Төсөв яах вэ, хөл бөмбөг?
2014/05/26

Эдийн засаг элгээрээ хэвтлээ, яах вэ гэж цамналддаг эрхэм гишүүд харин яалт ч үгүй Монголын эдийн засгийн гол ачаа нь болоод байгаа төсвийнхөө талаар хэлэлцэхээс сайн дураараа татгалзаж байна.

Нэг л их эдийн засагтаа санаа зовсон хүмүүс байдаг эрхэм гишүүд төсвийн тодотгол хэлэлцэх ёстой байсан өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн хуралдааныг ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшлуулж, баасан гаригт мөн л асуудлаа хэлэлцэх эсэхийн хооронд дуншсаар энэ долоо хоногийн мягмар гариг хүртэл хойшлуулав. Эдийн засаг муудлаа гэж хашгирдаг гишүүд төсвийн тодотголоос илүүтэй хөл бөмбөгт анхаарлаа хандуулсан бололтой.

Гадаад айлчлалтай долоо хоног

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн уулзалтаас ирснээс хэдхэн хоногийн дараа буюу тавдугаар сарын 22-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д айлчлал хийхээр мордсон. Шанхайн уулзалтын үеэр хөрш хоёр орны тэргүүнтэй уулзсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн яриа хэлэлцээрийг Ерөнхий сайд маань үргэлжлүүлэв бололтой. Хийн хоолой тавих талаар эцэслэн тохиролцлоо хэмээсэн БНХАУ, ОХУ-ын тэргүүнүүдийн дэлхийн анхаарлыг татсан мэдээллийн араас ашгүй нэг юм Ерөнхий сайд уг хоолойг Монгол Улсаар дайруулах талаар  хамтарч ажиллахад бэлэн байна гэсэн гуйлтаа дахин тодотголоо.

Ийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар гадаад улсад бууж мордсон өдрүүдэд том улс төрд хэсэг сонсогдсон халаа, сэлгээний дуулиан яаж бүр намжихав, УИХ дахь бие даагчид Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруул гэсэн саналаар буухиаг үргэлжлүүллээ.

“Изинис эйрвэйз”-ийн дампуурал юу өгүүлэв?

Монголд цөөхөн авиа компанийн нэг болох “Изинис эйрвэйз” компани дампуурлаа зарласан нь Монголд ийн албан ёсоор дампуурлаа хүлээн зөвшөөрсөн цөөхөн тохиолдлуудын нэг болох байх. Орон нутагт хамгийн олон нислэг үйлддэг байсан тус компани 200 гаруй ажилчдадаа “баяртай” гэж хэлээд байна.

Тус компанийн үйлчлүүлэгчдийн 90 хувь уул уурхайн компаниуд байсан бол уул уурхай зогсонги байдалд орсноор ийнхүү дампуурлаа зарлахаас өөр аргагүй болсон гэгдэж буй. Дээр доргүй ярьсаар байгаа эдийн засгийн хямралын яалт ч үгүй том сануулга “Изинис эйрвэйз”-ийн дампуурал болов. Дампуурлын тухай хар мэдээ “Өнөөдөр “Изинис эйрвэйз” харин маргааш танай компани дампуурах юм биш биз” гэсэн айдастай асуултыг илгээж байна.   

Тоггүй бас халуун усгүй Улаанбаатар

Монголчууд “Рейлбус” хэмээх ганган унаатай боллоо гэж баярласан өдрүүдэд төмөр замын гарман дээр галт тэрэг ирлээ гэж дохио өгсөөр атал машинаараа “дайрч гарах” гэдэг зоригтой нөхдийн дуулиан үргэлжлэв. Өнгөрөгч долоо хоногийн бас нэг “осол” амиа хорлох гэсэн “зоригт” эрийн үйлдлээс үүдсэн нь бас л гайхалтай. Амиа хорлоно гэж өндөр хүчдэлийн шон дээр авирч гарсан согтуу эрээс болж нийслэл хотын дийлэнх газрын цахилгаан гурван цаг тасалдав. Эцэс сүүлд нь онцгой байдлын аврагч нар амиа хорлогчтой “хэлэлцээр” хийснээр өндөр хүчдэлийн шонгоос буулгаж чадсанаар хэрэг намжив.

Нийслэлийн замын чанарыг шалгаж байгаа зуны бороотой өдрүүдэд уламжлал ёсоор халуун ус хязгаарлах хөдөлгөөн өрнөсөн хэвээр. Жилийн жилд засвар хийнэ хэмээн ийн халуун ус хязгаарладаг “уламжлал”-д нийслэлийнхэн хэзээний дассан. Харин ирж буй хоногууд Монголчуудын бас нэг дуулиант баяр болох Эх үрсийн баярын хөөр хөгжөөнөөр хөглөгдөх нь дамжиггүй. Бяцхан үрсийн хүсэн хүлээдэг баярт зориулан нийслэлийн төв талбайг 12 жилийн дүрээр чимэглэн, энд тэндгүй хүүхдийн бэлэг, хувцас хунар, тоглоом сэлтийн зар сурталчилгаа хүчээ аван даллаж байна.

Төсвийн тодотголоо хэлэлцэж амжихгүй байгаа УИХ-ынхан ямартаа ч энэ долоо хоногт төсвөө хэлэлцэж амжлаа ч үндэсний баяр наадмын дуулиан цууриан эхэлж, зайлшгүй шаардлагатай гэгдэж байсан хуулийн төслүүд рүүгээ хошуу сунгах зав гарах болов уу, яах бол? Баахан халаа сэлгээгээр л хаврын чуулганыхаа чамгүй хугацааг сул шахуу үдсэн эрхэм гишүүдэд ээлжит чуулганыхаа хаалтыг хийхэд багахан хугацаа үлдээд байна даа, уг нь.      

А.АНАНД

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин