“Усанд орж буй бүсгүйчүүдийг харах нь цоожны нүхээр тэдний үзэсгэлэн гоог сэмхэн харахтай адил” Эдгар Дега.
Түүний зургуудыг харвал балетчин бүсгүйд ухаангүй дурлаж, бүхий амьдрал, уран бүтээлээ түүндээ зориулсан уу гэмээр. Үнэн хэрэгтээ түүнд балетчин бүсгүй өгсөн хайр сэтгэл байтугай таалагддаг бүсгүй ч байсангүй. Тэр байтугай хүн зураачийнхаа хувьд ганцаараа амьдрах ёстой, хувийн амьдрал нь нууц байх ёстой гэж үздэг хүн байв. Түүний хайр сэтгэл уран зураг, бишрэл шүтээн нь балетын урлагт, түүнийг бүжих гоо бүсгүйчүүдэд, хэсэг хугацааны сонирхол нь морьд, морин уралдаанд чиглэж байсан юм. Энэ бол Францын нэрт зураач Эдгар Дега.
Импрессионизмд хайртай гэхдээ дагахгүй!
Энэ бол Эдгар Дегагийн зарчим. Хорьдугаар зууны эхэн үед Францад үүсч бүх дэлхийн
урлагт хувьсгал хийсэн импрессионистуудын сүүл үеийн тод төлөөлөгчдийн нэг тэрээр тэдний үндсэн зарчим, ашиг сонирхолтой санал нийлдэг байсан ч тэднээс зай барьдаг байв. Тиймдээ ч Энграгийн дараах үеийн хамгийн том сонгодог уламжлалын зураач болох нь гэсэн таамаглалыг урлаг судлаачдаас авч байлаа. Гэхдээ тэр цэвэр сонгодог уламжлалын зураач байсангүй, магадгүй сонгодог импрессионизм гэвэл илүү дөхөх ч юм шиг. Импрессионистууд гэрэлд илүү анхаардаг байсан бол Дега хөдөлгөөнд анхаарлаа хандуулдаг байсан нь бүжгийн жүжгийн олон зургуудаас нь харагддаг. Ингэхдээ тэрээр бүжигчдийн зураач гэж түүхэнд алдаршсан юм. Балетчдын хувь сайхан хүүхнүүдийн дур булаам төрх биш харин тэдний сэтгэл санааны байдал л илүү сонирхолтой, сэтгэл татам санагддаг байв. Угаас импрессионистууд өөрсдийг нь хүрээлж буй орчин байдал, түүний цаана орших философи, утга санаа сонин байснаас биш тухайн байгаа зүйл сонин байдаггүй байсан тэр зарчим энд харагддаг. Дега гэхэд хайртай балетчдынхаа биеийн галбир, түүн дээр туссан гэрэл сүүдрийн өөрчлөлт, орон зай, хөдөлгөөнийг ямраар илэрхийлж чадах вэ гэдэгтээ л гол анхаарлаа
хандуулдаг байлаа. Тэгэхдээ хамгийн санаанд оромгүй өнцгөөс харахыг хичээнэ. Ийм оролдлого нь хөрөг зургуудаас нь ч харагддаг. “Анри Дега ба зээ Люси” хэмээх хөрөг зургаас үүнийг харж болно. Ингэж сонгодог уламжлал, шинэ өөрчлөлтийн давалгааг нэгтгэн зангидаж чадснаараа Эдга Дега тухайн цаг үедээ гайхамшигт зураач гэгдэн үнэлдэгсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл шинийг авчрагч залуу зураачид өнгөрсөн үеийнхээ уламжлалыг үгүйсгэдэггүйгээр үл барам хосгүй уран чадвартан л шийдвэрлэж чадах тийм зорилтыг өмнөө тавьж байдгийг уран зургийн академийнхны өмнө нотолж чадсан юм.

ЗУРААС БҮХЭН ЗҮРХ СЭТГЭЛ, АМЬДРАЛААС ГАРАХ ЁСТОЙ
Тэр үеийнхээ бусад зураачдын нийтлэг намтраас арай өөр хувь заяатай нэгэн. Францын баян санхүүчийн гэрт төрж эцгийнхээ хүсэлтээр Францын хууль зүйн сургуульд суралцаж байснаа орхиж Уран сайхны сургуульд шилжин суралцсан нь түүний жинхэнэ зураач болохын эхлэл.
Чинээлэг гэр бүлд төрснийх сонирхлоо даган харьцангуй эрт зурж эхэлсэн боловч з

өвхөн олон зураг зурахын тулд биш харин нэг бүтээл дээрээ чадвар, мөн чанараа харуулахыг зорьдог байлаа. Хорьтойдоо агуу их Энгрийн шавь Ламотод шавь орж, Луврын музей дэхь сонгодог үеийн алдартай зургуудыг ялгахын аргагүй хуулбарлан зурдаг байсан нь, түүнчлэн Италид байдаг хамаатныдаа 3 жил амьдрах үеэрээ Италийн сэргэн мандалтын үеийн зураачдын бүтээлүүдтэй танилцаж байсан зэрэг нь импрессионист Дегаг сонгодог вкустэй болоход нөлөөлсөн биз. Энэ бүхнээс илүү түүнийг насан туршид нь дагаж явсан нэг мөрдлөг бол Жан Аугуст Доминикын хэлсэн үгс: Зураг зур, залуу хүнээс маш их зураас, дүрс гардаг: хоёулаа хүний амьдрал болон зүрх сэтгэлээс гардаг юм, чухам зүрх сэтгэлээсээ, амьдралаас санаа авч зурж чадвал чи сайн зураач болно. Энэ гайхалтай үгсийг түүнд зураач болохоос бүүр өмнө Луи Ламотод шавь орохоос өмнө Жан Аугуст Доминик хэлсэн бөгөөд насан туршдаа уран бүтээлийнхээ жанжин шугам болгож явсан билээ.
Түүний анхны бүтээл нь “Белилийн гэр бүл” хэмээх хөрөг бүтээл. Энэ цагаас хойш олон зуун хөрөг зураг, баримал бүтээснээс 50 хувийг нь балетын бүжигчдийн зураг эзэлдэг юм.

ЗУРААЧИД ХУВИЙН АМЬДРАЛ ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ!
Тийм олон балетын бүжигчдийг зурсан хүн гэхэд Дегагийн хувийн амьдралд балетчин бүсгүй бүү хэл бараг бүсгүй хүн байсан эсэх нь тодорхойгүй. Ер нь хувь ертөнц нь бусдаас тун ч өвөрмөц, маш хурц ухаантай хүн байсан гэдэг. Гаднаас нь харахад бусад хүмүүсийн нэгэн адил эгэл жирийн хэрнээ дотоод ертөнц нь зарим талаар хэрцгий догшин, харамч үглээ зохиолын баатар шиг авиртай хүн байсан хэмээн үеийнхэн нь тодорхойлсон нь бий. Цаг хугацаа өнгөрч, нас явахын хэрээр ганцаардмал болсон нь түүний зураач хүнд хувийн амьдрал гэж байх ёсгүй хэмээх үзэлтэй нь холбоотой. Түүгээр ч барахгүй Антисемист үзлээсээ болж жүүд гаралтай олон найзуудаасаа холдож, салсан юм. Ренуарын “Ямар их бүтээлч юм бэ, Дега! Бүх найзууд нь түүнийг орхин явлаа, түүнээс явсан сүүлийнх нь найз би, яаж ч хичээгээд түүнийг үхэн үхтэл нь найз нь байж чадаагүй юм” хэмээн гаслан өгүүлснээс Дегагийн зөрчил дүүрэн, хэт өвөрмөц дотоод ертөнцийг уншиж, харж болохоор байдаг.
/Нормандиаар аялах нэгэн аялалынхаа үеэр тэрээр морины үйлдвэрт зочлон угсааны морьдыг хараад гайхан биширчээ. Үүнээс хойш нэг хэсэг уралдааны морьдоор “занималдсан” бөгөөд “Уралдааны морьд гарааны өмнө”, “Уралдаан” гэх мэт хэд хэд бий./
Зураач хүн ганцаараа амьдрах ёстой, хувийн амьдрал нь нууцлаг байх ёстой гэж үздэг
байснаа амьдрал дээр биелүүлэн насан туршдаа гэрлээгүй Дега 83 жил амьдарсан амьдралынхаа сүүлийн өдрүүдийг бараг сохор байдалтай зорилго чиггүй, амсхийх завгүй хөлхөлдөх Парисын нэгэн гудамжинд үдсэн түүхтэй.
Магадгүй иймдээ ч балетын бүжигчдийн тайзан дээрх, тайзны ардах, бэлтгэлийн үеийн зураг дүрсүүдийг гайхамшигтайгаар зурж үлдээсэн юм болов уу. Дега нэг ч эмэгтэйн тухай ярьж байгаагүй гэдэг бөгөөд зарим судлаaчид түүнийг эмэгтэй хүнтэй ойртож биш харж таашаал авдаг байсан гэдэг дүгнэлтэд хүрсэн нь ч бий. Гэхдээ энд ямар нэг нотолгоо баримт байхгүй.
Бүхий л амьдралаа уран зураг, дүрслэх урлагийн төлөө зольсон тэрээр “Хүн болгонд 25 хувийн авьяас бий, харин үүний тал хувь нь л хамгаас чухал, энэ бол өгөгдөл” хэмээн үздэг байв.
/1862 онд Эдуард Манетэй танилцсан нь Дегаг хожим импрессионист бүлгэм болсон хэсэг залуу зураачдын эгнээнд ороход хүргэсэн бөгөөд гэр бүлийнх нь хөргийг ийн дүрсэлжээ./

ЦЭНХЭР ДААШИНЗТАЙ ГОО БҮЖИГЧИД
“Усанд орж буй бүсгүйчүүдийг харах нь цоожны нүхээр тэдний үзэсгэлэн гоог сэмхэн харахтай адил” хэмээн Дега нэгэнтээ хэлсэн нь бий. Чухам энэ сэтгэлгээ, мэдрэмжээр “Цэнхэр даашинзтай гоо бүжигчид” зургаа туурвисан хэмээн судлаачид үздэг. Эхэн үеийн цөөн хөрөг, морин уралдааны тухай хэсэг зурсныг эс тооцвол балетын урлагаас өөр сэдвийг огт сонирхдоггүй байсан гэмээр тэрээр Европын зураачдаас хамгийн түрүүнд балетын урлагийг цоо шинээр олж харсан зураач. Энэ явцдаа гоё чамин шугамуудыг хиймэл гэрэлтүүлэгтэй чадамгай хослуулах импрессионист чиг шугамыг чадамгай эзэмшсэн ч гэлээ Клод Монэ, Камиль Писсаро, Альфред Сислей зэрэг импрессионист чиглэлийн сонгодог
зураачдын зургаас эрс ялгагддаг. Тухайлбал, Ренуарын зургууд бараг л бүх биеийг цахилгаан гүйдэл шиг дэрвэгнүүлэх баяр баясгалангийн мэдрэмж төрүүлдэг, ёс суртахууны гажуудал, цаг үеийнхээ тулгамдсан асуудлыг эс тоож, өөрийгөө харуулах тэмүүллийг илэрхийлдэг бол Дега адилхан газар, адилхан баатруудаар тэс ондоо, баяр хөөргүй, гуниг зовлон дүүрэн бүтээл туурвидаг байв. Энэ гунигийг Дега хаанаас олж хардаг байсан хэрэг вэ?
Магадгүй тэр хамгаас, бүхнээс илүү реалист зураач байсан ч байж болно. Учир нь тэрээр тайзнаа гоёмсог гэрэл, чимэглэлийн дор эргэлдэн бүжих гоо үзэсгэлэн төгс бүжигчин бүсгүйчүүдийн чамин хувцас, хөөрхөн царайны цаана нуугдах гуниг, бэрхшээлийг нэвт шувт ширтэн, түүнийг бийр будгаараа илэрхийлсэн зураач юм. Энэ зурагт гэхэд “Сэтгэлдээ нууцхан баярлан хөөрч, гэрэл гэгээ түнэр харанхуй, хэсэг болон бүхлийн хоорондын тэмцэлдээнийг ганцхан агшинд ажиглаж, зөвхөн өөрийн олж харсан сайхныг бусдад харулахгүйг зураач зорьжээ” гэсэн урлаг судлаачын дүгнэлт бий. Гэтэл үнэндээ Дега гоо сайхны цаана орших гуниг зовлонг олж харснаа дүрсэлсэн юм биш үү.
Жишээ нь “Бүжгийн анги” зурагт балетын бүжигчдийг тайзан дээр тоглолтын үед биш хөшигний ард бэлтгэл сургуулилтын үед нь дүрсэлсэн байдаг. Бүжигчдийн царайд бодол анхаарлаа төвлөрүүлсэн, ядарч зүдэрсэн байдал тодорчээ. Өнөөх “хиймэл” инээмсглэл, уламжлалт үзэсгэлэнт төгс байдал нь оргүй алга болсон байх юм. Туранхай хэрзгэр нуруу, чөргөр тохой, ясан хүзүү гээд бүжигчин бүсгүйчүүдийн хөдөлгөөн нь болхи, эргэлт нь эв хавгүй ажээ.
Өөрөөр хэлбэл Дегагийн туурвисан балетын цуврал нь балетын урлагийг бишрэн
шүтэгчдийн ердийн хөөрүү сэтгэмж биш, чухамдаа хошигнол, өөдрөг тэмүүлэл, бодит ертөнцийн тухай хий үзэгдлийг даван гарч, түүнийг уран сайхны аргаар зураг дээр илэрхийлсэн түүх, он цагууд юм.
“Цэнхэр даашинзтай гоо бүсгүйчүүд” зурагт гэхэд 4 бүжигчин бүсгүй дүрслэгдсэн бөгөөд эд бүгдээрээ тухайн үеийн театрынхаа хамгийн чадварлаг бүжигчид байсан гэдэг. Дөрвөн бүжигчин бүсгүй салшгүй нэгдмэл байж, төгс зохицсон, урагш тэмүүлсэн хөдөлгөөнийг илэрхийлнэ. Энэ зурагт жүжиг үү, дасгал сургуулилт уу, эсвээс нэг бүжигчнийг олон хөдөлгөөн хийж байгааг дүрсэлсэн эсэхийг таах аргагүй юм. Хамгийн гол нь үзэгч хөх туяатай эсвээс ягаан туяа руу шилжин буй цэнхэр дэлгэц харж сэтгэл нь сэргэж баясна.
Бүжигчин бүсгүйчүүдийн нимгэн банзлууд гэрэлтэн солонгорч, тэдний цээживч, үсэнд ногоон цэнхэр улаан тууз эрээлжилж, хөөрхөн хөлдөө өмссөн ягаан шаахай нь шал шүргэн алдан хөөрнө. Тэдний хэнийх нь ч царай тод харагдахгүй юм. Цэвэрхэн цэнхэр голлосон өнгүүдээр бүжгийн аялгуу хөглөж, зохиомжийн хувьд “дураараа” загнаж. Гэтэл шүүмжлэгчид, үзэгчид түүнийг эд зүйлс, хүмүүсийг “тасдан хэсэгчилдэг” арга, хүссэнээ зургийнхаа хэмжээнд багтааж “үл чадах” чадварыг нь олонтаа өөлж байсан удаатай.
Цэнхэр өнгө өөрөө гунигийн өнгө. Ягаан өнгө романтик, гэнэхэн өнгө. Дега чухам энэ 2 өнгийг балетын бүжигчдийнхээ арын фонд ашигладаг байв. Хамгийн харгис, хүнд хэцүү гэгддэг балетын урлагт чухамхүү урлагт дурласан гэнэн, романтик сэтгэлт залуу охид, залуус дурлаж дурласан хойноо гуниг, зовлон дүүрэн гялалзсан боловч богинохон он жилүүдийг туулдаг жамыг харуулах гэж зорьсон биз. Чухам энэ мэдрэмжээрээ тэр суут импрессионист зураач гэгддэг байх.
/Зураачаас гадна Дега гайхамшигтай барималч байв. Олон тооны хүрэл баримлууд нь мөн л балетын бүжигчид, нүцгэн эмэгтэйчүүд. Ялангуяа нүцгэн эмэгтэйчүүдийг усанд орж буйгаар, уснаас гарч буйгаар ихэвчлэн дүрсэлдэг байсан нь Дегагийн бас нэг араншин. “14 настай бяцхан балетчин”, “Уснаас гарч буй бүсгүй”, “Сугаа маажиж буй бүсгүй”, “Испани балетчин”.
Сэтгэгдэл байхгүй байна