Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно
2013/07/09
Маргааш морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдорж тангараг өргөнө. Монголын төрт ёсны уламжлалыг хүндэтгэн төрийн тэргүүний тангараг өргөх ёслолыг шинэчилж, ард түмнээ хүндэтгэн нээлттэй явуулж, их жанжин Сүхбаатарын талбайд эзэн Чингис хааны хөшөөний өмнө зохион байгуулахаар УИХ-аас шийдвэрлэсэн юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулж, цэргийн ёслолын жагсаал явуулна.

Энэ өдрийн өглөө Ерөнхийлөгч Төрийн ордон дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж, адис авна. Төрийн ордон цогцолбор дахь Их эзэн Чингис хааны хөшөөний баруун гар талд Монгол Улсын төрийн далбааг байрлуулж, түүний дэргэд ам дөрвөлжин цагаан эсгий дэвсч, хоёр талд нь төрийн ёслолын хүндэт харуул зогсох юм.

Чингис хааны хөшөөний өмнө баруун гар талд тангараг өргөх Ерөнхийлөгч, ЕТГ-ын дарга нарт зориулсан ширээ, сандал, харин хөшөөний зүүн гар талд УИХ-ын дарга, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга нарт зориулсан ширээ, сандал, тэдгээрийн голд Ерөнхийлөгчийн тангараг өргөх индэр, хоёр талаар нь эрхэм гишүүд хивсэн дээрх сандал дээр суух ажээ. Индэр дээр Үндсэн хуулийн уг эх хувь, тангараг бичиг, гарын үсэг зурах үзэг, бэх тавьсан байна.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, УДШ-ийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Ерөнхий прокурор болон УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, зочид урилгаар оролцоно. Мөн гадаадын 50 гаруй зочин төлөөлөгч ирэх ажээ.

Ёслолын гол хэсэг нь Ерөнхийлөгч индэрт гарч, Үндсэн хуулийн уг эх хувь дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж тангарагт гарын үсэг зурна. Дараа нь УИХ-ын даргад тангараг бичгээ гардуулна. Үүний дараа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд төрийн далбааны дэргэд очиж, ам дөрвөлжин цагаан эсгий дээр зүүн өвдөг сөгдөн төрийн далбаанаас адис авна.

Энэхүү ёслолын ажиллагаатай хамт Монгол Улсын төрийн далбааны өдрийг давхар тэмдэглэх юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин