Х.Баттулгын өргөдлийг маргааш хэлэлцэнэ
2014/05/13

Шаргал ордны холио солио тойрсон үйл явц үргэлжилж байна.

Уг нь, юу юугүй л Ардчилсан нам Р.Бурмаагаа намаасаа хөөж, Х.Тэмүүжинг сайдаас огцруулах асуудал яригдсан бол эдүгээ Х.Баттулга өөрөө сайн дураар суудлаасаа огцрох, “Шударга ёс” эвслийн бүлгийн Д.Батцогт бүлгээсээ гарах хүсэлтүүдээр “нэмэлт” чимэгтэй болоод буй.

Д.Батцогтын хувьд асуудал тун ойлгомжтой. Түүнийг бүлгээсээ бүү гараач гэж хэн ч нулимс унагаагүй, алсуураа АН-д элсэх биз гэсэн таамаг байгаа ч өөрөө бол хэсэгтээ сул, бие даагч гишүүн байх сонирхолтой юм гэсэн. Дэгийн дагуу түүний хүсэлтийг бүлгийн дарга нь УИХ-ын даргад уламжилж, чуулганы хуралдаанд танилцуулаад л гүйцээ.

Сайдаас огцрох хүсэлтэй Х.Баттулгын өргөдлийг ч маргааш байнгын хороогоор хэлэлцээд, нөгөөдөр чуулганд танилцуулна. Өөрөө л гэнэт шийдвэрээ өөрчлөхгүй бол гишүүд олонхиороо кноп дараад л хүсэлтийг ёсоор болгоно.

Бараг л нийгмийг хамарсан дуулиан дэгдээсэн Х.Тэмүүжин сайдын асуудал ч гэсэн шуурганы дараахь ажин түжин шиг хэний ч анхаарлыг татахгүй нь бололтой, түүнийг огцруулахгүй нь бараг тодорхой болоод байгаа болохоор. Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг дахиад л тав хоног хойшлуулсан тул ажлын хоног ёсоор энэ баасан гаригт хэлэлцэх ёстой.

Х.Бурмааг намаас хөөх тухай яриа ч тэгсхийгээд намжив.

Дуутай тэнгэр хургүй гэдэг шиг бөөн дуулиан дэгдээсэн шаргал ордны холио сэлгээ, өөрөө хүсэгчдийн хүсэлтийг ёсоор болгоод, алдаа гаргасан гэж чичилж байсан хоёртоо анхааруулга өгөөд өнгөрөөх нь. Хонь бүрэн, чоно цатгалан гэдэг энэ дээ.

А.АНУ  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин