Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн Улаанбаатарын гудамж талбайг цэцэгжүүлэх төслийн үр дүнд нийслэлчүүдийн нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгасан өнгө алаг цэцэгс олон болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ нийслэлийн төв буюу хэсэг газруудад л уг таримал цэцэгсийг суулгахад 500 сая төгрөг зарцуулдаг гэхэд та итгэх үү. Тэгвэл энэ цэцэгжүүлэх төслийн цаана “Монос”-оор овоглогддог, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бизнес байгаа талаар улс төрийн хүрээнийхэн ярьдаг юм билээ. Өмнөх жилийн тухайд Чингисийн талбай, Драмын театрын өмнөх талбай, Хэлмэгдэгсдийн хөшөө, Төв шуудангийн өмнөх хэсэг, Ард кино театрын өмнөх талбай, Занабазар, Олимпийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, 1-р хорооллын 3 үйлчилгээний төв, Нарны зам, Тасганы овоо, Учралын цэцэрлэг, Энхтайваны гүүр, Нарны гүүр зэрэг 13000 м2 гудамж талбайг Нийслэлийн хөрөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр цэцэгжүүлэхэд 500 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Гэтэл
хагас тэрбум төгрөгөөр тарьсан цэцэгс намар болонгуут хогийн машинд ачигдан ямар ч үнэ цэнэгүй болон хаягдаж байдаг. Тэгэхээр хотыг бүхэлд нь цэцэгжүүлж, зуны гуравхан сард биш хэдэн жил дамнан өнгө зүстэй байлгаж чадах хэмжээнд эхнээс нь хийдэг байвал зүгээр байгаа юм.Ийм их хөрөнгө мөнгөөр төслийн хэмжээнд хийж байгаа цэцэгжүүлэх ажлыг хийвэл хийсэн шиг хийвэл зүгээр л байна даа. Тэгж чадахгүй бол тэр мөнгөөр нь цэцэрлэг, сургууль барьсан нь дээр гэж иргэд хэлж байна.
Ямартай ч энэ жилийн хувьд 500 сая төгрөгөөр нийслэлийн гудамж талбай хэрхэн өөрчлөгдөж, биднийхээ нүд, сэтгэлийг баясгахыг харах үлдээд байна.


М.СОНОР
Сэтгэгдэл (3)