Шинэчлэл ярьж намын даргын сандал дээр суусан М.Энхболд, Ж.Мөнхбат нар МАН-ыг аврах уу, эсвэл.. гэдэг асуулт тавигдаад он дамнаж байна. Сөрөг хүчин гэх статустайгаар дөрвөн жилийн талынх нь ард гараад байгаа тэд ирэх сонгуулиар хуучин акулуудаасаа авчрах уу гэдэг нь ч бас сонин. Тэрчлэн сүүлийн хэдэн сонгуулиар царайгаа харуулаагүй Санжийн Баяр шиг эзэлсэн орон зайтай нөхдүүддээ бүр баяртай гэх гээд байна уу, эсвэл тэд хэсэг завсарлага аваа юу гэдэг нь анхаарал татаж буй. Ямартай ч С.Баярын тухайд нэгэн цагт МАН-ын дарга явсан тэрбээр намынхаа Бага хуралд оролцохоор хүрэлцэн ирж нэг олонд харагдсан. Намтар нь цагаан биш ч, орон зайтай, тулхтай лидерүүдээрээ цангасан МАН С.Баяр тэргүүтнээ яг цаанаа бол ямар уур амьсгалтай хүлээж авсан нь бүрэн ил болоогүй. Хэдийгээр С.Баярыг үндэсний эрх ашиг, Монголын ард түмнээс урвасан, тиймдээ ч гадаадад амьдарч байгаа хэмээн хэлэгдэж байсан С.Баяр үе үе өөрийгөө сануулчихаад байгаа нь учиртай болов уу.
Хэдийгээр хүч сул гэгддэг С.Батболд, хэт дэврүүн гэх тодотголт У.Хүрэлсүх нар МАН-ыгаа арванхоёр онд өвдөг шороодуулснаар С.Баярын дараа дараагийн гарцууд бүдгэрсэн харагддаг ч, цаг хугацаа нөхцөл байдлыг өөрчилж байж болох. Ер нь бол С.Баярт эргэн ирэхэд тээг болсон асуудлууд байсан гэдгийг анзаарах хэрэгтэй. Ял сонссон АМГ-ын экс дарга Д.Батхуяг нарын ард С.Баяр байсан талаар мэдээллүүд бий. Ямартаа л “Саус Гоби сэндс”-ийн ар болох Канад захирлууд манай нэртэй улстөрч С.Баярыг зодсон гэж байхав. Тохиролцсоныхоо талд бүрэн зогсож чадаагүй учраас С.Баяр тийм байдалд орсон талаар эх сурвалжууд ярьж байсан билээ.
Түүнийг Оюутолгойтой холбож харах өнцөг ч олон бий. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа Оюутолгой ордыг эргэлтэд оруулахад Р.Фрийдландыг хань болохгүй гэж үзсэн тул “Айвенхоу майнз”-ыг шахах нууц тохиролцоотойгоор Рио Тинто-г оруулж ирсэн гэгддэг бөгөөд Айвенхоу Майнз, Рио Тинто хоёрын тэмцэл дундаас ашиг олсон гэгддэг. Талууд хувь эзэмшлийн асуудлаас болж Арбитрын шүүхэд хүртлээ харилцаагаа хүйтрүүлж байсан үе бий. Харин дараа нь Оюутолгой төслийн 2/3 Рио Тинто-гийн мэдэлд очсон бөгөөд манай тал бүр сүүлд нь билэг тэмдэг маягаар дуугарсныг эс тооцвол манай тал Рио-гийн талд үйлчилдэг гэдгээ харуулсан. Харин 12 оны хавар С.Баярын эзгүйд манай парламент бизнесийн талбарынхны бухимдлыг барсан хуулийн төслийг хуульчлан баталсан нь “Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль байсан. Бизнес эрхлэгчдийн тухайд монголын улстөрчид сонгуулийг угтан гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах нэрийдлээр энэ хуулийг баталснаар өмнөд хөршийнхний бус өрнийн хөрөнгө оруулагчдын дагуулж ирдэг гадаадын дадлага туршлага, дэвшилтэт техник, технологи зэрэг бүхий л зүйлээс татгалзлаа гэдэг мэдээлэл гарсан. Тодорхой хэлбэл, хятадын хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжсэн хууль гаргалаа гэж үзсэн.
Харин нөгөө талд өмнийн говийн ордуудыг хятадын төрийн өмчит компанид шилжүүлэхээр санаархсан Н.Энхбаярын түнш тодотголтой Р.Фрийдландын охин компаниудын нэгийг бодлогоор шахлаа гэхчлэн талцсан мэдээллүүд гарсан юм. Тэр нь Саус Гоби Сэндс компани байв. Ер нь бол С.Баярын хувь нэмэргүй, оролцоогүй томоохон төсөл гэж өнгөрсөн жилүүдэд байхгүй явж ирсэн гэхэд болно. Харин эрх мэдэл түүнийх биш болохын цагт тэдгээр томоохон төслүүдийн ар нөмөр нөөлгүүд ч өөрчлөгдөөд байна. Бас С.Баяраар багагүй нөмөр нөөлөг хийж байсан "Жаст" групп ч бизнесийн талбар дахь орон зайгаа алдаад хэдэн сарын нүүрийг үзэж байгаа. Гэхдээ энэ нь С.Баярт улстөр баяртай гэж хэллээ гэсэн үг хараахан биш байх.
М.МӨНХЖИН
Сэтгэгдэл (1)