монголын хүүхнүүд ингэж дуулсаар ирсэн. Ардын дуугүй, адаглаад Явуухулангүй орчлонд гэмт хэргээс өөр юу байх юм?
Аальгүйтэн ганхагч мод бургаас олуулаа найгаж,  хорхой шавьж түм бумаар төрөн түгж, биесээ идэгч чоно хонь, буман дүрст шуналын маханбодь хорвоогийн хонхор болгоныг дүүргэсээр байдаг атал энэ бүхнийг бүгдээрэнг нь юутай хээтэй нь хайрлан өрөвдөгч найрагчдыг ганц ганцхан байхаар баталсан нь Бурханы орон тоо. 
 “Бөхөн бөхөн өвс найгана
  Бөхөлзөхгүй нэг амьдрах юмсан,

Болохгүй л байх даа...Намрын талд тохьгүй салхи тэртэй тэргүй даарчихсан өвсний өвөр сөхөж, Гүр.Нямдорж ахын энэ шүлгийг сануулдаг. Найрагчид минь намрын өвс шиг олноороо цаг байсан юм аа, намрын өвс  халиурах шиг олуулаа байлаа гээд ганц нь ч, батлан хэлье, ганцхан нь ч  муу үйлд орооцолдож, муухай нэрэнд бусдаа чирж холбоогүй, тэнэгүүдэд өвдөг сөхрөөгүй, өөрөөсөө бусдад хор хүргээгүй дээ гэхээс дотор минь хайр,  лаа шиг хайлангатна. Миний үеийнхнээс цөөхөн ч, найрагчид төрсөн азтай хүн би. Гэвч, тэднийхээ тухай энэ удаад орхиё, Богд уулын согоо өвс үнгэлэх намрын шөнө нойр хугаслан дор дороо юмаа бичиж, сэтгэл нь нэг л эмхэрч өгөхгүй  хөндлөн гулд санаашран алхаж явааг нь л өөрөөрөө мэдэж байна.
... Дэлхийн олон л улс орноор явлаа, хөсрий юм их л уншлаа. Ертөнцийн гурваас мэргэн богино шүлэг олдсонгүй, монгол найргийн уран цэцнийг аль нь ч давсангүй. 
Уулын орой будантах сайхан
Ус мөрөн тунгалагших сайхан
Амар жимэр аж төрөх сайхан

Айлын чи минь мэнд эрэх сайхан...Эрээнцав-хилийн бөглүүдхэн тосгоныг найргийн нийслэл болгосон Нямсүрэнгийн намар та сайн уу? Тумас Транстремер гэж швед эрийн богино шүлгүүдийн санаа манай Нямсүрэнгийнхээс илүү ч үгүй, дутуу ч үгүй, гол нь эгэл бүхнээс сайн сайхныг олж харах, хайрлахыг зааж өгдгийн учир уржнан Нобелийн шагнал хүртчихсэнээрээ л ондоо. 
Дэвэн нисдэг жигүүртэн  хүртэл
Дэнж нууранд нь хоргодон чуулдаг
Дэргэдийн нөхөр нэрийг нь хэлэхэд
Дээж айргийнх нь үнэр сэнгэнэдэг

Хайрхан уулын бараа...Архангайн намар Отгонсүрэнгээ үгүйлдэг болов уу? Сирийн яруу найрагч Адонис ууланд авирах, оргил дээрээс нь нар мандахыг харах дуртай гэжээ. Түүнийг дэлхийн 23 хэл дээр элэг нэгтнүүд нь орчуулан хүргэсэн байх юм.
Чи бид хоёр үүлэн дээр унтнам
Чи бид хоёр наран зүг нүүнэм...
Далаад оны Монголд ингэж бичих нь солиотой явдал байлаа, Àмерикийн урдаа барьдаг Лонгфеллогийн шүлгүүд яруу сайхны агуулгаараа Мишигийн Цэдэндоржоос хаахнуур вэ? Ер нь яах гэж зэрэгцүүлээд байгаа юм? Аан, ингэхгүй бол модерн найраг байхгүй гэж боргодог амьтад алхам тутамд олширсон болохоор л...Аргентинчууд өөрсдийн удирдагч, генерал Хуан Пероны эхнэр, эрхэмсэг, ивгээлт  хатагтай Эвитагийн түүхэн кинонд Мадоннаг тоглуулахгүй, Мадоннагийн дотоод чанар Эвитад хэзээ ч хүрэхгүй гэж жагсаж баахан юм болсныг саначихлаа байна. Улс үндэстэн л юм бол, хайрлах, бусдын хайхрамжгүй мэт алдаанаас ч хамгаалах утга зохиол, түүх намтар гэж байдаг юм  байнаа. Набоковын “Лолитаг” Украйнд арван зургаа хүрээгүй хүүхдүүд үзэх, уншихыг саявтархан хорив. Агуу зохиол гэнэ үү, юу гэх нь хамаагүй, садар самууныг сурталчилсан гэж үзсэн л бол үр хүүхэддээ уншуулахгүй байх эрхтэй байдаг юм байна. Үүгээрээ боогдож хаагдаад сүйд болчихгүй. Боож хаасан нь ардчиллын эсрэг зүйл огт биш, харин оюун санааны ариун цэврээ сахисан явдал.
Өнөөгийн хүн төрөлхтөн хил хоорондын маргаан, байлдаанаас илүүтэйгээр хэл соёлын довтолгооноос айж байна. Үндэстэн, улс гүрэн бүхэн эх хэлээ, цагаачдын  неологизмаас салгах гэж том, том хурлууд хийдэг боллоо. Ари үндэстэн ром хэлний бүтцэд зориулан найман ботийг хэвлэн зөв ярих бичих дүрмээ боловсруулаад тараав. Италийн урлаг соёлын алдартнуудын шаардлагаар хуучин зуунуудад зохиогдсон дуурь жүжгийн бүтээлүүдийг итали эхээр нь дуулах бол үг үсгийн ямар ч засваргүй дуулуулж хүн төрөлхтөнд ягштал мөрдүүлэх боллоо. Пушкины эх оронд их дээд сургуулиудын тэнхимүүд байсгээд л эх хэлээ хамгаалах хөдөлгөөн өрнүүлэх болсоор удаж байна.
Дэлхийн уран зохиолын хандлага хоёр хуваагдаж, нэг нь үзэл санааны утга зохиол, хоёр дахь нь үндэстэн, ястны эх хэлний шилдэг бүтээл гэсэн голдрилоор хөгжих боллоо. Эхнийхэд нь тухайн зохиолч өөрийн эх хэл, англи болон бусад түгээмэл хэлээр бичсэн бүтээлд хүн төрөлхтөнд тулгамдсан асуудлыг нээж сөхөх, ард түмнүүдийг харилцан ойлголцоход дэм болох, хамтран дэлхий ертөнцөө хамгаалах зэрэг асуудлыг  ноцтой баримтаар хөндөхийг эрхэм болгох, харин зохиолчийн уран чадвар, хэл бүтээлийн уран сайхны тусгалыг төдийлөн харгалзахгүй байхаар үздэг боллоо. Хоёр дахийн тухайд, эх хэл болгоныг устаж магадгүй эрээн тахь, морин эрвээхэй, гүмбүраа матар шиг нүдлэн хамгаалахын тулд, эх хэлээр бичсэн зохиолын үнэ цэнийг хөгжүүлэх, эх хэлнийхээ сод бүтээлүүдийн үнэлгээг уншигч ард түмэн, төр засаг нь өөрөө тогтоон барьж байхыг  эрхэмлэх хандлага давамгайлаад эхлэв. Нобелийн шагнал авсан Îросын зохиолчдын ном, жишээ нь Архипелаг Гулаг өнгөрөгч зуунд тэмцэлдэгч хоёр лагерийн дундуур гүйж өргөст тор давсны хүчинд, Орост юу болоод буйг үзүүлсэн тулдаа дэлхийд танигдсан байдаг бол, тэрнээс алд тохой өндөр уран сайхны найруулгатай Пушкин, Чеховын үзэл санааг эх хэлнийх нь үг үсгээр мөшгих эрдэмжсэн зөв хандлага эх оронд нь ч, олон улсад ч гарч ирж эхэлсэн бололтой. Нобелийн утга зохиолын энэ оны шагналтан, “Улаан гаолян” киноны зохиогч МоЯнь хятад газрын шар шороо нургисан хөрсөнд гаолян хэмээх өндөр гашуун ногоо ургаж, түүгээр улаан дарс исгэдэг асан эмээ өвөөгийнхөө намтарт тулгуурласан  дууль туулийг сийрүүлэн хэдэн тэрбум уншигч үзэгчдэд хүргэсэн нь шороо шиг бужигнасан хятад язгуурын сэхэл мөхлийг дэлгэн харуулснаараа онцлогтой. Дэлхийн сэдвийг бичье гэвэл, эх нутгаа л сайн тань гэж цаг үе зохиолчдоосоо шаарддаг юм. 
...Гэр дулаацаж, дээгүүрээ хөдөрсөн дээл зузаадах шинжтэй. Манайд нэг оготно үүрлэчихсэн, бурханд тавьсан мандлын будаа идээд байгаа юм, гэхдээ чи явж л бай, надаас өөр хүнд харагдав аа..
...Үндэстэн ястан бүхэнд өөр өөрийн сайхан бий, хэлнийх нь баян сан, тана шүрэн арал мэт тансаг хэл найруулга, хувьсгал шиг санаа, галын цухал, борооны тайвшрал, газар шиг мөнхийн хүлээлттэй эдгээр хэлтэн, найрагтан бүхэнд хадаг барин амрыг  нь эрдэг, эрж хүндлээд буцах болгондоо ботгон буйлаанаас эгшиг ай зээлсэн уян, оддоос гэрлийг нь хураасан гал дөлтэй эцэг өвгөдийн эх хэлэндээ, яруу найрагтаа  анхны хайр мэт шунан дурлах юм. 
Би боддог юм, энэ хүмүүс утга зохиолдоо хайргүй байнаа гэж.  Дуул гээд зохиогоод өгсөн дууны үгээ ч бүрэн мэдэхгүй, ер юм уншихгүй, уншаад ч ойлгохгүй нь ойлгодгоосоо даанч олон. Бөхөө тайлбарлахдаа гаргуун, ингэж хавсарлаа, мордлоо ч гэх шиг...Харин утга зохиолд ийм мэхээр ялж байна, яйлж байна, тэгж тонгороод давлаа гэхгүй шүү, ойлгохгүй, нууцлагдсан утгыг нь тайлахаас залхуурдаг ч юм уу гэж уншигчиддаа гомдмоор байдаг. Тэгсэн хэрнээ Ìонголын утга зохиол гэж юу байсан юм, гадаадынх л сайн байдаг байлгүй, манайд зохиолч гэж хэн юм, юу юм гэцгээнэ. Маш муу орчуулгын зохиол, модон хэлтэй юмыг ойлгоход амар, өөрсдийнх нь ядуу татуу хэлээр бичсэн хялбар болохоор нь жигтэйхэн амархан сонгодог болгож хаяад, сонгодгийг уншдаг сонгодог амьтан болох ч энүүхэнд.  Жишин зэрэгцүүлээд энэ нь агуу гээд хэлчих оюуны бяд хэзээ суух улс вэ? Уг нь бид тийм боловсролтой л байсан шүү дээ, одоо ямар олон алхмаар ухраа вэ? Мэдлэг нь турсага шиг нимгэн улс ерөнхий, дунд боловсролын сурах бичгүүдийг олон жил  антибиотик шиг хороор цэнэглэсний гайгаар хүүхдүүд  эх хэлний дархлаагаа алдаж, тэдэнтэйгээ ярьж ойлголцохоо болилоо. Дээр нь интернет, блоггеруудын бичлэг, гар утасны цахим захидал. Дэлхийг хэрж сүлжсэн төмөр аалз лугаа адил юм, энэ аалзны торонд  монгол хэл бариулчихсныг яаж суллахав, мэдэхгүй. Эрхтгүй дуучид монголоор дуулж, радио монголоор ярьж, төрийн албан ёсны хэлээр монгол хэл  тэсээд байгаа тулдаа л өдөр хоног явж байна. Түүнээс биш, эх хэлний туурвилыг хөгжүүлсэн, урамшуулсан, эх хэлээ дөгөөн соёрхож, тахин таашаасан дохио зангаа дээрээс ч тэр, дэргэдээс ч тэр гарахаа больсон, харин ч бүр англиар халтар хултар ярьж, америк сэтгэлгээгээр аливаад шаантагладаг нь тэргүүний гоогоо сайхан, ухаантнаар тодорсоор  байна. 
 Эх хэлээ тээгчид хэзээ ч хоцрогддоггүй. Тэд бол яруу найрагчид, зохиолчид нь бөгөөд тэднээ эс анхаарах нь ард түмний эсрэг гэмт үйлдэл. Анхаардаг л байлаа даа, юугаар гээч?  Шоронгоор, бууны сумаар, атаачдын архиар, адаг сүүлд нь хожимдсон шагналын зэвхий төмрөөр...   Нацагдоржийг үл тоолтоор хороож, есөн гудамжны шалбааганд суугаагаараа хашаа налан нас нөгчихөд өврөөс нь юу ч гараагүй, харин алган дээр нь нэг жижгэвтэр мөнгөн аяга борооны усаар дүүрчихсэн олдсон. Үерхэж явсан нэг вангийн хатны дурсгал болсон тэр аяганаас нь өөр нандин, хайртай халуун бүхнийг нь, шүлгээрээ ухуулж мандуулж босголцсон өнөөх ардын засаг төр нь түүнээс хуу хураагаад авчихсан  байсан юм чинь. Дараа нь гэнэт хөшөө босгох юм болж, өөр юм олдохгүй л байсан юм байх даа, гүйлгээнээс гарсан зэс зооснуудыг хайлж  дэндүү чиг ур дүр муутай бүтээсэн нь Нацагдоржийг дахиад оршуулсантай адил болсныг олон ч хүн хөшөөний нээлтнээс уйлж буцсанаар мэдэж болноо. Намар намарт Дуурийн театрын  гудмаар шинэ Юндэн, шинэ Нансалмаа, шинэ Балганууд  гамм уншин  урагш хойшоо хөшилдөж эхлэхэд “Учиртай гурвын” хамгийн анхны тоглолтонд Нацагдорж өөрөө гуравдугаар үзэгдэл шувтрахын алдад хүнээс дуулсан даруйдаа гүйж ирээд тасалбар авч байж үзсэнийг дурсдаг бөгөөд ер нь түүхэн учиртай үйлдлүүдэд жинхэнэ найрагчдыг албаар, зориудаар оруулдаггүй юм байна, гэрч болгох дургүй юм байна гэж би ойлгодог болсоон. Түүхэн аймшигтай, түүхэн хариуцлагатай эриний өмнө тулж ирээд, үндэстнээ хуулиар аргадаж тохинуулж болдоггүй тэр зүйлсийг хуураар аргадан засч болдгийг эх хэлээрээ ярьж бичиж, захиж сургахыг минь гээд хэн чинь хорьж дийлэх юм. Одоо бол хэлээ эс манаж, саяхан болтол улсын хилээ задгайруулж Буйрын загас, Соёлзын нуруунд Îросын олигархиуд, Хятадын гуйлгачдаар амьтан араатныг нь хядуулсан шигээ, гадаадынханд Өмнийн говь, Ингэн усны говио талхиулж түйрэн болгуулсан шигээ, эцэстээ бүр төв Халхын тариалангийн их талбайгаа Зүүнхараагийн охийн үйлдвэртэй нь хятадуудад зарах гээд сампин цохиод гүйж байгаа шиг ээ... эх хэлээ даяаршлын хар шуурганд тавиад явуулчих нь л дээ.
      Үл тоосон мэт царайлдаг төр засаг, түшмэлэнцэрүүд нь  өөрсдийгөө магтан орилогч илжигнүүдэд  эмээл тохож, түмэн эхээр цоллож байдаг нь нэг их шинэ юм биш ээ, бидэнд шагнал, зэрэг дэв нэг их хэрэгтэй чухал юм биш, байвал байна, байхгүй бол гутраад байдаг ч үгүй. Өөрсдөө ундаалж, хүний зиндаанд хайрлах, сэтгэхийн эрх чөлөөг шимсэн ариун худгаа мартагсад, харь хахь хэлний далайнаас шуудуу татан мөнөөх худгаа гайтуулагсдын мандан бадралын цаг л  ирж дээ. Алив босоодхоё түр, хоймрын авдранд минь жоохон хатуу юм байж л таараа.
...Туулын маань бургаас тунжирч найгаад байна уу даа хө... Хөвөөнд нь  задын шувууд үймрэн, үдэш бүрий болоход энэ яав гэлтэй их чимээ шуугиан болцрох юм. Тэндээс алаг шаазгай гадаа минь сүрхийн бууж аминдаа чухал чухал баахан юм ярьж дуулгаж аваад, хөгжмийн удирдаач шиг хувцасныхаа халаасанд гараа хийсэн ноёнтон мэт пээдэг пээдэг алхаж байна. Халуун Жагарын тогосноос ч  хавьгүй хайртай би чамдаа, чи бид хоёр хэл соёл нэгтэй.
...Хавар зуны зургаан сардаа хань бараа болж, хажуу хавирганд үүрээ засан үржиж өссөн шувууд та нар минь, яасан ч орой буцах нь энэв? Өдөт нөмгөн дээл чинь байтугай өехий саарал онгоцны төмөр даль царцаж нисдэг тэнгэрийн замдаа мэнд сайн яваарай. Та нар,  аавын минь шүлгэнд гардгаар 
“Мөнгө хаана байна, тэнд эх орон байна гэж боддог
Мөлүүхэн сэтгэлтнүүдээс хавьгүй дээр юм” болохоор, санах л байх даа. Хот хөдөөдөө над шиг аглагхан, ганц ганцаар суугаа шүлэгч олон нөхдөд минь намайгаа сайн сууна гэж эх хэлээрээ ганганаад өнгөрөөрэй, цаадуул чинь бол ойлгоноо. 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ху бол ху

Найрагчид өвөр хоорондоо ингэж ярьцгаана. Ху бол ху, хуй салхи гэнэ. Бурханы шүншигтэй, тэнгэрийн зарлигтай найрагчид дундаа хүртэл хуй салхи л шиг тэнгэрийн, нэг тийм эрхэмсүү, хачин хайлган энхрий тэгсэн хэрнээ эрдүү нүнжигтэй, эх орноо гэх сэтгэл зүрхэнд л асаж, бадарч явдаг найрагч хатагтайтай нэгэн он цагт амьдарч яваадаа баярлаад ханадаггүй юм. Намрын шувуудаар тээсэн захидлыг нь уншчихаад хэлэх ч үг олдсонгүй омогшив. Ойрд чимээгүй байсан хатагтай ёстой нэг агсарч. Сэтгэл чанадын шаналал, эмзэглэл, тээр холын оюуны эрхэмсэг ертөнцөөсөө энэ нийгмийг, биднийг хараад инээд нь хүрч өрөвддөг эмзэглэдэг сэтгэлээ бас жинхэнэ оюунтныг, жинхэнэ найрагчдаа хайрлаж өмгөөлдөг зүрхээ хайр найргүй асгачихаж. Зөвхөн Цоодолын ХУЛАН л ингэж омогшиж, ингэж эмзэглэж, ингэж хайрлаж, ингэж омогдож чадна. Үүнийг нь олон олон хүн олон дахин уншаасай гэж бодсондоо найрагч хатагтайгаас зөвшөөрөл авч сэтгүүлдээ нийтлүүлэхээр шийдлээ. Хэрэггүй реклам сурталчилгаа, шал хэрэггүй өмд гутлын тухай шалдир булдир мэдээнээс харамладаг сэтгүүлийнхээ нүүр хуудсыг харамлах сэтгэл даанч нэг алга. 
Уг нь тэр орос школтой. Ерөнхий боловсролоо орос сургуульд эзэмшсэн бөгөөд оросоор ярьж, бичнэ гэж ёстой уйлуулна. Тэгсэн хэрнээ ямар гайхалтай, зэвүүн монгол хэлтэй болохыг нь зөвхөн энэ нийтлэлээс л харж болно. 

Би боддог юм, энэ хүмүүс утга зохиолдоо хайргүй байнаа гэж.  Дуул гээд зохиогоод өгсөн дууны үгээ ч бүрэн мэдэхгүй, ер юм уншихгүй, уншаад ч ойлгохгүй нь ойлгодгоосоо даанч олон... Тэгсэн хэрнээ Ìонголын утга зохиол гэж юу байсан юм, гадаадынх л сайн байдаг байлгүй, манайд зохиолч гэж хэн юм, юу юм гэцгээнэ. Яг л өнөөгийн залууст, худлаа дүр эсгэж том амьтан болох гэж ядсан амьтад хэлж ярьж байгаагийнхаа утга, мөн чанарыг ч мэдэхгүй бурагсдад хаягласан дэндүү гашуун үнэн. Хэн сонгодог юм тэгвэл. Майн Рид юм уу, Монте Кристог бичсэн Дюма юм уу. 
Монголчууд бие биедээ байгаа сайн сайхныг олж хараад үнэлчихэж чаддаггүй, үнэллээ ч яадаг ч атаархдаг юм уу, эсвэл сайхан үг хэлэх тийм хэцүү байдаг юм уу, хэлдэггүй тэр л чанарыг “Жишин зэрэгцүүлээд энэ нь агуу гээд хэлчих оюуны бяд хэзээ суух улс вэ?” хэмээсэн байх жишээтэй. Оюуны бяд гэж юу юм. Өөртөө итгэх итгэлийн хүч байж болох юм. Өөртөө итгэлтэй хүн бусдад атаархдаггүй шүү дээ. 

Мэдлэг нь турсага шиг нимгэн улс ерөнхий, дунд боловсролын сурах бичгүүдийг олон жил  антибиотик шиг хороор цэнэглэсний гайгаар хүүхдүүд  эх хэлний дархлаагаа алдаж, тэдэнтэйгээ ярьж ойлголцохоо болилоо. Дээр нь интернет, блоггеруудын бичлэг, гар утасны цахим захидал. Äэлхийг хэрж сүлжсэн төмөр аалз лугаа адил юм, энэ аалзны торонд  монгол хэл бариулчихсныг яаж суллахав, мэдэхгүй.
Юутай үнэн. Дэндүү үнэ цэнэгүй, даржин энэ цахим орон зай олон залуусыг эх хэлнээс нь, хүн байх сэтгэлээс нь холдуулж байгаа. Тэнгэрт үүл сүмлэх гэж зөвхөн монгол найрагч л тэрлэж чадсан байтал интернетжсэн, техникжсэн энэ цагийнхан гэтэл хай бай гэж мэндэлж байгаа цөвүүн төрх, хүйтэн соёлыг ингэхэд хэн дэлгэрүүлчихэв ээ. Ил шулуухан хэлэхэд энэ үгс ноён Баабарт хаяглагдсан юм болов уу. Гаамп ч гэнэ үү, гадаад нэртэй түүний шавь нар болох залуус эх сайхан хэлийг минь мөн ч их бузарлаж байгааг бид мэднэ. Хулан хатагтай энэ л гажуудлын хариуг барихдаа, Баабардсан нийгмийг зөөлөн аргаар хатуухан сануулаа юу даа. 
Эрчүүд эмэгтэй хүнийг хайрлаж чадахаа больсныг Хулан хатагтай үнэн гоё хэлжээ. Мэдээж тоож хармаар эрчүүд нэг ч үгүй болсон гэвэл худлаа л даа. Гэхдээ нийтлэг нэг тийм хоосрол бий болсныг найрагч олж харж. Хайрлахын оронд хөрөнгө мөнгө, эд материалд шунаж, зоосны л нүхээр хорвоог харж, хайрыг хэмждэг болсон, хүүхний гоо сайхныг гялгар өнгө төдийхнөөр хүлээж аваад цэцгэн настай түүний дараа эхнэр, хүүхнээ сольж гүйдэг дотоод сэтгэлийн үнэ цэнэ, идеалгүй болсон дүр төрх энэ цагийн нийтлэг хоосрол мөн биз. Гэтэл Явуу найрагч хайртай бүсгүйнхээ гарыг мөнгөн аяга шиг харсныг юу гэхэв. 
..Явуухулангаас хойш монгол эрчүүдийн бүдүүлэг, бүдүүн ширхэгтэй байгаа, шунал нэрмээд догшин байгааг ээ...Хаалга нээгээд өгдөг, зам тавиад өгдөг, мутар үнсч нялуурдаг нь олддоггүй юм гэхэд муна далайж айлгадаг эр хүн цөөн байгаасай л гэж...Тоож хармаар, толинд өөрт нь зориулж гангалмаар эр хүн улам л ховордож, зөвхөн жинхэнэ эр хүн гэж нэг ийм хүн байх л ёстой гэсэн орь мөрөөдлөөр, хүслэнгээр шандуурч, байгаад нь урамгүйхэн дасч л яваа эвийхэн  хүүхнүүдээ  хэний энгэрт очиж жаал уйлаад ав гэх юм?

...Үл тоосон мэт царайлдаг төр засаг, түшмэлэнцэрүүд нь  өөрсдийгөө магтан орилогч илжигнүүдэд  эмээл тохож, түмэн эхээр цоллож байдаг нь нэг их шинэ юм биш ээ, бидэнд шагнал, зэрэг дэв нэг их хэрэгтэй чухал юм биш, байвал байна, байхгүй бол гутраад байдаг ч үгүй. Өөрсдөө ундаалж, хүний зиндаанд хайрлах, сэтгэхийн эрх чөлөөг шимсэн ариун худгаа мартагсад, харь хахь хэлний далайнаас шуудуу татан мөнөөх худгаа гайтуулагсдын мандан бадралын цаг л  ирж дээ. 
Жинхэнэ үгийн мастеруудад, жинхэнэ билэг авьяастанд Төрийн шагнал гэх олон тэмдгээ өгсөн нь хэд билээ. Энэ төрийн тэргүүн өөрөө үгийн урлагийн хүн атлаа энэ шагналын үнэ цэнийг утга зохиол, урлагийн салбарт үнэгүйдүүлсэнийг хэлмээр санагдана. Тэртээ 17-р зууны үеийн их сэтгэгч, хувилгаан Данзанравжаагийн Үлэмжийн чанарыг энэ цагт буй төрхөөр нь дуулж, мөн чанарыг нь ард олонд таниулсанаараа Д.Сосорбарамд, Шолоховын “Дөлгөөн Дон”-ын монгол хувилбар “Тунгалаг Тамир”-ыг ерээд ончилсон фельетонч Б.Цэнддоод алдар гавьяа бус хувь хүний бүтээл, санаанд олгодог монгол төрийн дээд одонг өгчихсөнийг юу ч гэмээр юм бэ дээ. Ойрмогхон сураг дуулах нь Өлзийтөгс найрагчид энэ шагнал өгөх маягийн яригдаж байгаа чих дэлссэн. Ёстой мэдэхгүй юм. Би тийм мундаг амьтан биш л дээ, зүгээр нэг сэтгүүлч. Унших дуртай. Гэхдээ дандаа л үхэл, хойд насны амьдрал гээд хар бараан юм уншихаас зайлсхийдэг юм. Тэртэй тэргүй хар бараан орчлонд бид амьдарч байгаа. Үхэл гарцаагүй. Түүнээс өмнө сайн сайхныг мэдэрч, амталж, түүгээр тэжээгдэж, өөд ургаж амьдармаар санагддаг. Өлзийтөгсийг сонгодог найрагч гэж манайхан бүр итгэчихсэн байдаг нь харагддаг. Тийм ч биз, үгүй ч биз. Уг нь энэ үг, энэ үгээр тодотгогддог урлаг их л өөр байдгийг би мэдэх юм. Үүний дэргэд миний багш До.Цэнджав гээд ёстой монгол эрийн нүнжиг, ноён нуруу, тос даасан жинхэнэ монгол оршихуйтай, одоо цагт ховордсон үнэт чанартай, зохиол бүтээл нь гэж жинхэнэ монгол сонгодог гэмээр зохиолч, сэтгүүлч эрхэм бий. Даанч нэг даруухан. Бүр эгэлээс эгэл. Төрийн шагнал өгч л байвал өнөөх шагналынх нь үнэ цэнэ нь тодрох тийм л уран бүтээлч. Өөрөө биш өмнөөс нь Хулан эгч мэтийн жинхэнэ авьяасыг үнэлэгчид Төрийн шагналд тодорхойлоод, хөөцөлдөөд чадахгүй байгаа гэнэ лээ. Сонин байгаа биз.     

Ингэсгээд өндөрлөхгүй бол бүр халуурчихсан явах чинь. Нээрээ эцэст нь хамгийн чухал нэг зүйлийг онцолъё. Хулан хатагтай АВЬЯАС БОЛ МАХ ЦУСАНД ШИНГЭСЭН ХАЙР ЮМ гэж ёстой зэвүүн тодорхойлжээ. Би хувьдаа авьяас бол хүн чанар, сайхан сэтгэл юм гэж боддог, нөхөддөө үүнийгээ хэлдэг байлаа. Харин хайр гэж орж ирээгүй. Гэтэл үнэндээ хүнийг тодорхойлох хамгийн сайн сайхан бүхэн хайр гэж энэ үгэнд багтдаг ч юм шиг. Ямартай ч ЦЭЦГИЙН ТОЛГОЙ ТАСДАГГҮЙ ҮРТЭЙ БАЙХЫГ ХҮСНЭ
ЦЭЦДИЙН ТОЛГОЙ ТАСДДАГГҮЙ ТӨРТЭЙ БАЙХЫГ БИ ХҮСНЭ
хэмээн омог бардамхан үгээрээ нэгэн афоризм сийлсэн Хулан найрагч энэ удаад АВЬЯАС БОЛ МАХ ЦУСАНД ШИНГЭСЭН ХАЙР ЮМ хэмээх удаах ишлэлээ Монголын ард түмэнд бэлэглэлээ. Хүлээн авна уу.  

М.Уранчимэг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Erdene
    Ereen tsoohor huvcas eldev engesgeer reklsmdsan nudnii bulai ooriigoo magtahaa bolioch.
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025