Бид долоо хоног бүрийн даваа гаригт өнгөрсөн долоо хоногийн улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралын гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Давхар дээлээ тайлах хуулиа унагаж санаа нь амарсан улстөрчдийн хувьд өнгөрсөн долоо хоног мөн л бужигнаан, будилаантай хэвээр л байв. Гэхдээ энэ долоо хоногийн хамгийн цочир сонин мэдэгдэл нь С.Баярцогтын “Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулья” гэсэн гуйлт.
Хэдийгээр араас нь намынхан нь “Энэ бол манай бүлгийн байр суурь биш“ гэж яаран сандран тайлбар хийсэн нь ч “ард түмэн” хэдийнэ таамаг, дүгнэлтийн аяндаа мордсон.
“Ингэж л арчаагаа алдах гээд байсан юм” гаслааны араас “С.Баярцогт нохойтов уу” гэсэн эргэлзээ бас төрсөн л байгаа.
Сүүлийн үед Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан ёсны ганц гал хамгаалагч болоод байгаа С.Баярцогтын үг санаандгүй нэг ам алдалт биш, дээрээс шидсэн чулууг дамжуулж буй гэж хардлага бас байна.
Уг нь тэр жирийн л нэг бор шувуу дамжуулагч биш. О.Баасанхүү, С.Ганбаатар нар шиг сул үг хашгичигч биш. Тэгэхээр бас нэг учир байгаа мэт.
Олон нийтийн анхаарлыг сарниулж ар хударгаар нь “гол ажил”-аа амжуулах бас нэг тактик.
Тэгэхээр С.Баярцогтын энэ үгний араас, эсвэл хөшигний ард “зэрэгцээ шугам”-д ямар үйл явдал өрнөхийг анхааралтай ажиглах нь зүйтэй.
Ирэх өдрүүдийн “хэтэрхий мэргэн царайт” С.Баярцогтын гэнэтийн санал ямар зорилготой, анхаарал сарниулах тактик шидээд араар нь нэг “самраа” явах нь уу, үнэхээр АН арчаагаа алдаж МАН-ыг царайчилж эхлэх нь үү гэдэг нь харагдах байх даа.
Дашрамд сануулахад өнөөдөр уламжлал ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдах бөгөөд Үйлдвэр худалдааны сайд Х.Баттулгын огцрох өргөдлийг лхагва гаригт хэлэлцэх юм.
С.Баярцогт яах вэ, эдийн засгийн хямрал юу болсон бэ?
Дээр дурдсанчлан олны анхаарлаас бултуулах ёстой сэдэв бол яах аргагүй эдийн засгийн хямрал. Уг нь ч анхаарлаас нь бултуулах ч юу байхав дээ, амьдрал дээр хоншоор, ходоодонд шууд мэдрэгддэг сэдэв.
Жирийн иргэд “Үнэхээр эдийн засгийн хямрал нүүрлэв үү, үгүй юу” гэж уймрахаасаа илүүтэй одоо нөхцөл байдал ямар вэ, эдийн засгийн эргэлтийн араа шүд нь хаанаа гацав, цаашид яахаар төлөв байдалтай байна вэ гэдгийг мэдэхийг хүсч байна.
Мэдээж хэрэг, хэн “Задгай цагаан”-ы хэлсэн өөрийнх нь ч аманд хэвшээгүй байгаа элдэв тоо бус, амьдрал хэт сайхан байгаа гэх Ардчилсан намынхны, эсрэгээрээ амьдрал бүр хэт муу байгаа гэх МАН-ынхны үгээр биш.
Ердөө л хамгийн бодитой байж болох тоо баримтыг, хамгийн тулхтай байж болох эдийн засагчийн үгийг сонсохыг хүсч байна даа.
С.Баярцогт ч яах вэ, ам.долларын ханш цаашид ч өсөх болов уу? Үнэхээр Н.Алтанхуягийн Засгийн газар 100 хоногийн дотор эдийн засгаа эрүүлжүүлэх хөтөлбөрөө биелүүлж чадах болов уу л гэдэг сонин байна.
Дашрамд сануухад:Хэл ам, дагуулаад байгаа Чингис гэх мэт бондын зарцуулалт, нөхцөл байдлын талаар нарийвчлан авч үзэхээр өгөрсөн баасан гаригт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн байна.
Уг нь бол ойрын өдрүүдийн хамгийн анхаарал татам асуудлууд эдийн засаг “хавьцаа” л өрнөх ёстой доо, уг нь.
Сугалааны аз
Төрийн хүчээр “хүч” нэмж барьсан “хорвоо”-гийн хамгийн хямдхан орон сууж болох Нисэхийн гэж нэрлэгдсэн байрыг худалдан авах азтай хүмүүсийг шалгаруулах “сонгон шалгаруулалт” болов. Өөрийнхөө мөнгөөр орон сууц худалдаж авахдаа сугалаа шодож азтай нь сонгогддог бид ямар ч үед амьдраад байгаа юм. Эгээ л социализмын үед сайн ажилтай, гэр бүлийн хувьд тогтвортой, намын үнэнч гишүүнд орон сууц олгодог байсан шиг ч юм шиг.
Ер нь сүүлийн үед эрэлт-нийлүүлэлт зөрснөөс болж зарим асуудлыг шийдэх аргагүй мухардаж, ганц мэргэн шийдвэр нь сугалаа болчихоод байгаа. Тун удахгүй газар авахыг хүссэн иргэдийн өргөдлийг бөөгнүүлж байгаад сугалаагаар шодож, олгох юм гэсэн.
Гэхдээ бас Америкт, морьтой, морьгүй явган нүцгэн уралдаж, түрүүлсэн нь газартай болж байсан түүх бий, гэхдээ нэгэн зууны өмнө.
Манайд бол бас харин ч дэвшилттэй компьютерээр “шодож” байгаа юм даа.
Үерийн гамшиг
Хотын гудамжийг нэлмийтэл дарж орхисон тавдугаар сарын цас зарим хүнд баяр баясгалан төрүүлж, газар дэлхийд бол шар тос гэгдэж байгаа бол хотын гудамжийг үерийн гамшиг болгов.
Угаасаа л манай Улаанбаатар хот нулимсны дайтай бороо ороход л үерийн гамшигтай учирдаг газар даа. Ус зайлуулах байгууламж гэж огт, бүр огт байхгүй юм чинь. Уг нь хүний хүүхдүүд бол энэ мэт байгалийн хишиг болсон цас борооны усаа сувгаар дамжуулаад далан дотор нуур болгоод авдаг гэж байгаа юм.
Манайхан яах вэ дээ, хэдэн арван метрийн цэвэр усаараа жорлонгоо угааж, зүлгээ усалж байдаг хүмүүс .
Цастай өдрийн маргааш нь манай Ерөнхилөгчийн санаачилсан Мод тарих өдөр тохиож, шороо тоос бужигнахгүй, газар чийгтэй сайхан байлаа гэж олзуурхав. Бүгдээрээ л Мод тарих нь бус усалж арчлах нь чухал шүү дээ, гэлцсээр гэр гэрийн зүг...
Модод нь сайхан ургах болтугай.
А.ТУЯА
Сэтгэгдэл (1)