Монгол банкны тухай хуулинд Монгол банкны үүргийг зааж өгсөн 4 дүгээр зүйл хоёр заалттай. Тэнд:
1. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.
2. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.
Энэ үүрэг биелэж байна уу?
Тэртээ 1991 оноос хойш өнөөг хүртэл Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Жаргалсайхан, Д.Моломжамц, Ж.Үнэнбат, О.Чулуунбат, А.Батсүх, Л.Пүрэвдорж нар ажиллаж байлаа. Улсын сан хөмрөгийн эзэн байх чихэнд чимэгтэй сонсогдож байгаа ч яваа яваандаа энэ албаны эзэн шиг муу нэртэн үгүй. Өдгөө Н.Золжаргал ч гэсэн тэрхүү зовлонг эдэлж явна. Ноён доллар зангаа хувиргах төдийд мань эр “шүүлтийн тавцан”-д гозойно шүү дээ.
Долларын ханшийн өсөлт, төгрөгийн сулрал гэхчлэн эдийн засагт түмэн гамшиг нүүрлээд буй энэ үед Н.Золжаргалын эсрэг ирт сэлэмний үзүүр чиглэж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн. Гэвч Монголбанкны ерөнхийлөгчийг халах эрх зөвхөн УИХ-ын даргад байдаг гэсэн хариуг тэр хүлээж аваад буй. УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтанг эргүүлэн татах, огцруулах санал гаргах ерөнхий зохицуулалтыг хуульчилсан боловч Монголбакны ерөнхийлөгчийн тухайд нарийвчилсан зохицуулалтаар хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан чөлөөлөх санал гаргана гэжээ. Өөрөөр хэлбэл, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг чөлөөлөх асуудлыг зөвхөн УИХ-ын дарга З.Энхболд гаргах ёстой юм байна. Н.Золжаргалын сайн эсвэл муу ажилласанд зөвхөн УИХ-ын дарга дүн тавьж хариуцлага тооцох гэнэ. Хэрэв УИХ-ын даргад Н.Золжаргал ажлаа сайн хийж байгаа гэж дүгнэвэл түүнийг огцруулах асуудлыг УИХ-ын өөр ямар ч гишүүн тавих эрхгүй гэнэ. Ийнхүү З.Энхболд асуудлыг бөөрөнхийлөн хүлээлтийн байдалд шилжүүллээ.
С.Ганбаатар “улсын заргач” аятай явдаг болохоос Н.Золжаргалын алдааг олж харан дайралт хийсэн анхны хүн биш. Түүний талаар хэн юу хэлж байв?
ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ:
-Золоотой хүн ёсны найз хэвээрээ байлгүй яах вэ. Бүр 1987 оноос Улсын банкны ерөнхий хороонд хамт ажиллаж байсан. Худалдаа, хөгжлийн банкийг анх байгуулагдахад нь хамт ажиллаж байлаа. Дэндүү залуудаа Хөрөнгийн биржийн захирлаар дэвшээд явсан. Тэрээр энэ хооронд Харвардад сурч амжсан. Ингээд 2007 оны намраас дахин энэ банкиндаа хамтарч ажиллаж байгаад тэрээр Монголбанкинд очлоо. Эдийн засгийн хэлээрээ яриад ойлголцож чаддаг, нэгнийхээ дутууг нөхдөг тийм л харилцаатай. Хувь хүний талаасаа нийлдэг ч юм бий, нийлдэггүй ч юм бий. Хэрэлдвэл “нэлээд сайхан” хэрэлдэнэ. Гэхдээ Монголбанкинд Н.Золжаргал очоод хэн ч биш гэдгийг би ойлгосон. Яагаад гэвэл Төв банкны хууль нь буруу юм билээ. Жишээ нь, АНУ-ын Төв банк удирдах зөвлөлийн долоон гишүүнтэй. Нэг гишүүн үгүй гэсэн бол тухайн бодлого батлагддаггүй. Цөөнхийгөө хүндэтгэдэг. Манайд зөвхөн Ерөнхийлөгч л шийдвэр гаргадаг. Хоёр дэд ерөнхийлөгч хоёулаа эсрэг саналтай байсан ч гэсэн ямар ч нөлөө үзүүлж чаддаггүй. Эдийн засгийн бодлого тодорхойлдог Төв банкны хувьд УИХ-аас томилогддог гурван хүний нэг нь үгүй гэхэд тухайн асуудал батлагддаггүй байхаар хуулийг өөрчлөх хэрэгтэй. Учир нь улс орны, 2.7 сая хүний амьдралыг шийдэх амин чухал асуудалд хандахдаа “долоо хэмжиж нэг огтол” гэсэн мэргэн үгийг баримталж, яагаад эсэргүүцэж байгаа юм бэ? гэсэн үндэслэлийг ядаж сонсдог баймаар юм. Одоогийн Монголбанкны Ерөнхийлөгч удирдагчийн хувьд ч мэргэжлийн хувьд ч шаардлага хангахгүй байгаа тул эдийн засагт ихээхэн саад учруулж байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга түүнийг эвслийн бүлгийн хурал дээр гэнэт дуудан шахаанд оруулж байсан. Уянга “Төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах гол үүрэг Засгийн газраас илүүтэй Төв банкинд хуулиар оноогдсон. УИХ ажлаа хийж, Төв банкинд хариуцлага тооцох ёстой” гэж мэдэгджээ. Н.Золжаргал мянган зовлонгоо тоочсон ч хууль бол хууль, төгрөгийн ханш унасныг ганцхан Төв банк, түүний удирдлага л хариуцах ёстой. Өөр заалт Монгол Улсын ямар ч хуулинд байхгүйн бол үнэн юм.
Ингэхэд яагаад эдийн засаг хямарч өнөөдрийг хүртэл сэхэл авахгүй, уналтын байдалд савлана вэ?
“Рио Тинто”-той хийсэн сунжирсан маргаан ба гадаад орчны таагүй байдлаас шалтгаалж дотоодод валютын хомсдол үүссэн гэж асуудлыг хамгийн сайн мэдэх, хариуцсан хүн нь болох Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал тайлбарладаг. Үүний улмаас инфляци гаарч төгрөгийн ханш 30 хувь цаашлаад 40 хувь болтлоо суларсан гэсэн үг бол түүний амны уншлага.
Н.Золжаргал гэж хэн бэ? Энэ дашрамд түүний баримттай цухас танилцья.
БОЛОВСРОЛ
1982-1988 | БНУУ-ын Будапешт хотын Эдийн засгийн их сургууль, Эдийн засгийн ухааны магистр
1995-1996 | АНУ-ын Харвардын их сургууль, Нийгмийн удирдлагын магистр
АЖЛЫН ТУРШЛАГА
1988-1989 | Улсын банкны ерөнхий хороо, Гадаад тооцооны газар ня-бо
1989-1991 | Улсын банкны ерөнхий хороо, Гадаад тооцооны газар эдийн засагч
1991 | ХХБ, Гадаад харилцааны хэлтэст захирал
1991-1996 | Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал
1996-1997 | АНУ-ын Харвардын их сургуульд зөвлөх
1997-1998 | МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх
1998-2000 | Дэлхийн банк, KPMG компаний Бизнес менежментийн зөвлөх
2000-2007 | Хувийн секторт
2010-2012 | Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
2012 | Монголбанкны Ерөнхийлөгч
ШУУД УДИРДАХ МБ-НЫ ГАЗАР, АЛБА
Тэргүүн дэд Ерөнхийлөгч
Дэд Ерөнхийлөгч
Тамгын газар
Дотоод аудитын газар
Мөнгөний бодлого, судалгааны газар
Валют, эдийн засгийн газар
Насаараа эдийн засгийн салбарт ажилласан энэ эрхэмтэй ажлын туршлага, онол практикийн мэдлэг дутуу гуцуу гэх юм үнэндээ л алга. Монголбанк ч дурын “усан толгой”-г тэргүүндээ залдаггүй болов уу. Гэвч яагаад ямар ч хүн, хэзээ ч дарга болсон мөнхийн хэл аманд ороогдож, эдийн засаг өөд нар хардаггүй юм бол?
Н.Золжаргал явж болно. Тэгвэл дараагийн хүн хэн бэ? Тэр ирлээ гээд эдийн засагт нар мандах уу? Хүнийг хэдийг ч халж солж болно. Харин бидний хуулийн заалтанд асуудал гажуудал байвал яах вэ? Төгрөгийн сулралын гол буруутан зөвхөн тэр гэж үү?
Б.Тэлмүүн
Сэтгэгдэл байхгүй байна