Ж.Бизегийн алдарт “Кармен” дуурийн гол дүр гал халуун цустай, эрэлхэг дайчин цыган бүсгүйн дүрээр алдаршиж, урлаг дахь орон зай, хувь хүний дотоод ертөнц, мөн чанараа тунхагласан энэ хатагтайн Ч.Мөнхшүр гэдэг. Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин хэмээх алдар цолыг авьяас, чадлаараа энгэртээ гялалзуулсан урлагийн үзэсэглэнт бүсгүйчүүдийн нэг энэ хатагтайн амьдрал, намтар бас их сонин.
Ардын жүжигчин “хун”А. Долгортой мөр зэрэгцэн сонгодог урлагийн их өргөөнд заларсан Ч.Мөнхшүр хатагтай одоогоос 5 жилийн өмнө Дуурийн театр мэргэжлийн атестачлал гэгчийг хийж, 8 уран бүтээлчээ ажлаас гаргахад нэгэнд нь түүний нэр явсан. Тиймдээ ч А.Мөнхшүр хатагтайн ягаан байшингаасаа хөөгдөв хэмээн хэвлэлүүд шуугиж байв. Үнэн хэрэгтээ тэр хөөгдсөн юм биш, тэтгэвэрт гарах нас нь хэдийнэ өнгөрчихсөн байсан учраас энэ үеэр өөрийн өргөдөл, хүсэлтээр гавьяаныхаа амралтанд суусан хэрэг. Кармены дүрийг Ленинград хотын хөгжмийн дээд сургуулийг дүүргэсэн Ч.Мөнхшүрээс өөр хэн ч тэгтлээ төгс бүтээж чадахгүй гэж дээхэн үеийн урлагийн луглагарууд хэлдэг нь үнэний ортой. Хатагтай Ч.Мөнхшүрийн орон зай одоог хүртэл ягаан байшинд үгүйлэгдсээр байгаа билээ.
Хэзээд смоки будалттай эргэлдсэн алаг нүд, өтгөн хөмсөг, өвөрмөц нийтлэг бус төрхөөр бусдаас ялгарч ирсэн энэ хатагтайн аав Чинзаяат хэмээх хятад хүн байв. Хувьсгалын дараа манайд үлдэж, суурьшсан олон хятад иргэдийн нэг. Монгол улсад Мебелийн үйлдвэр гэгчийг байгуулагдахад гар бие оролцсон, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой хөдөлмөрч хичээнгүй эрхэм байсан гэдэг.

Ч.Мөнхшүр хатагтай шиг эрлийз хүмүүс манайд олон ч түүн шиг нууж хаалгүй, баггүй байдаг нь харин хэд юм бол. Ардын жүжигчний хувьд аав нь хятад хүн гэдгийг хэзээ ч, хаана ч нууж байгаагүй. Хүүхэд бага насанд нь хятад, эрлийзтэй нь холбоотой янз бүрийн дарамт, шахалт ирдэг байсан ч дуучин хатагтайн тухайд тэр бүхнийг үл ажран өдийг хүрч ирэхдээ ёстой чадал, авьяасаараа АЖ хэмээх эрхэм цолыг авсан гэдэг. Уран бүтээл нь ийн дардан шулуун байсан ч энэ эмэгтэйн хувийн амьдрал уран бүтээл шигээ байсангүй. Олон жилийг өрх толгойлсон эмэгтэй гэх тодотголоор туулж яваа түүний хань, хүүхдүүдийнх нь аав хөгжмийн зохиолч
Х.Сэргэлэн. Ардын жүжигчин Г.Хайдавын ууган хүү, “Сэргэлэн бага нас” мэтийн олонд хүрсэн дуунуудын хөгжмийг зохиосон Х.Сэргэлэн гэдгийг уншигчид маань андахгүй биз ээ. Одоог хүртэл Г.Хайдав гуайг ааваа хэмээн дууддаг Ч.Мөнхшүр хатагтай залуу зандан насандаа Х.Сэргэлэн ноёнтонтой амьдарч байсан ч хүүхдүүдийнх нь аав бор дарсанд дурлаж, үл ойлголцсоноос хүү, охин хоёртой 20 жилийн амьдралдаа цэг тавьж, хоёр тийш болсон түүхтэй. “Удаан жил ханилж сайхан амьдарч байгаа хүмүүсийг харахэд сайхан л даа. Гэхдээ яахав. Амьдралд байх л юм шүү дээ” хэмээн ханийнхаа тухай сэтгэгдлээ хуваалцсан дуучин хатагтай тэр цагаас хойш хүнтэй сууж, хамтын амьдрал зохиогоогүй, ёстой гэрт орж эм, гадаа гарч эр болж явсаар 2 хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн гэдэг.
Харин Х.Сэргэлэн ноёнтны тухайд анхны эхнэрээсээ салсны дараа Уранчимэг хэмээх хөгжмийн зохиолч бүсгүйтэй ханилж суусан боловч 10 жилийн дараа мөн л хоёр тийш болсон. Үүний дараа хамгийн сүүлд бас нэг бүсгүйтэй амьдарч байгаад өвчний улмаас ханиа алдаж, сэтгэл өнчирсөнөө хуваалцаж байв. Багш мэргэжилтэй энэ бүсгүйтэй хамт хөгжмийн зохиолч эр урд хөрш Эрээнд амьдарч байсан бөгөөд өөрөө багшилдаг байсан байна. Ийм эрээн бараан, элдэв сонин ч гэмээр амьдрал туулсан Ардын жүжигчний хүү нас жар гарч яваа. Одоог хүртэл бор дарсандаа дуртай хэвээр, гундуухан амьдралыг туулж яваа гэдэг. Аав нь ч тэр, үр хүүхдүүд нь ч тэр ноён Х.Сэргэлэнг өөд татаж, сайхан амьдралд хөтлөх гээд бараагүй хэмээн ойр дотныхон нь учирладаг юм билээ.
Сэтгэгдэл (24)