Унадаггүй, буудаггүй Фортуна сайдаа гэж!
2014/06/18

Уг нь УИХ дахь цөөнхийн бүлгийн 26 гишүүн эв санаагаа нэгтгэж байж Фортуна Н.Батбаяр сайдыг огцруулах хэд хэдэн томоохон үндэслэлүүдийг гаргаж ирсэн юм гэсэн. Тэгсэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүнээс ганц  С.Бямбацогт л түүнийг суудлаас нь буулгах ёстой гэж үзээд, Ц.Нямдорж нарын бусад нөхдүүд хэл ам нь татчихсан юм шиг сууж байгаад өнгөрч харагдав. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Н.Батбаярыг сайд биш болгох гээд байгаа үндэслэлүүдээ танилцуулахдаа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, ажилтай, орлоготой хүний тоо буурч байгаа,  хөрөнгө оруулалт зогссон, аж ахуйн нэгжүүд олноороо хаалгаа барьж байгаа гэхчлэн хэд хэдэн асуудалтай холбон тайлбарлаж байсан. Гэсэн ч Эдийн засгийн байнгын хорооны нөхдүүд бол тэгж үзсэнгүй. Ер нь бол засгийн сайд нарыг буулгах эсэх талаар яриа гарахад хамгийн эхэнд нэр нь бичигддэг хүн бол Н.Батбаяр. Ажил нь гавихгүй болохоор асуудал түүнээс салдаггүй ч гэж болох байх. Ямартаа л Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах айхтар үндэслэлүүд шуугиан тарьж байхтай зэрэгцэн энэ Засгийн газрын кабинетаас түрүүлж гарах ёстой нөхдүүдийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр манлайлах учиртай талаар яригдаж байхав. МАН-ын толгойд явсан нөхдүүдийн нэг У.Хүрэлсүх “Х.Тэмүүжинтэй харьцуулшгүй их огцрох шалтгаантай хүн бол Фортуна даа. Тэнгэр тэтгээд байна уу? Тэгвэл эдийн засгийг ч бас тэтгээсэй дээ... Төсвөөс гадуур дур мэдээд улсын баялгийн 10 хувиас илүү мөнгийг ирээдүйгээс хулгайлсан нөхрийг яав ч зүгээр орхих ёсгүй” гэхчлэн нийгмийн сүлжээгээр хүртэл тунхагласан. Энэ мэт нь Н.Батбаяр гэж нөхрийн үг, үйлдэлд ихээхэн зөрөө байдгийг илтгэдэг юм. Гэвч сайдын сандалд тухалсан тэрээр өөртөө хир халдаахыг эрс эсэргүүцдэг.  Хөх толботой Монголчууд Чингис хааныхаа хараа нүдэнд багтаж, ивээлээр нь сайн сайхан явцгааж байхад ёс бус юм ярьж тэнгэрийг догшируулж, хилэгнүүлэх гэлээ гэж уурлаж бөөн юм болдог. Олон жилийн өмнө намын нөхдөөсөө “байгалийн гамшиг” хэмээх хоч авч явсан тэрээр нэг л сайхан “ам” болохоос хийж гавьдаггүй нэгэн гэдгээ харин ч нэг харуулсан л даа, уг нь.

 

Тэр тухайг нь эргэн нэг сануулахад, Архангайд нэр дэвшихдээ  “Монгол шуудан” банкны ТУЗ-ийн дарга Д.Зоригттой хамтран  “Одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ? Өнөөдөр л эхлэхгүй бол хэзээ эхлэх вэ? Гэсэн уриа дэвшүүлж байгаад 10 жилийн дотор 100 үйлдвэр барина гэх амлалтыг өгсөн ч, үнэн хэрэгтээ тэнд 1 ширхэг ч үйлдвэр байгуулаагүй. УИХ-д хоёр удаа дараалан сонгогдохдоо “Монгол хүний төлөө, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болохын төлөө, импортлогч орноос экспортлогч орон болохын төлөө, иддэг хүнс, өмсдөг хувцас, хэрэглэдэг эрчим хүч, нефть бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангаж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахын төлөө, монгол хүн бүрийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулж, ажилгүйдэл, ядуурлыг өнгөрсөн түүх болгон хувиргахын төлөө, ажил хөдөлмөртэй, боловсролтой, эрүүл чийрэг, аз жаргалтай, баян чинээлэг хүн ардтай улс үндэстэн болохын төлөө” гэхчлэн ихэд нүсэр бас гоё амлалтуудыг өгсөн ч, худлаа л байв.

Тэгээд зогсохгүй 2006 онд санаачлан батлуулсан Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татвар нь  манай эдийн засагт багагүй мөнгө дагуулж ирсэн байж болох ч чамгүй их балагийг дуудсан байдаг. Энэ татвар улсын эдийн засаг, төсвийг нэг металлаас  хэт хамааруулан хэврэгшүүлсэн гэдгийг хэлэх эдийн засагчид бий. Фортунагийн санаачилсан хууль хэрэгжсэн 5 жилийн хугацаанд Монгол Улс алт олборлогч компанигүй орон болж хувирсан юм. 68 хувь хэмээх өндөр татварын сүрэн дороос өндийж чадахгүй гэдгээ мэдсэн алтны компаниудын арга заль нарийсч, татвараас нуун далдлан хил давуулах арга замуудыг сонгож байлаа. Бүр Монголбанк  алт олборлогчидтой үгсэн хуйвалдаж байсны тод жишээ нь тухайн үеийн  Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат,  "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Паушок нар 2.9 тонн алтыг Монголбанкинд хадгалуулах гэрээгээр халхавчлан 16 тэрбум төгрөгийн Гэнэтийн ашгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг ихээхэн дуулиан дэгдээж байсан юм. Түүнчлэн  Паушок хэмээх орос эр монголоос зугтаж, Монгол Улсын Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар буюу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн эсрэг манай улсын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгч баахан асуудал он он дамнан үүсгэж байсан билээ.  Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар  дөрвөн жил үргэлжилсэн энэ заргын эцэст 6 сая ам.долларын зардал гаргаж байж ялсан ч, үнэн хэрэгтээ Монгол Улс их хохирол үзсэн шүү дээ.

За мөн 40 мянган айлын орон сууц гэх хөтөлбөрийн автор тэрээр үнэн хэрэгтээ баячуудыг дахин байржуулсан хөтөлбөр хэрэгжүүлснээ санаж буй нь лавтай. Н.Батбаяр сайдын дэмжлэгийг авсан АН-ын нөхдүүдийн барилгын компаниуд нь 40 мянган айлыг сууцжуулах үүрэг авангуутаа метр квадратын үнийг хөөрөгдөж,  2005 онд метр квадрат нь 350-400 ам.доллар байсан байрны үнийг  650-800 ам.доллар болгон нэмэгдүүлж, 2009 он гэхэд метр квадратын үнэ 850 ам.доллараас хэтрэн хальж, 1000 ам.доллар луу өгсүүлсэн гэхчлэн шил шилээ дарсан балагтай үйлдлүүд нь  Н.Батбаяр сайдад балаг дагуулж ирсэн. Тиймээс ч түүнд хариуцлага тооцох тухай асуудал үргэлж яригддаг. Гэвч тэр дэнжигнэсэн хэрнээ л тэсээд байдаг төвөгтэй нэгэн юм.

М.МӨНХЖИН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин