Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр чуулганаар хэлэлцэнэ. Түүнийг огцруулах хүсэлтийг УИХ-д оруулсан гишүүн О.Баасанхүү өчигдөр гэнэт хэвлэлийн бага хурал зарлаж, “Х.Тэмүүжин сайд өөрөө уучлал гуйх юм бол би өргөдлөө татлаа” гэж нээг их нигүүлсэхүйн дүр эсгэсэн.
“Унгасан хойноо хавчих” гэж үүнийг хэлдэг байх. Аз болоход нөгөө “тэнэг” нь уучлал гуйхгүй зөрүүдлээд өнгөрлөө. Гэхдээ энд тэнд хама намаагүй хий алдаад яваа нөхдүүд О.Баасанхүүгээр ч тогтохгүй л дээ. Учрыг дараа өгүүлэмц.
О.Баасанхүүгийн мэдэгдэлтэй дуу дуугаа авалцаад УМБГ-аас /хуучнаар/ бас нэг хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Шинэ нэрээрээ Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга хурандаа Б.Батзориг хээв нэг сайдынхаа өөдөөс харж байгаад /мэдээж нөгөөх нь зурагт үздэг л байлгүй, ямар Ц.Нямдорж биш/ “Хууль зүйн сайдыг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.
Даанч УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдалд тулаад зогссон” гэж авдгийм даа. Сайдыгаа гурван сар нууцаар тагнаж чагнасан нөхдүүд түүнийг бас УИХ-ын гишүүн, халдашгүй байдал энэ тэр гэж юм байдгийг гэнэт өчигдөр ч санасан нь хачирхалтай бололтой. За тэрийг больё. Тэр хүмүүсийн ухаан хэзээ орж, хэзээ гарах нь маньд ямар гарзтай.
Харин Монголын төрд ой санамж гэж нэг юм байх ёстойг эрхэм гишүүдэд сануулах хэрэгтэй ч юм шиг, үгүй ч юм шиг. Цагдаагийнхны хийсэн мэдээллээс үзвэл Х.Тэмүүжин гэдэг хүн ямар ч байсан, яаж ийгээд нэг гэмт хэрэг үйлдчихсэн бололтой.
Тэгээд тэрийг нь шалгах гэтэл УИХ-ын гишүүний бүрэн эрх нь саад болоод байгаа юм байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ гэдгийг нөхдүүдэд өнгөтөөр ярьж өгье л дөө. Гэмт хэрэгт холбогдсон тухай нотлох баримтаа прокурор дээр барьж очоод “Энэ хүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч ээ” гэж хүсэлт гаргадаг юм.
Түүнийг прокурор хангалттай үндэслэл бүхий гэж үзвэл УИХ руу явуулаад УИХ-ын бүтцийн байгууллагууд түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийддэг.
Гэхдээ өнөөдөр манай УИХ-ын гишүүд цагдаагийн өмнөөс ажлыг нь хийгээд, баасыг нь бариад гүйж явна. Нарийн яривал энэ нь Баасанхүүгийн ч баас биш, цагдаагийнхны “гээсэн юм” болж таарч байна л даа.
Тиймээс Х.Тэмүүжин хэрвээ гэмт хэрэг үйлдсэн бол цагдаагийнхан түүнийг нь баримтжуулаад УИХ дээр өөрсдөө орж ирэх ёстой. Ийм ийм эрүүгийн гэмт хэрэг өдүүлсэн учраас эрхийг нь түдгэлзүүлээд өгөөч ээ гээд.
Тийм юм байхгүй бол салбарынхаа сайдтайгаа хувийн тооцоо хийх гэсэн хэдэн хурандаагийн хоронд улстөрчид нь тэр чигээрээ үйж үхээд, баасыг нь барьж гүйгээд байх шаардлагагүй. Ажлаа хийж чадахгүй байгаа сайдыг огцруулдаг юм.
Харин гэмт хэрэг үйлдсэн гишүүнийг бол бүрэн эрхтэй нь ярьдаг юм, даа уг. Дашрамд сануулахад Х.Тэмүүжин сайдын асуудлыг өнөөдрийн чуулганаар хэлэлцэх байсан ч хойшлуулчихлаа.
Зарим хүмүүст баас хутгах бас багахан хугацаа гаргаж өгч байгаа юм байлгүй дээ.
Сэтгэгдэл (2)