Хэзээний хорон үгтэй эрхэм гишүүн Ц.Нямдорж,Хууль зүйн сайд байхдаа “Женко” Х.Батулга солонгосчуудтай төмөр замын асуудлаар нууц гэрээ хийсэн гэж хэлснээс болж жил дамнан шүүхээр хэрэлдэцгээсэн. Хэдийгээр бүх шатны шүүхээс Ц.Нямдоржийг буруутай гэсэн шийдвэр гаргасан ч уучлалт гуйхгүй гэж гэдийчихсэн. Ийн шүүх, шүүх дамжин хэрэлдэж байсан хоёрын хооронд хэзээ ч тасрахгүй өш үүссэн гэдэг.
Тэгвэл энэ удаад Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаас огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр өш зангидсан Ц.Нямдорж харин ч нэг хариугаа авч Х.Баттулгыгаа баахан баалав. Тэрээр өчигдрийн байнгын хорооны хуралдааны үеэр ийн сайдаасаа огцорч байгаа Х.Баттулгаас хариугаа авч, муу, муухайгаар нь дуудав.
Ц.Нямдорж: Х.Баттулга Засгийн газрын хуралдаандаа ч суухгүй “Баянгол”-доо хэвтэж байдаг шт
Х.Баттулга Засгийн газраас гарахдаа давхар дээлээс боллоо гэж бодохгүй байна. Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй, эдийн засаг уналтад ороод ирэхээр багаа хаяад зугатаж байна. Энэ бол Х.Баттулгын хийдэг ажил. 2012 онд Ардчилсан нам Засгийн газраас гарахад Н.Алтанхуягаасаа өмнө мэдэгдэл хийх гээд байсан учраас намын дарга нь хууртахаасаа өмнө өрсөж гарахаа мэдэгдсэн. Ийм л сайдтай Монгол Улс зургаан жил боллоо.
Хувийнхаа хөрөнгөөр гурван жилийн хугацаанд төмөр зам барих ажил хийгдэж байсныг сайд болонгуутаа зогсоосон. Засгийн газраас ямар ч мөнгө гаргахгүйгээр хийх ажлыг зогсоосон. Өнөөдөр тэгтэл Чингис бондоос төмөр замд зориулж 450 сая ам.доллар гаргана гээд явж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Х.Баттулга хэн бэ гэдгийг таньчихаад байгаа. Удахгүй чи ард түмэнд танигдана. Мөн ч олон муу юм хийсэн дээ.
Т.Бадамжунайгийн үед Монгол Улс төмс, хүнсний ногоо, гурилаа 100 хувь дотоодоосоо хангачихдаг байсан. Гэтэл чи сайд болоод ургац алдаад импортоор оруулж ирэх 100 мянган тонн улаан буудайг татвараас чөлөөлүүлсэн. Хөдөө аж ахуйн сайдаар ажиллахдаа хийсэн ажил чинь ердөө татвар чөлөөлүүлэлт л байсан. Чи бол сайд нар огцруулах асуудал ярихаар УИХ дээр орж ирдэг, татвар чөлөөлүүлэх болохоор орж ирдэг, мөнгө нэхэх болохоороо Засгийн газрын хуралдаандаа суудаг, бусад үед нь “Баянгол”-доо хэвтэж байдаг ш дээ. Үнэн энэ. Ингэж ажиллаж байгаа, ийм увайгүй этгээд сайдын ажлаа өгч байгаа нь зөв. Түүнийг хамгаалаад байх хэрэггүй. Энэ Засгийн газар түүний тарьсан олон олон балгийг үүрнэ. Энэнтэй ажиллахад үнэн төвөгтэй” гэж эрхэм гишүүн сэтгэлийн үгээ хэлж, гомдлоо нэг сайн тайлав.
Дашрамд дурдахад өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хуралдаанаар Х.Баттулгын сайдаасаа огцрох хүсэлтийг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжихээрх болсон юм. Түүнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаас огцруулах эсэх асуудлыг маргааш УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
А.АНУ
Сэтгэгдэл (6)