Тав хоногийн улс төр
2014/05/05

Монголын улстөрийн амьдралыг долоо, долоо хоногоор нь тоймлохоос илүүтэй, ажлын таван хоногоор нь тоймлох нь зүйтэй ч юм шиг.

Долоо хоногийн эхний даваа гаригаас эхлээд давхар дээл тайлуулах хууль анхаарлын төвд байж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах, намынхныхаа эсрэг санал өгсөн эсэргүү Р.Бурмаа гишүүнийг намаас хөөх тухай асуудал өрнөж байсны эцэст харин дуулиан тарьсан хуулийн төслөө эцсийн хэлэлцүүлэг дээр “унагаж”, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга огцрох өргөдлөө өгснөөр долоо хоног өндөрлөв.

Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан давхар дээл тайлах гэж хэдийнэ нэршээд байгаа хуулийн төслийг батлах нь бараг тодорхой харин ирэх сонгууль буюу 2016 оноос эхэлж хэрэгжүүлэх үү, эсвэл хууль батлагдсан дариудаа хэрэгжиж эхлэх үү  л гэсэн асуудал яригдаж байсан бол энэ парламент түүхэндээ байгаагүй өндөр ирцтэй буюу 74 гишүүн хуралдаж, олонхийн саналаар хуулийг унагаж орхив.

Ингэснээр давхар дээл тайлах хууль байнгын хороодоор дэмжигдэж явсаар эцсийн хэлэлцүүлэг дээр эсрэгээр унасан анхны тохиолдол болов. Ингэснээр өөрийнхөө намын эрх барьж байгаа Засгийн газрыг дэнжигнүүлэх шахсан санал өгсөн гэсэн хэрэгт унаад байсан Р.Бурмаа гишүүний “ял” ч яригдахгүй нь бололтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр хүчээ авсан гэх Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай асуудал ч дахин тав хоногоор хойшлогдож, Ерөнхийлөгчийн гэнэт өгсөн ТВ ярилцлагаар санаатай гэмээр хэлсэн үгнүүдээс харахад ч мань Х.Тэмүүжинг огцруулахгүй болж байгаа нь ерөнхийдөө тодорхой боллоо.

Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг энэ долоо хоногт дахин хэлэлцэх ёстой ч ерөнхийдөө хатуухан сануулга өгөөд өнгөрөх нь тодорхой болж байна. Харин энэхүү огцруулах саналд  идэвхтэй оролцсон   гэх Үйлдвэр, худалдааны сайд Х.Баттулга давхар дээл тайлах түүхэн алхмыг унагав хэмээн уурссандаа өөрөө огцрох өргөдлөө өгсөн гэгдэж байгаа.

Ийнхүү баахан дуулиан дэгдээсэн асуудлууд дуутай тэнгэр хургүй гэдэг шиг нам жимхэн төгсгөлөөр амиржих нь.

Ямартаа энэ долоо хоног мөн л давхар дээлээс үүдэлтэй асуудлууд үргэлжилж Х.Баттулгын огцрох, Х.Тэмүүжингийн огцруулах эсэх тухай саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн болоод өнгөрө нь бараг тодорхой болоод байна.

Харин Монголын улстөрд томоохон өөрчлөлт авчрах ёстой давхар дээлийн хууль харин түүх болон үлдэж байна.   

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин