Аймшигт хэргийн дуулианаар эхэлсэн өнгөрөгч долоо хоног мөн л галын дуулианаар өндөрлөв. 20 гаруйхан насны хоёр бүсгүйн амийг нь хөнөөж, цогцосны толгойг нь тасалсан байсан энэ хэрэг олон нийтийг хэртхийлгэв. Аллагад сэжиглэгдэж байгаа этгээд нь мөн л 20 гаруйхан насны залуу. Баасан гаригийн үдэш “тэмдэглэсэн” залуусын уулзалтаас ийн аймшигтай хар хэрэг дэгдэв.
Харин өнгөрөгч Бямба гаригт УИД буюу "Номин" их дэлгүүрийн дөрөвдүгээр давхарт гал гарсан нь өмнөх долоо хоногийн мөн л бямба гаригт “Барс-2”-т гарсан гал, цаашилбал “Нарантуул”, “Сандэй”, “Нарантуул-2”-д гарсан түймрийг хэргийг сануулж, эгээтэй л галын чөтгөр хүнсний зах, дэлгүүрүүдийг онилов уу гэсэн мухар айдас төрүүлэх шахав. Энэ бүх тохиолдол хаа хаанаа, галын аюулгүй байдлыг сахиж, анхаарал сэрэмжтэй байхыг сануулсаар байгааг дахин сануулахаас даа.
Харин тавдугаар сар гарсаар багагүй дуулиан дэгдээж байсан улстөр хавиар сенсаци багатай. Магадгүй тулааны өмнөх нам жим ч байж болох.
Нэгэнт төөрөг нь зурагдсан ёсоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгынхаа давхар дээлийг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн дээлийг тайлах “эротик” үзүүлбэрийн саналаасаа эрхэм гишүүн О.Баасанхүү сайн дураараа татгалзлаа. Мэдээж одоо ид Х.Баттулга сайдын орыг хэн залгах тухай бор шувуунууд жиргэнхэн нисэлдэж байгаа. Зарим сэм горилогсод өөрсдөө ийм бор шувууг өврөөсөө нисгэдэг бол, нэгэнт зохион байгуулалтад орсон төөрөлдүүлсэн сэтгэл зүй үүсгэхийн тулд албаар харь хамаагүй хүмүүсийн нэрийг бор шувууны “хүзүү”-нд зүүн илгээх нь ч бий. Гэхдээ тун удахгүй бор шувуу үнэн жиргэсэн эсэх нь тодорно. Эсвэл бор шувуу огт жиргээгүй ч байж болно.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд бас нэг даацтай гэмээр бор шувуу жиргэсэн нь Ерөнхийлөгч тэргүүлж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар оролцдог Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гамшиг болоод байгаа Хөгжлийн сайд “Фортуна” хэмээх Н.Батбаярыг огцруул гэсэн чиг өгсөн тухай.
Хэрвээ үнэхээр л гурван “өндөрлөг” ингэж санал нэгдсэн бол юун О.Баасанхүүгийн жүжиг. Дээрээс нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн суудал ганхаж байгаа гэсэн яриа дахиад л дэгдэв. Угаас анх томилогдохоос нь хойш олонтаа яригдаж байгаа “сануулга” л даа. Харин УИХ дахь өрөвдөлтэй цөөнх буюу МАН-ынхан Ерөнхий сайдад дахин нэг банга сонсгосон нь 10 хоногийн дотор ажлаа сайжруулж, зарим нэг хүмүүст арга хэмжээ тооцохгүй бол арга хэмжээ авах тухай сануулга бичиг. Сануулга бичгээ гардуулах ахуйд нэг нь өрөө рүү зөвшөөрөлгүй дайрч орлоо хэмээж, нөгөөдүүл нь Ерөнхий сайдтай уулзахад ийм л хэцүү байна шүү дээ гэсэн шүүмж чулуудсан.
МАН-ынхан ийн сануулга бичиг илгээж байна гэдэг бас л асуудал. Гэхдээ үнэхээр Н.Алтанхуягийн суудал бага ч гэсэн санжигнаж эхлээгүй л бол энэ бичиг сачиг зэрэг ч бас яамай л болно л доо. Бичигт лав урьдчилсан хорих төвд хүн амиа алдсаны буруутанд хариуцлага тооц гэсэн байхыг бодвол зүүний үзүүр мөнөөх л Хууль зүй дотоод хэргийн сайд руу чиглэж буй юм байх. Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайхан урьдчилан хорих төвд хоригдож байгаад өнгөрсөн долоо хоногт өмгөөлөгчтэйгөө уулзахаар уулзалтын өрөөнд ирэх замдаа гэнэт зүрх нь зогсон амь насаа алдсан. Төрийн нэрээр баривчлан тусгаарлаж, ар гэрийнхэн нь бие нь муу байгааг учирлан гуйсаар байсан ч хорих ангид амь алдсан Д.Амарсайханыг өнөөдөр эцсийн замд нь үдсэн юм.
Мэдээж хэрэг дурдаад байвал долоо хоног болгон муу мэдээ дуулдсан л байгаа. Харин одоо арай гэгээтэй сайхан мэдээллийг хүргэхэд монголчууд барилгын салбарын “бум” болоод байгаа Хөтөлийн цементийн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, өмнөд хөршөөсөө цементийн үнээр лав хараат байсан нэг хүлээсээ ч болов бага зэрэг сулруулах нь.
Мөн нийтийн тээвэр, замын түгжрэл шүдний өвчин болоод байгаа нийслэлчүүд “Railbus” хэмээх шинэ унаатай боллоо. Хуучин төмөр замаар сүнгэнэх энэ унаагаар Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хүртэл 47 минут зорчих боломжтой, замдаа зургаан буудалтай байх юм.
Уншигчид та бүхний ирэх долоо хоногийн ажил, амьдралд амжилт хүсэнгээ, сайн мэдээ улам олон дуулдах болтугай гэж ерөөе.
А.АНУ
Сэтгэгдэл (14)