Засгийн газрын бүх сайд нар оролцохгүй хэмээн байкот зарласан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан арайчүү ирцээ бүрдүүлж, хуралдлаа.
Давхар дээл тайлах хуулийн төсөл УИХ-аар батлагдаагүй атал давхар дээлтэйгээ үлдсэн сайд нар яагаад ийнхүү гөжих болсон нь тодорхойгүй.
Чоно цатгалан, хонь бүрэн байх боллоо гэлцэж атал танхимын нэг нөхөр Үйлдвэр худалдааны сайд Х.Баттулга өөрөө огцрох өргөдлөө гаргасан. МАН-ынхан түүнийг огцруулахыг нэгэн дуугаар дэмжихээ аль хэдийнэ дотооддоо яриад тохирчихсон байгаа бол АН-ынхны хувьд одоохондоо чимээ, имээгүй.
Ямартаа ч өөрөө дээлээ тайлж байгаа Х.Баттулга фракцийнхаа квотыг хадгалж МоАХ-ноос сайдын суудлыг залгамжлуулах санал гаргасан. Тийм болохоор УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, МоАХ-ны партизан С.Амарсанаа, С.Билэгсайхан нарын нэгнийг томилуулахаар зүтгүүлж буй гэсэн яриа гараад байна.
Сайд нарын “дургүйг хүргэсэн” өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Эдийн засаг хямарлаа хэмээн хаа сайгүй хашгичсаар эл доль болох шахаж байгаа энэ үед Ерөнхий сайд 100 хоногийн дотор эдийн засгаа эмчлэх ам тангараг тавиад байгаа.
Харин сөрөг хүчнийхэнх буюу МАН-ынхаан “Төсвөөс гадуур хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг төсөвтөө оруулах шаардлага тавиад байгаа.
Өөрөөр хэлбэл, "Чингис", "Самурай" бонд, Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг төсөвт оруулах тооцох ёстой гэж байгаа. Тэгэхээр төсөв захиран зарцуулагчдын эрх мэдэл ихсэх учраас бас л нэг цусгүй дайн дэгдээж болзошгүй.
АН-ынхан ч энэ асуудалд ихэд ач холбогдол өгч байгаа бололтой. Ямар сайндаа бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ын чуулганд байхгүй байгаа гишүүдийн картыг сугалж гүйн, “Та нар ч гэсэн байхгүй гишүүдийн өмнөөс санал өгдөг л биз дээ” гэж сөрөг бүлгийн дарга С.Бямбацогт хойноос нь элдэж гүйн хөөрхөн дүрсгүйтээд авлаа.
Гэвч Чингис, Самурай бондыг төсөвт оруулах гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадсангүй уналаа.
Харин Ц.Оюунбаатар гишүүний гаргасан "Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглох" гэсэн горимын санал олонхийн дэмжлэг хүлээлээ.
Сэтгэгдэл (5)