Мөрөөдлөөр дүүрэн Бат-Үүл баатар дахиад нэг мөрөөдөл шиг хөтөлбөр боловсруулчихаж.
Гэр хорооллыг барилгажуулна, гудамжийг дэд бүтэцжүүлнэ гэдгээс эхлээд метротой Улаанбаатар, дугуйтай Улаанбаатар гээд түүний мөрөөдлийн хөтөлбөрүүд зөндөө олон.
Ерөнхийлөгч Ээбээтэй хөтлөлцөөд 2030 оны олимпийг Улаанбаатарт зохион байгуулна гээд ч байлуу яалаа.
Энэ удаагийн мөрөөдөмхий баатрын маань бас нэг мастер төлөвлөгөө нь Улаанбаатар хотыг Төв Азийн аялал жуулчлал, бизнесийн төв цэг болгох. Түүний цээжний тооцоогоор бол 2030 онд баатар хотод маань таван сая жуулчин чихцэлдэж байх юм байна.
Цуцашгүй өөдрөг үзэлт баатар маань үүнийгээ харин ч нэг хоосон мөрөөдөл гэж бодохыг ч хүсэхгүй байна. Бүр яг биелүүлнэ гэж ам тангараг өргөж, төлөвлөгөө зургаа гаргачихаж.
Найрсаг Улаанбаатар нэртэй энэхүү хөтөлбөрийнхөө лого зураг, билэгдэл уриа лозунгийг хэвлэлийнхэнд танилцуулж сууна.
Бүр наад зах нь гэхэд Леди Гагаг Монголд урьж далиманд нь жуулчдыг дагуулан татах юм байх. Гэвч харамсалтай нь Леди Гага гэж тэр “тэнэг” одын ойрын хоёр жилийн төлөвлөгөө гарчихсан, одоохондоо хараахан яриа хэлцэл хийж чадаагүй юм байх. Гэхдээ л Леди Гагаг Улаанбаатарт “чирээд” ирэх мөрөөдөл нь чээжинд нь багтаад байгаа шинжтэй шүү.
Түүний мөрөөдөлд бас дэлхийгээр нэг тэнэж мөнгө олохыг хүсэгчдийн шуналыг бадраадаг Хятадын үй түмэн мөнгөтэй жуулчдыг Улаанбаатар руу татах ч санаа байгаа. “Хөх Монгол”-ынхон л хамаг үсийг нь тайраад зулгаачихгүй бол биелчихмээр ч юм шиг байна лээ.
Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг. Гэхдээ ер нь уул, усаа там болгож, алт ухаж өөрсдөө хордож, дотроо алалцаж байхаар үйлчилгээгээ хөнгөхөөн хөгжүүлчихвэл болохгүй ч санаа биш.
Түм буман хүнтэй Хятадтай үйлдвэрлэлээр өрсөлдөнө гэж ”солиорч”, италичуудынхыг бут цохих гутал, францчуудынхыг гүйцэх сүрчиг, бүр наад зах нь л Хятадыг гүйцэх ноолууран цамц хийнэ гэж байхаар Тайланд шиг секси-тур л биш бол хэрэгжүүлж болмоор л мөрөөдөл.
Бат-Үүл баатар нүүрэндээ мишээл тодруулж, нүдээ хагас аниад Улаанбаатарт таван сая жуулчин чихэлдэж, Леди Гага өмнө нь дуулж бүжиж байгааг мөрөөдөж сууна.
Үс нь бууралтталаа үлгэрт итгэсээр байгаа гэж зарим нь түүнийг даапаалдаг. Гэхдээ би ч гэсэн түүнийг мөрөөдлийн үлгэрт итгэмээр л байна даг.
Үүлэн үст баатар мөрөөдлөө 2030 оноор зураглачихаад байхад бид ч гэсэн дагаад намирчихад яагаад болохгүй гэж...?
Ядахдаа муу санаагаар бол 2030 он хүртэл амьд байгаад амыг нь асууна аа, баатрынхаа
А.АНУ
Сэтгэгдэл (7)