-Улс төрийн эргэн тойронд-
-АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаас эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн хүрээнд зарим хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэн батлах ёстой хэмээн гишүүд нь санал нэгджээ. Эдгээрт ашигт малтмалын болон Өрнийн удирдлагын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслүүдийг дурдсан байна.
-УИХ-ын нэр бүхий гишүүд “Өглөөний цай” нэртэй клуб байгуулжээ. Тус клубт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, О.Баасанхүү, Д.Батцогт, Г.Уянга, Р.Бурмаа, Х.Болорчулуун, Л.Цог, Ц.Даваасүрэн нар нэгдсэн байна. Анхны уулзалтаараа Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хүрээнд санал солилцжээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Латви улсын Ерөнхийлөгч Андрис Берзниш энэ сарын 11-13-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр Монгол, Латвийн бизнес эрхлэгчдийн болон хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны тухай дугуй ширээний уулзалт зохион байгуулах юм.
-УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр өргөн барьсан байна. Уг хуулийн төсөлд банк, банк бус санхүүгийн байгууллага зээл төлүүлэх зорилгоор эзэмшиж, худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг тусгажээ. Харин хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар оршин суугч болон оршин суугч бус этгээд нь зээлийн хүүгийн орлогод 10 хувиар албан татвар ногдуулж байх тул хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байгаагаа тэрээр УИХ-ын даргад уламжилсан байна.
-УИХ-ын МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Номтойбаярыг томиллоо. Тус бүлгийн дэд даргаар С.Бямбацогт, Д.Оюунхорол нар ажиллаж байсан бөгөөд С.Бямбацогт бүлгийн дарга болсноос хойш бүлгийн дэд даргын суудал эзэнгүй байсан юм.
Б.Тэлмүүн
Сэтгэгдэл байхгүй байна