Намынхандаа “гомдсон”-доо давхар дээлээ тайлсан Үйлдвэр худалдааны сайд асан Х.Баттулгыг дээлнийхээ товчийг эмхэрч амжаагүй шахам байхад нь л орных нь хүний лобби, хобби аль хэдийнэ эхэлчихсэн байсан. Тэр энийг гэж ханцуйндаа тохиролцож байсан АН-ынхны хувьд хамгийн ил цагаан зарласан нь УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж.
Гэтэл орныхоо хүнийг суудалдаа үлдээнэ гэсэн тохироотой сайдын суудлаасаа огцорсон гэсэн яриа дэлгэрч байсан болохоор МоАХ-ын Ш.Түвдэндоржийг тохирооны дагуу удаахь сайдаар томилох нь тодорхой гэмээр байсан ч Ерөнхийлөгч гэдэг нөхөр татгалзсанаар томилгооны асуудал улам хурц сонирхолтой болж байна. Ерөнхийлөгчийн хэлж буй үндэслэл маш тодорхой, угаасаа давхар дээлээ тайлья аа гээд байхад дахиад нэг эрхэм гишүүнийг сайд болгох шаардлагагүй ээ гэж.
Гэвч энэ албан тушаалд нэр дурдагдаж байсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг харвал Ерөнхийлөгчийн санаа ч бас ойлгогдохоор. Түүний хамгийн ойрын шадруудын нэг, зөвлөх нь байсан Л.Эрхэмбаяр хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэсэн бор шувуу нисэлдэж л байсан.
УИХ-ын сонгуулиар бараг ялчихаад байхад нь нам нь хамгаалаагүй гэсэн гомдол тавьдаг Л.Эрхэмбаярын гомдлыг тайлах “сэтгэл” ч бас байгаа байх, эрхэм Ерөнхийлөгчид. Гэхдээ бас цаад “зуулт”-ыг нь ухаад үзвэл “Женко” Баттулгын эсрэг шидэж байгаа Ерөнхийлөгчийн сум ч гэж бас ойлгож болохоор. Нэг цагт өргөн, нарийн царигийн маргаан ид хурцтаж байх үед өөрийн санаачлагаар өмнийн говийг зорьж “Женко” Баттулгын мөнхийн дайсан болоод байгаа “MCS”-ийн Оджаргалд илт хандархан Цогт-Цэций дэх кэмп дээр нь хонож, өнжиж л байсан нөхөр дөө, манай Ерөнхийлөгч.
Тэгэхээр үнэхээр сайдын суудалд Ш.Түвдэндорж уу, Л.Эрхэмбаяр уу гэсэн “дуэль” явж байгаа бол хэн нь томилогдохоос хамаараад Ерөнхийлөгч хүчтэй юу, Х.Баттулга хүчтэй юу гэдэг нь харагдах нь дээ.
А.АНУ
Сэтгэгдэл (1)