Өмгөөлөгч олдохгүй бол Х.Тэмүүжинд ханд!
2014/05/01

Үнэхээр эелдэг юмаа, энэ Тэмка. Хэдэн жилийн өмнө энэ салбарын сайд нар чинь “тэнгэрийн амьтад” байв шүү дээ. Нэг сайдаас /нэрийг нь хэлээд яахав, хөөрхийг/ ярилцлага авах гэж лав нэг улирал явсан юмдаг.

Туслах нь нээх хөөрхөн ярина. “Сайд одоо байна, гялс хүрээд ир” гээд. Хаана ч юу ч хийж байсан ажлаа орхиод ирсээр явтал дор хаяж нэг цаг болно. Ядахад нэг хоногийн өмнө дуудчихгүй, би ямар супермэн биш. За тэгээд ирнэ ээ, “Өө сайд дөнгөж сая гараад явчихлаа”. Одоо яая гэхэв, буцаад л гэлдэрнэ.

Дараа нь дахиад залгахад нь туршлагатай болов.

-Сайд одоо байна, ирэх үү?

-За танай сайд чинь яг хэдий хугацаагаар байрандаа байх вэ?

-Мм ... 1 цаг болов уу даа.

-Өө тэгвэл би амжихгүй юм байна.

Тэгээд ярилцлагаа ч авч чадалгүй өнгөрч билээ. Гэтэл одоо яасан байх нь, Хууль зүйн сайд нь хүртэл иргэдийнхээ дунд орж, жирийн хулгайн хэргээр шоронд орж байсан өсвөр насны охинд өмгөөлөгч олж өгдөг болж.

Тэр ч бүү уулзаж чин сэтгэлийнх нь талархлыг хүртэл тэвчээр заан сонссон гэх. Үнэхээр сэтгэл уярам, нулимс дуслуулам сайхан түүх, сайхан дүр зураг.

Угтаа бол гишүүд, сайд нар аль аль нь ард түмэнтэйгээ ойр байх ёстой. Тэд ямар авдар тавьсан бурхан биш. “Ард түмнийхээ зарц болно” энээ тэрээ гэж байж сонгогдсон байж хэлсэн үгэндээ эзэн болно гэвэл Тэмка шиг байх ёстой.

Сул тал дээр нь дөрөөлөөд босно гэж ямар утгатай үг болохыг бид Х.Тэмүүжингийн жишээнээс харав. Сайд хүн ер нь олдоц ховор “бараа” байхдаа сүртэй юм биш үү? Манай нийгэм өөриймсөг хүнд үнэхээр дургүй болсны жишээ энэ.

Ачир дээрээ ард түмэн өөрсдөө ч төрийн толгойд байгаа хүмүүсээс юу хүсэхээ мэдэхээ байчихаад байна. Ойр бай гэхээр биеэ үнэлэгчтэй явсан болчихно, хол бай гэхээр бүр гадаад нисээд сураг алдарчихна.

Энэнээс хойш өмгөөлөгч олдохгүй бол Х.Тэмүүжинд хандах юм байна гэтэл тэр одоо дахиж ингэж тусламжийн гараа сунгах болов уу? Учир мэдэхгүй нялх хүүхэд ч гэсэн гар хуруугаа гэмтээж, түлсэн бол, бүдэрч унасан бол дахиж тийм байдалд орохгүйг хичээнэ.

Гэтэл насанд хүрсэн, сайд хүн нэг удаа хүнд тусалсан нь өөрт нь чулуу болж ирэхийг харчихаад дахиж ард түмэнтэй ойртох уу? Хэрвээ ойртож урдынх шигээ байж гэмээнэ тэр бол агуу сэтгэлтэн, хатан зоригтон. Эсвэл таг хөлдүү усан тэнэг хаширдаггүй “дурак” болж таарна.

Х.Тэмүүжин дурак уу, эсвэл агуу сэтгэлтэн үү, чөтгөр бүү мэд. Юу үнэн гэвэл, биеэ үнэлэгч, хар тамхичин, хулгайч ч гэсэн Монгол Улсын иргэн. Төр иргэнээ хариуцах ёстой. Төрийн “төмөр нүүр” нь гишүүд, сайд, төрийн албан хаагчид мөн үү, мөн.

Х.Тэмүүжин хэмээх Монгол Улсын нэг иргэн бас гүтгүүлэн шархаллаа. Тэр биеэ үнэлээгүй, хар тамхи татаагүй, хулгай хийгээгүй. Гэхдээ өөр нэг иргэндээ тусламжийн гараа сунгаснаас болж шархаллаа.

Энэнээс хойш хүнд туслахдаа ч бодох цөвүүн цаг ирэв үү? Та минь ээ, дор бүрнээ сэрэмжтэй байцгаая, танихгүй хүнтэй, дам уулзсан нэгэнтэй үг бүү соль, бүү тусал. Тэр хэн ч байж мэднэ.

А.Энхлэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин