
СЕХ-ноос сонгуулийн урьдчилсан дүнгийн талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд нийт 1896 хэсгийн хорооноос 17 хэсгийн хорооны дүн мэдээ ирээгүй байгаа ажээ. Эдгээрээс Баян-Өлгий аймагт 10, Дорнод, Өвөрхангай, Увс аймагт тус тус хоёр, Дорноговь аймагт нэг хэсгийн хороо мэдээллээ ирүүлээгүй байгаа юм байна.
СЕХ-ны төв серверт зургадугаар сарын 27-ны 02 цаг 53 минут 22 секундэд нэгтгэгдсэн мэдээгээр сонгуулийн 1879 хэсгийн хороонд 1,234,692 сонгогч саналаа өгчээ. Үүнээс АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид 620,123 сонгогч саналаа өгсөн бол МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 512,209, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд 80,398 сонгогч итгэл хүлээлгэж, саналаа өгсөн байна.
Сонгуулийн дүн мэдээгээ ирүүлээгүй 17 хэсгийн хорооны тухайд алслагдсан, үүрэн телефоны сүлжээгүй газарт байрлаж буй тул 300 км хүртэл хол зам туулж, мэдээллээ төв серверт дамжуулах ёстой болж буй аж. Тиймээс бороо, үерийн улмаас зам бартаатай байгаа тул ийнхүү саатаж байгаа гэдгийг СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн хэллээ.
СЕХ-ноос хэсгийн хороодын мэдээллийг нэгтгэж, аймаг, дүүргийн сонгуулийн хороодын нэгдсэн мэдээллийг авсны дараагаар сонгуулийн албан ёсны дүнг гаргах юм. Тиймээс СЕХ-ноос зургадугаар сарын 27-ны 09.00 цагт мэдээлэл хийхээр боллоо.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна