Дуулианы эзэн Х.Тэмүүжин өчигдөр мөн л эрэлт хэрэгцээ ихтэй байв. УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор түүний өргөн барьсан Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийг хэлэлцсэн бол Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар хорих ангийн өнөөгийн нөхцөл байдал болон хүний эрхийн асуудлын талаар мэдээлэл хийсэн. Мэдээж энд хамгийн түрүүнд урьдчилан хорих төвд өнгөрсөн долоо хоногт амь насаа алдсан Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан агсны талаарх асуудал сөхөгдөнө.
Үүнд ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж “Бид хариуцлагаас мултрах гэж оролдохгүй. Хариуцлага хүлээхэд бэлэн байна. Д.Амарсайхан агсны нас барсан нь гэнэтийн харамсалтай зүйл болсон. Үдээс өмнө 12.00 цагт төрсөн ах нь ирж уулзсан. Бичлэг нь байгаа. Инээж хөхрөөд, гудайж гундаагүй л харагдаж байсан. Үдээс хойш 15.00 цагт өмгөөлөгч нь ирээд уулзах гэсэн. Энэ үед Н.Чандмань, Н.Анхбаяр, Н.Энхбат гэж дөрвөн хүн байсан. Ороод хоёр минут болоод гэнэт ухаан алдан унасан. Ухаан алдах үед нь н.Анхбаяр иллэг хийсэн. Эргээд ухаан ороод "Үхэх нь, ёоёо" гэж хэлээд дахиад ухаан алдсан. Манай эмч нар дөрвөн минутад очсон. Хиймэл амьсгал хийсэн. 103 түргэн тусламж ирсэн. Үнэхээр амь насыг нь аварч чадаагүй” гэсэн хариулт өгсөн юм.
Харин талийгаачийн ар гэрийнхэн “Түргэний тэрэг цаг гаруйн дараа ирсэн. Биднийг хорихын үүдэн дээр байж, ядахдаа талийгаачийнхаа цогцсыг бүлээн байхад нь харья гэсэн ч оруулаагүй, бүр чирж гульдарч хөөсөн” гэж байсан юм. Ийн ямар ч гэсэн Д.Амарсайхан агсны үхэлд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцоход бэлэн гэж ам гарлаа.
Сэтгэгдэл байхгүй байна