О.Магнайд хэлнэ шүү
2014/06/04

Гал цогтой тэмцэгч О.Магнай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга болсноосоо хойш чамгүй тэмцэл өрнүүлж, олон ч газрыг чичрүүлээд байгаа. Нефть импортлогч компаниудын 17 тэрбум төгрөгний торгуулийг нэхэж, үүрэн телефоны опеартори компаниудыг чичрүүлснээс эхлээд таксины үнийг хөөрөгдөж мэдэгдэл хийсэн гээд сайн муу олон шуугианыг тэр л дэгдээж өмнө нь байгаа байхгүй нь мэдэгддэггүй асан ШӨХТГ хэмээх газрыг харин ч нэг од болгосон. Ямар сайндаа л хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага Монголд огт байдаггүй гэж шогширч байсан хүмүүс одоо зарим нэгнийг “О.Магнайд хэлнэ шүү” гэж айлгадаг болоод байх вэ дээ.

Түүний бас нэг тулаан нь Улсын циркийг менежментийн хувьчлалаар авсан Асашюүрү аваргатай зарга үүсгэж, сүүлдээ бүр улс төрийн сэдэв рүү ч халтирч орхисон. Тэгвэл О.Магнай дарга циркийн асуудлыг чимээгүй орхиогүй, менежментийн хувьчлалын гэрээгээ биелүүлэхийг шаардсан хэвээр л байгаа. Харамсалтай нь Д.Сумьяазар гишүүний нэр дуулдаад гацаж орхичихоод байна гэж өчигдөр мэдээлэл хийхдээ дурдана лээ.

Энэ удаа О.Магнай МУИС-ийн захирал А.Галтбаярт 2013 онд сургууль хооронд шилжсэн 166 оюутнаас 236 сая төгрөг, 2014 онд 75 оюутнаас 111 сая төгрөг,  нийт 347 сая төгрөг хууль бусаар “авсан” болохыг тогтоосон гэсэн шуугиантай мэдээлэл цацав. Мөн тус газраас 13 банкинд шаардлага хүргүүлж байгаа бөгөөд арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохдоо зээлийн шимтгэл,  хураамж болгож олгосон зээлийнхээ 0,5-1 хувийг суутган авч буй нь хууль зөрчиэ байна гэж үзжээ. ШӨХТГ-ын дарга О.Магнай энэ мэтчилэн шуугиант мэдээллүүд хийж байна. Гэхдээ О.Магнай ч өөрөө бас жинхэнэ “хүчин чадал”-аараа ажиллаж чадахгүй байгаа гэнэ.

 Ямартаа ч тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр “Засгаас намайг О.Магнай чи дэндүү их юм шалгаад байна. Одоо эдийн засгийг хөгжүүлэх 100 хоногийн хүрээнд чи битгий шалга. Тайван байр. Үнэхээр гомдол ирвэл түүний дагуу ажилла гэсэн. Заримдаа яг өөрийнхөөрөө ажиллахад хэцүү байна” гэж гомдоллож байна лээ шүү.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин