Мөнгө угаасан хэрэгт шалгагдаж байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан урьдчилан хорих төвд амиа алдсан. Уг нь түүнийг шалгаж байгаа гэх хэргийн шүүх хурал маргааш болох байсан юм байна.
Уг хэрэгт “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Н.Отгонболд, А.Чандмань нарыг шалгаж байсан.”Тэнгри холдинг” компани 45 ширхэг тусгай зөвшөөрлийг худалдаж авсан, мөн тодорхой хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл нь гарчихсан байхад цуцлалгүйгээр сунгасан. Төрийн албан тушаалтнуудтай хуйвалдаж мөнгө угаах чиглэлийн гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэн шалгаж байсан аж. “Тэнгри холдинг” компани нь Карибын арлуудад оффшор бүсэд бүртгэлтэй. Улмаар гадаадаас 12 тэрбум төгрөгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирж хайгуулын лицензүүдийг худалдаж авсан нь шалгалтын явцад тогтоогдсон гэж тухайн үед Авлигатай тэмцэх газраас мэдэгдэж байжээ. Гэтэл энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан Д.Амарсайхан нас барсан болохоор хэрхэх нь тодорхойгүй. Хуулийн дагуу бол хэргийг тусгаарлан шалгах ёстой болж таарч байна.
Мөн түүнчлэн өнөөдөр УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны хуралдаан болно. Энэхүү хуралдаанд Цагдан хорих болон хорих байгууллага дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нарын мэдээлэл хийнэ гэсэн байхыг бодоход яалт ч үгүй урьдчилан хориход хүн амь насаа алдсан хэрэг сөхөгдөж л таарна. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хариуцлага тооцох 10 хоногийн хугацаатай бичигтээ “Хорих ангид хүний амь нас үрэгдсэн хэрэгт холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох” гээд заачихсан нь цаагуураа Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг дахиад л тавьж байна гэсэн үг.
Х.Тэмүүжин дахиад л байцаагдах нь дээ.
Сэтгэгдэл (29)