Б.Гарамгайбаатар юуны учир заналхийлэлд өртөв?
2014/06/19

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хэвлэлийн бага хурал  хийлгэж дуулиан тариад авлаа. Тэрбээр “Миний аминд халдана гэж заналхийлэх боллоо. Долдугаар сарын 1 шиг үйл явдал зохион байгуулна шүү гэсэн утгатай sms над руу байн байн ирэх болсон. Энэ нь Газрын тухай хуультай холбоотой байх гэж таамаглаж байна. Энэ асуудлыг цагдаагийн газраар шийдвэрлүүлэхээр өгөх болно” хэмээн Б.Гарамгайбаатар мэдэгдсэн юм.

Б.Гарамгайбаатар нь Газрын тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахлаж байгаа. Гэвч Газрын тухай хуулийг өөрчлөн шинэчлэх нэрийн дор газар нутгаа гадаадуудад өгөх, найр тавих гээд байна гэсэн шуум тараад байгаа билээ. Б.Гарамгайбаатар “Гадаадын иргэдэд газраа эзэмшүүлэх гэсэн зүйл байхгүй. Энэ хуулиар гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс Монгол Улсад оршин суух хугацаандаа  газар ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм. Газрын биржээр дамжуулж аваад тэндээ зөвхөн оршин суух зорилгоор ашигла гэсэн заалт байгаа. Дараагийх нь “Гадаадын хуулийн этгээд тодорхой үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр мөн ашиглаж болно” гэсэн заалт байгаа юм. Тухайн ашиглах газар дээр зураг төсөл нь байх юм. Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж мөн газар ашиглаж болно. Гэрээнд заагдсан зориулалтаар л ашиглана. Өмчлөх, эзэмших эрх байхгүй. Тодорхой хугацаатай. Ганцхан үүнийг эсрэгээр нь тайлбарлаж, иргэдэд буруу ойлгуулаад байна” гэсэн хариултыг өглөө.

Газрын тухай хуулийн энэ хэсэг буюу гадаадын иргэнд газраа ашиглуулахыг хүмүүс маш их эсэргүүцэж хүлээн авч байна. Тиймээс Б.Гарамгайбаатарыг газар нутгаа гадаадынханд өгөх гэлээ гэж заналхийлсэн байхыг бас үгүйсгэх аргагүй бололтой. Ямартай ч цагдаагийн байгууллага УИХ-ын гишүүнийг сүрдүүлж, заналхийлсэн этгээдийг утасны дугаараар нь хайж олох, баривчлах, байцаах мэтээр үйл явдал өрнөх бололтой. Үүний дараагаар хэргийн учир яг юунд оршиж байсан нь тодрох биз.

Зарим улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар Д.Гарамгайбаатарын хийлгэсэн хэвлэлийн бага хурал нь Газрын тухай хууль болон өөр дээрээ олны анхаарлыг татах нэгэн том алхам боллоо гэж үзэж байна.

Хэдэн жилийн өмнө Японд цунами болж, олон зуун хүн орон гэргүй болоход зарим монголчууд “Бидэнд ашигладаггүй, хэрэгцээг нь гаргадаггүй уудам тал нутаг байна. Тэрийгээ энэ ядарсан, орон гэргүй япончуудад өгье л дээ” гэж уриалга гарч байсан удаатай. Гэвч ашгүй монголчуудын олонхи үүний хариуд “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээх өвөг дээдсийн сургаалийг эргэн сануулж, хэрхэвч тийм алхам хийж болохгүй гэж таслан зогсоосон.

Б.Гарамгайбаатарын ахлан боловсруулж буй Газрын тухай хууль нь зөвхөн түүнтэй холбоотой бус Монгол улсын ирээдүй, орших, эс оршихуйтай шууд холбоотой билээ.

М.МӨНХЖИН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин