Бид болоод л байсан. Сонгуулиар худлаа амласан амлалтанд нь итгэж, шоу тоглолт болоход нь очиж үзээд, боов чихэр тараавал аваад /өгч байгаа юмыг авахаас яахав, хаялтай биш/ тэгээд сонголтоо бодон бодон сурталчилгааны өдрүүдэд тархи амарна гэж үгүй.
Сонгуулийн өглөө нар мандана, бөртийх ч үүлгүй тэнгэрт сүүн цацал өргөн нүүрээ мөлчийтөл угаана. Аль цэвэрхэн, аятайхан хувцасаа өмсөн санал авах байр руу очно. Аав, ээжүүд бүр ч идэвхитэй хамгийн түрүүн очно.
Тэгээд саналаа ч өгнө, үнэн худал гэх маргаан дараа нь гарах нь тодорхой. Гэхдээ ямар ч байсан өгсөн саналын хэдэн хувь нь бидний чин үнэн сэтгэл, сонголт байдаг байсан байлгүй. Итгэж байна.
Гэтэл 2012 онд яав? Сонгуулийн шинэ систем гэгчээр УИХ-ын сонгуулийн тойргоос 46 гишүүн, пропорциональ буюу намын нэрийн жагсаалтаар 26 гишүүн сонгогдсон. Гэхдээ яг хэн нь жагсаалтынх билээ гэж ард түмэн нэг ч удаа далий, солгой нүдээр тэднийг харж байсангүй.
Жагсаалтынхан дундаас яг энэ замаар УИХ-д орж ирснийг нь бид сайтар мэдэх нь О.Баасанхүү, Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ гурав байх шиг байна. Хоёрыг нь ихэд цуутай учраас “уг гарлыг” нь баттай мэдэж байгаа бол, Р.Бурмааг саяхан “Намаас хөөнө” гэхэд нь нэг тогтож харах шиг боллоо.
Дурдан дээл, нүдний шил бүхий төлөв төрхтэй энэ бүсгүй электроникийн инженер, Удирдлагын арга зүйч мэргэжилтэй, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, 2008 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2008 оноос АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга албыг өдгөө эрхэлдэг.
Намынхаа эсрэг санал гаргасан хэнбугайг ч намаас хөөнө хэмээн нөгөө их ардчилсан үзэлт АН маань хэдэн “хүүхдэд”-ээ хатуурхах болж. Тогтсон тойроггүй, итгэл найдвараа дайн энэ зүгт нисгэсэн ард түмэнгүй гишүүн байх ийм л байна.
Жагсаалтын гишүүдээ ад, шоо үзэж хэлсэн үгийг нь элэг доог болгож болохоо байхаар “Байрандаа очооч, жагсаалтын алдаа минь” гэж нэрний эхний үсгээр нь илт гоочлох нь хөөрхий, нөгөө 28 чинь айлын шоовдор хүүхэд шиг л байна.
Яг үнэндээ бусад гишүүд ч candy crush тоглодог, хэрүүл маргаан хийдэг, намынхаа эсрэг кноп дардаг. Тэднийг хөөж болохгүй, тэдний дээр хөх тэнгэр л цэлийнэ.
Дархан эрх, ямбаа эдэлж гадаадад хэрэн хэсэж галуу, шувууны махаар ходоодоо баясгаж, үндсэн ажлаа хоноцын сэтгэлээр хийсэн ч хөөж болохгүй. Ажлын цагаар твиттердэж, фэйсбүүк рүүгээ зураг шэйрлэн, айлын хот хэсэн зугаалж аль тарганыг нь төхөөрч наранд биеэ ээж хэвтсэн ч хөөж болохгүй.
“Бид нэг тойргоос гурвуулаа сонгогдоход ачааллаа тэнцүү хуваагаад тойрогтоо ажиллахад болдог байсан. Одоо хоёулаа болохоор ажлаа барахгүй байна” гэж хошуугаа унжуулан эрхлэх гишүүд олон болж гэнэ.
Яг үнэндээ тэдний царай тойрогтоо хэр олон харагддаг билээ?
Би л лав сонгосон гишүүнийхээ царайг харахгүй удаж байна. Тэгээд ч бидний хэд нь тэднийг үүлэн чөлөөний нар шиг тойрогтоо бүртэлзэх үед цагийг нь бүртгэж суух завтай билээ?
Гэтэл одоо гээндээ ч, гооньдоо ч гэдэг шиг адилхан байж бие биенээ ад үзэж, жагсаалтаар сонгогдсон хэдийгээ хурууны үзүүрээр хөдөлгөх гэсэндээ Р.Бурмаагаар иш татаж айлгаад байгаа юмуу гэмээр дүр зураг харагдаж байна.
Тийм л ачаалалтай байдаг юм бол жагсаалтын хэдээсээ тусламж ав л даа. Улаан цайм дөрвөн хүн эсрэг кноп дарахад “Гурав нь тойргийнх, харин энэ нь жагсаалтынх” гээд нэгийгээ адлах нь үнэхээр инээдтэй.
Цаашдаа олон Бурмаа гарах болно. Нэг биш, тав биш, арав биш 28 “жагсаалтын алдаа” УИХ-д байна. Хэлсэн үг нь хаа ч хүрдэггүй, хийсэн ажил нь түмэнд нэргүй, уулзах сонгогч үгүй, бууж мордох тойроггүй шоовдрууд.
Жагсаалтын гишүүд ер нь яг УИХ-д, улс төрд байна уу? Нөгөө “70 оныхон гэсэн чинь тэд чинь одоо болтол амьд байдаг юм уу” гэдэг онигоо шиг, хөөрхийлөлтэй ч юмаа даа.
Осолдохгүй тэд амьсгалж, ажиллаж цалин авч байгаа нь үнэн. Цаашдаа яах вэ?
“Бурмаа” болчих вий гээд дүмбийгээд суух нь тэдэнд өлзийтэй юү?
Эсвэл бүр “Та нар надыг яах юм” гээд самраад өгөх үү? Ард түмэнгүй гишүүдийн амьдрал ч бүрхэг байна даа.
Б.Уян
Сэтгэгдэл (1)