Мона Лиза юу, Жоконда юу?

Алдарт зураач Леонардо да Винчигийн “Жоконда”-ийн бодит эзэн нь Флоренцийн худалдаачин Франческо дель Жокондагийн эхнэр Лиза болохыг итали зураачдын намтрыг туурвигч Жоржо Вазари гэгч анх хүн төрөлхтөнд зарласан билээ. Суут зураач Франческогийн захиалгаар эхнэрийнх нь хөргийг зурсан бөгөөд хөрөг дээр дөрвөн жил ажилласан ч дуусгаж чадалгүй орхисон гэдэг. Дуусгаж чадаагүй уг бүтээл нь өдгөө Францын хаан Францискийн Фонтенбло дахь харшид бий гэх мэдээлэл ч байдаг.

Тэгвэл Лиза дель Жокондагийн талаар бид юу мэдэх вэ? Тэрээр 1479 онд Флоренци хотод Антонмария ди Нольдо Жерардинигийн гэр бүлд мэндэлсэн аж. Лиза Жерардини дороо эрэгтэй, эмэгтэй дүү нартай айлын ууган хүүхэд байжээ. Түүний эцэг язгууртан угсаатай байсан боловч яваандаа нэр нөлөөгөө алдсан гэдэг. Энэ гэр бүлийнхэн хэд хэдэн хотод нүүдэллэн амьдарч байсан бөгөөд нэг хэсэг эднийхэн Леонардогийн эцэг Пьеро да Винчитэй айл хөрш байв. Лиза 15 насандаа бөс даавууны нэртэй худалдаачинтай гэрлэн түүний гурав дахь эхнэр нь болж, таван хүүхэд төрүүлж өгчээ. 1503 онд Франческо эхнэр хүүхэддээ тусад нь байр авч өгөв. Яг энэ үеэр тэрээр да Винчид Лизагийн хөргийг зурах захиалга өгсөн байдаг. 1538 онд Франческо тахлын улмаас нас барсан бол Лиза түүнээс дөрвөн жилийн дараа нас барсан гэдэг.

Харин чухам яагаад “Мона Лиза” эсвэл “Жоконда” гэж хоёр өөрөөр нэрлэдэг юм бэ?

“Мона Лиза” гэдэг нэрийг англи хэлтнүүд хэрэглэдэг юм. Италичууд “La Gioconda” гэж нэрлэдэг. Ер нь зургийн бүтэн нэр нь “Ritratto di Monna Lisa del Giocondo” буюу “Хатагтай Лиза Жокондогийн хөрөг зураг”. Үүнээс “monna” гэдэг нь италийн “ma donna” буюу “миний хатагтай” гэдэг үгийн товчлол аж. Яг л францын “madame” гэдэг үгийг англи хэлтнүүд ma’am гэж уншдагтай агаар нэг. “monna” нь хатагтай гэдэг утгыг илэрхийлдэг байна.

Таван зууны турш энэ зураг юу эсийг үзсэн гэхэв дээ. Энэ хөрөгтэй холбоотой үлгэр домог, таамаг, эрдэмтэн судлаачдын маргаан ч гэж тасрахгүй. Гол асуудал нүдний харц, инээмсэглэлд нь төвлөрдөг билээ.

Б.ЯЛГУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025