Л.Эрдэнэчимэг хэмээх дайчин гишүүн архи тамхийг ихэд “жигшигч” гэдгээ нэгэнт тунхаглан зарлаж, имижээ болгоод байгаа.
Тамхины тухай хуулийн санаачлагч “өрлөг ээж” нь болсон тэрээр, эдүгээ Архины тухай хуулийг өлгийдөн авч буй.
Тамхичдыг журамлаж, олон нийтийн газар ил тамхи татахыг болиулж чадсан гэсэн магтаал сонссон эрхэм гишүүд сүүлдээ будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр гэртээ тамхи татагсдыг журамлахаар санаачлага өрнүүлж, олны нүдийг орой дээр нь гаргаж байна.
Түүний энэ санаачлагыг шооч нөхдүүд “Тэгвэл айл болгонд камер суурилуулаад, тамхи татсан этгээдийг дор бүр нь торго” гэж “явуулан” доргиож байна.
Тэрээр “Хотын төвийн хүүхдүүдээс илүү хотын захын хүүхдүүдэд агаарын бохирдол маш ихээр нөлөөлж байгаа. Захын хүүхдүүдэд зөвхөн гадны агаараас гадна гэр доторх агаарын нөхцөл маш их нөлөөлдөг. Гэр хорооллын нийт айлын 60 хувьд гэртээ тамхи татаж байна гэсэн судалгаа гарчээ” гэж хадуурч.
Дээрээс нь нэмээд “Тамхиныхаа утааг дотоод орчны түлшний утаанаас ялгаж салгаж чадахгүй байна. Тэгэхээр гэртээ тамхи татдаг асуудлыг ч бид ЭМЯ-тай хамтраад яаралтай шийдвэрлэх хэрэгтэй” хэмээн ярьж сэтгэц нь эрүүл үү гэж эргэлзэхэд хүрэв.
Гэр хорооллын агаарын бохирдол их нь үнэн. Гэтэл одоо бүр байчихаад гэр хорооллын агаарын бохирдол тамхичдаас үүдэлтэй гэсэн элий балай гэмээр онол гаргаж ирж байгаа юм байх даа.
А.АНУ
Сэтгэгдэл (4)