Олуулаа “цэнгэн хөгжилдлөө”
2013/06/27
Нийслэл хотын төв зүрх болсон их жанжны талбайд АН-ын гишүүд дэмжигчид баяраа тэмдэглэж төрийн тэргүүнээ угтан авлаа. 20-иод жилийн тэртээх “Хонхны дуу” эгшиглэж “олуулаа” онцгойрсон АН-ынхан нүдэндээ нулимстай, сэтгэл зүрхэндээ баяр хөөр бас догдлол дүүрэн байсан юм. Ардчилсан Ерөнхийлөгчөө улираан сонгосон ард түмний баярыг ая дуугаараа мялааж Монголын рок попын гурван оргил “Хурд”, “Никитон”, “Харанга”-ынхан сэтгэлд хоногшин үлдсэн тэр л сайхан дуунуудаараа бэлэг барьсан нь олон Ардчилагчдын цөсийг хөөргөөд авна лээ. Үнэхээр ч ирэх дөрвөн жил төрийн эрхийг барих итгэлийн жолоогоо атгуулсан өвгөд хөгшдөөс эхлээд идэр залуус бүгд уухай хашгиран улам их эрч хүчийг Эби Ерөнхийлөгчид илгээж байсан нь бахдал омогшил дүүрэн харагдсан юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, Хотын мээр Э.Бат-Үүл, АН-ын генсек хатагтай Ц.Оюундарь тэргүүтэй намын болоод журмын нөхөд нь “Ард түмэндээ баярлалаа” арга хэмжээнд саатаж өөрсдийн сэтгэгдэлээ хуваалцаж, олуулаа ялсан омог бахдалаа харуулж байлаа. Харин Монгол Улсын төрийн тэргүүнээр хоёр дахь удаагаа улиран сонгогдсон Ц.Элбэгдорж “Ард түмэндээ баярлалаа. Аав ээж минь болсон  ард түмэн, их өвөг дээдэс нартаа баярлалаа. Өнөөдөр 2.8 сая Чингис Монголын талд сэрж байна. Би та бүхний төлөө, Монгол Улсынхаа төлөө өсгөсөн хүү шиг үнэнчээр зүтгэнэ. Хууль шударга ёсыг тогтоохын төлөө, хөгжил дэвшлийг улам эрчимжүүлэхийн төлөө, их бүтээн байгуулалтын төлөө зүтгэх болно. Энэ удаагийн сонгууль дэлхийн нүдийг нээж, чихийг  дэлдийлгэсэн сайхан сонгууль боллоо. Ардчиллын буянаар алдартай аварга Б.Бат-Эрдэнэ нэр дэвшсэн. Мөн анх удаа эмэгтэй хүн нэр энэ удаагийн сонгуульд өрсөлдсөн  нь ардчилал, ард түмний буян. Би тэдэнтэй хамтран ажиллана. Намайг дэмжсэн, өрсөлдөгчийг маань дэмжсэн ард түмний итгэлийг даахын төлөө шургуу ажиллана. Монгол Улсын нэр хүндийг олон улсад сайнаар авч явахын төлөө зүтгэнэ. Монгол түмний минь буян заяа, сүлд хийморь нь өөдрөг байх болтугай. Миний монгол мандтугай. Монгол Улсын төлөө зүтгэе. Ард түмэн та бүхэндээ баярлалаа.” хэмээн индэр дээрээс иргэддээ хандан хэлсэн юм.
Ингээд ирэх дөрвөн жил Монгол улсын хувь заяаг атгах Ардчилсан Ерөнхийлөгчөөр ахлуулсан хамт олны үг нь үнэн байж, үйлс заяа нь гэгээн байхын ерөөл өргөж “Ард түмэндээ баярлалаа” арга хэмжээний фото сурвалжлагыг хүргэе. Эх оронд минь энх цаг улам батжих болтугай.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин